Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр өнгөрөгч зургадугаар сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
ТӨРӨЛТ: 2019 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 38084 эх амаржиж, 38361 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, хүүхэд 50-иар тус тус өсжээ. Нас баралт 8523 болж, өмнөх оны мөн үеэс 7-гоор нэмэгджээ. Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт 11.7, нас баралт 2.6, ердийн цэвэр өсөлт 9.1 байна.
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ: Манай улсад 2019 оны хоёрдугаар улирлын эцэст гадаадын 95 улсын 9.7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 3 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 90 хүнээр өсжээ. Харин өмнөх улирлаас 4 орноор, ажил эрхэлж буй гадаадын иргэд 4. мянган хүнээр өсжээ. Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 8.9 мянга нь эрэгтэй, 0.8 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 67.1 хувь нь БНХАУ-ын, 5.4 хувь нь Австрали улсын харьяат байна.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГО: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны эхний хагас жилд 136 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 (9.7%)-aaр өссөн байна. Эдгээр тохиолдлын 124 нь үйлдвэрлэлийн осол, 12 нь хурц хордлого байна.
Нийт осолдогчдын 39 (28.7%) нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан шалтгааныг авч үзэхэд голчлон унасан, бүдэрсэн, халтирсан болон xортой бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртсөн байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас нийт осолдогчдын 54 нь хөнгөн хэлбэрээр, 64 нь хүнд хэлбэрээр гэмтэж, 18 хүн нас нарсан байна. Осолдогчдыг насны бүлгээр авч үзвэл, 31.6 хувийг 25-34 насны, 21.3 хувийг 45-59 насны, 28.7 хувийг 35-44 насны хүмүүс эзэлж байна.
Нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 22.1 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 11.0 хувь нь усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарт гарсан байна. Мөн нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, 42.6 хувь нь энгийн ажил мэргэжилтэй, 17.0 хувь нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 12.5 хувь нь мэргэжилтэн, 11.8 хувь нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 11.0 хувь нь бусад мэргэжилтэй, 5.1 хувь нь техникч болон туслах, дэд мэргэжилтэн байна.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ: Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 17.7 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2376 (11.9%)-гаар буурчээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний хагас жилд 102.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 26.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 1.3 тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 10.7 (70.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний хагас жилд 17.2 мянга болж, 951 нь 18 хүртэлх насны хүүхэд, 7.5 мянга нь эмэгтэйчүүд байна.
СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН ХЭРЭГ: 2019 оны эхний хагас жилд 1887 болж, өмнөх оны мөн үеэс 402, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1530 болж, 109 бүлэглэн үйлдсэн хэрэг 936 болж, 33-аар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 607 болж, 22-оор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 110 болж, 18 хүүхэд оролцсон хэрэг 444 болж, 12-оор тус тус өсжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний хагас жилд 200 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 (37.0%)-өөр өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний хагас жилд 901 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 425 (89.3%)-аар өссөн байна.
Улсын хэмжээнд, 2019 оны эхний хагас жилд 54.7 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 6.9 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 11.8 (27.4%) мянгаар, баривчлагдсан хүн 1.6 (30.4%) мянгаар өсжээ.
ГАДААДЫН ЗОРЧИГЧИД: Манай улсын хилээр 2019 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 55.5 мянгаар өсжээ. Улсын хилээр орсон зорчигчдын 39.5 хувь нь Замын-Yүд, 18.2 хувь нь Буянт-Ухаа, 12.4 хувь нь Гашуун сухайт, 11.1 хувь нь Алтанбулаг, 6.2 хувь нь Шивээхүрэн, 12.6 хувь нь бусад боомтоор орсон байна.
Улсын хилээр 2019 оны эхний хагас жилд гадаадын 247.3 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 9.2 мянгаар өсжээ. Тэдний 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90, түүнээс дээш хоног, 2.0 хувь нь 30-90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн байна. Гадаадын зорчигчдын 217.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор хилээр орсон нь өмнөх оны мөн үеэс 14.8 мянгаар өссөн байна. Хилээр орсон гадаадын зорчигчдын 29.9 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор иржээ. Улсын хилээр 2019 оны эхний хагас жилд орсон гадаадын зорчигчдын 60.8 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 32.9 хувь нь Европоос, 4.6 хувь нь Америк тивээс, 1.7 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 36.4 хувийг БНХАУ-ын иргэд, 24.3 хувийг ОХУ-ын иргэд, 12.1 хувийг БНСУ-ын иргэд, 3.7 хувийг Япон Улсын иргэд, 3.4 хувийг АНУ-ын иргэд, 2.4 хувийг Казахстан Улсын иргэд, 17.7 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.
ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ: Улаанбаатар хотод 2019 оны зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 болсон байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 21.4 тэрбум төгрөг болжээ. Харин зургадугаар сард 2.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 582.5 сая төгрөг (18.2%)-өөр буурсан байна. 2019 оны эхний хагас жилд 9.2 тэрбум төгрөгийн зүрх судасны эм борлуулагдсан нь нийт борлуулалтын 44.5 хувийг эзэлж байна.
Г.Алимаа