Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 8.3 хувьд хүрсэн байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард инфляц долоон хувьтай гарсан нь Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогын үр дүн хэмээн тайлбарлаж байна.
Ингээд Монголбанкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн ажлын үр дүнг танилцууллаа. Монголбанкны Судалгаа, статистикийн хэлтсийн дарга Б.Батдаваа “Мөнгөний нийлүүлэлт дөрөвдүгээр сард 19.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22.6 хувь, өмнөс сараас 1.1 хувь буюу 210 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Төгрөгийн хадгаламжийн хувьд өмнөх сараас 1.5 хувиар буюу 169.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн нийт зээлийн 83.4 хувийг хэвийн зээл, 5.6 хувь нь хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээл 11.1 хувийг эзэлж байна.
Хугацаа хэтэрсэн зээл 13 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол чанаргүй зээл өнгөрсөн сараас 84.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Ипотекийн зээлийн үлдэгдэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 4.4 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91136 байна. Өнгөрсөн сарын байдлаар арилжааны банкууд нийт 923 зээлдэгчид 66.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Үүний 45.2 хувийг хөтөлбөрийн зээл, 55.8 хувийн арилжааны банкуудын өөрсдийн эх үүсвэргээс гарагсан санхүүжилт эзэлж байна. Нийт ипотекийн зээлийн 4.4 тэрбум төгрөгийн үлдэгдлийг санхүүжилтийн эх үүсвэрээр нь задалбал, 74.3 хувийг хөтөлбөрийн зээл, 23.6 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрийн зээл, 2.1 бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.
Энэ оны дөрөвдүгээр сард хадгаламжийн байгууллагын шинээр татсан хадгаламжийн дундаж хүү төгрөгийн хувьд 11.1 хувьтай тэнцүү байгаа бол валютын хувьд 4.4 хувьтай тэнцүү байна. Үүнд иргэдээс татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11.5, байгууллагуудаас татсан хадгаламжийн хүү 10.3 хувьтай тэнцүү байна. Өнгөрсөн сард банкуудын шинээр олгосон зээлийн дундаж хүү төгрөгийн хувьд 17.5 хувьтай, валютын хувьд 9.5 хувьтай тэнцүү байна. Нийт хадгаламжийн үлдэгдэлд тооцсон дундаж хүү төгрөгийн хувь 11.8 хувь, валютын хувьд 4.9 хувьтай тэнцүү байна.
Төлбөрийн тэнцлийн статистик энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 219 сая ам.долларын ашигтай гарсан. Тэнцэл эерэг гарахад урсгал зардлын алдагдал буурсан болон санхүүгийн дансны ашиг 239 сая ам. доллараар нэмэгдсэн нь нөлөөллөө. Харин урсгал дансны тэнцэл нөлөөлөхөд сайжирсан зүйл нь гадаад худалдаа, ялангуяа экспортын худалдаа нэмэгдсэнтэй холбоотой.
Мөн Монгол Улсын гадаад өр нэгдүгээр улирлын байдлаар 29.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Энэ нь өмнөх улирлаас 800 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Гадаад өр 800 сая ам.доллараар нэмэгдэхэд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь нийт хувьцаат компанийн олон улсын зах зээл дээр арилжаалсан 300 сая ам.долларын бондын эх үүсвэр орж ирсэн. Түүнчлэн банкууд 160 сая ам. долларын эх үүсвэр татсан нь нөлөөлөв. Үүнийг салбараар нь ангилж үзвэл Засгийн газрын өр 7.3 тэрбум ам.доллар, Төв банкны хоёр тэрбум ам.доллар, арилжааны банкуудын 2.4 тэрбум ам. доллар, гадаадын шууд хөрөнгө оруулалдтын зээлтэй адилтгах өрийн хэмжээ 9.4 тэрбум ам.доллар, бусад салбарын өр 8.4 тэрбум ам.доллартай тус тус тэнцэж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)