Уян нинжин сэтгэл яруу эгшиглэнгээс үүдэлтэй юм гэнэ лээ. Тийм дээ ч Хан хуурчдын удам хаан сэнтийд заларч, Хамаг олныг мэдэн захирдаг асан Энхжингийн үе он удаан жил оршин тогтносон юм... хэмээн Говийн домог эхэлнэ.
Хүмүүний зүрх сэтгэл, орчлонг зөөллөдөг аялгуу эгшгийн домог говь нутгаас эхтэй. Зүрх сэтгэлийг татах далдын хүчийг өөртөө шингээсэн говь нутагт дэлгэцийн шинэ уран бүтээл мэндэлж байгаа нь “Говийн домог” уран сайхны кино юм. Говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийг ахуй заншилтай нь холбож, аялгуу эгшгийн тухай домгийн кино өчигдөр нээлтээ хийж, үзэгч түмэндээ хүрэхэд бэлэн боллоо.
“Говийн домог” киноны уран бүтээлчид ямар ч кино групп очиж байгаагүй, өмнө зураг авч байгаагүй газарт зураг авалтаа хийх том зорилго тавьж, жилийн дөрвөн улирлын зураг авалтыг Өмнийн цэнхэр говьд хийжээ. Тухайлбал, алдарт Хэрмэн цав, Баянзаг, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг байгалийн үзэсгэлэнгээрээ дэлхийд гайхагдсан газруудыг анх удаа кино хальснаа буулгажээ.
Говь нутагт зураг авна гэдэг том шалгуур байдаг. Уран бүтээлчид 40 хэмийн халуун, хүйтэнд киногоо бүтээсэн аж. Зураачдын баг л гэхэд 30 орчим уран бүтээлчид зүтгэж, үлгэр домгийн хаант улс, орд харш, хот хүрээг барьж байгуулсан байна. Мөн өмнө нь хийж байгаагүй, өвөрмөц шийдэл бүхий компьютер графикийн ажлуудыг хийжээ.
“Говийн домог” киноны нээлтийн арга хэмжээ эхлэхэд киноны ерөнхий продюсер Л.Балхжав, Тува улсын Ардын жүжигчин Эдуард Ондар, МУАЖ П.Цэрэндагва нар үзэгчдийн халуун алга ташилт дор орж ирлээ. Үүний дараа улаан хивсэн дээгүүр улаан даашинз намируулан орж ирсэн бүсгүй бол Эгээрэл гүнж буюу Б.Замилан байлаа. Тэрээр Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр ангиа дөнгөж төгсөөд л “Говийн домог” киноны жүжигчний шалгаруулалт тэр дундаа гол дүр дүрд тоглохоор шалгарсан байна.
Зүүдэн хээтэй орчлонгийн
Зүүсгэл гоёл шиг сэтгэл минь
Зүмбэр цээжинд сийлбэртэй
Зүрхний амраг аа
Саран дэнлүүтэй тэнгэрийн доор санаж хүлээнэ ээ ... хэмээн киноныхоо дууг дуулж, эрэмгий, зоригтой гүнжийн дүрийг чадварлаг гаргаж чадсан Б.Замилан болоод зарим уран бүтээлчдийн баярын сэтгэгдлийг хуваалцсан юм.
-Жүжигчин Б.Замилан: “Говийн домог кино нь миний хамгийн анхны уран бүтээл болж байна. Миний тоглосон дүр нь морин харваач буюу морь унасан гарамгай гүнжийн дүр байсан. Би хотод төрж, өссөн болохоор морь унаж, нум сум харваж чаддаггүй байсан. Бараг морин дээр мордож үзээгүй байхад зураг авалтдаа гарч байсан. Надад суралцах хугацаа маш хомс байсан учраас зураг авалт эхэлснээс хойш, зураг авалт явж байх хугацаанд морь унах, нум сум харвахдаа бэлдэж байсан юм. Манай кино багт 500 гаруй хүн ажиллаж байсан учраас тэдний итгэлийг алдахгүйн тулд хичээсэн.
Би их сургуулийнхаа нэгдүгээр ангиа төгссөн, ямар ч туршлагагүй байсан учраас “Говийн домог” киноны жүжигчний дүрд тэнцэнэ гэдэг найдлага маш хол байсан. Ер нь өөрийгөө сориод үзье гэж бодож, сонгон шалгаруулалт оролцох зорилгоор шалгаруулалтад очсон. Харин шалгаруулалтад тэнцсэнийхээ дараа гол дүр гэдгээ мэдсэн. Тэгээд түүхэн киноноос гадна бүрэн хэмжээний уран сайхны кино гэдгийг сонсоод маш их уйлсан. Надад ийм их итгэл хүлээлгэж, том киноны гол дүрийг бүтээлгэсэн UBS телевизийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Иглэр хааны дүрд тоглосон Эдуард Ондар: Говийн домог кино маань өөрийн гэсэн амьдралаар амьдрах болно. Говийн домог кино ямар болсныг үзэгчид та бүхэн үнэлж, дүгнэх байх. “Говийн домог” кинонд би өөрийн зүрх сэтгэлээ өгч тоглосон. Кинонд морин хуурчийн удмыг залгах нуган үр төрсөн шиг манай гэр бүл киноны үер хүүтэй болсон. Би хүүдээ “Говь” гэдэг нэр хайрласан байгаа. Эрдэнийн шар үстэй хүүхэд гарсан. Би говьд их хайртай.
Киноны оргил хэсэгт ...Салхи исгэрч уулс хүнгэнээд, гол ус хариглан гогцоорч, навч намиа сэржгэнэн уянгалахыг бас жавартай шөнө тэнгэрийн одод жингэнэлдэхийг, Гангын халуунд нарны алтан илтэс газарт шаргин буухыг зүрх сэтгэлээрээ мэдрэн баясахын тулд чи амьд явах ёстой...хэмээн өгүүлэх нь үзэгчдийн анхаарлыг ихээр татна.
Уг хэсгийн дараа Эгээрэл гүнж яруу эгшиглэнг сонсоод зүрх сэтгэл нь баясч, тайвширч, сэтгэлдээ бүжиж байхыг хараад яруу эгшиглэнгийн сайхан нь энэ л байх хэмээн бодогдож, даган бүжмээр, дүүлэн нисмээр санагдаж, сэтгэл маш их хөөрч байсан.
-Ерөнхий найруулагч Ц.Даваажаргал: Миний хувьд UBS телевизэд 2005 оноос хойш найруулагчаар ажиллах болсон. Манай ерөнхий захирлын баримталдаг нэг зарчим байдаг. Энэ нь UBS телевизэд ажиллаж байгаа бүх найруулагч нараараа кино хийлгэх зарчим юм. “Говийн домог” киног хийх үед миний ээлж ирсэн. Анх киноны найруулагчаар ажиллах саналыг хүлээж аваад баярласан ч нөгөө талаараа маш их сүрдэж байсан. Хоёр жил гаруй хугацаанд 500 гаруй хүний хүч, хөдөлмөрөөр “Говийн домог” кино маань бэлэн болж байна. “Говийн домог” кинонд говийн үзэсгэлэнт байгалийг морин хуураар амилуулж буй зураглал бий. Монгол залуучууд түүхээ мэддэг, ойлгодог байгаасай гэдгийг ойлгуулахыг зорьсон.
-Ерөнхий зураач Т.Нямсүрэн: Хоёр жилийн хугацаанд маш олон газраар явж зураг авч байсан. Үүрээр босоод зургаа зурна. Манай кино нь домог, туульсын агуулгатай учраас зураач нар өөрсдийнхөөрөө байж, ямар нэг зүйлд баригдалгүй ажиллахад урамтай байсан. Монголчууд бид ямар сайхан байгальтай, сайхан амьдрах боломжтой эх оронд амьдарч байгаагаа болон монгол хүмүүс ямар сайхан сэтгэлтэй, уужим ард түмэн болохыг илүү их мэдэрсэн. Бахархсан. Бид хийе, бүтээе гэвэл бүх боломж нь эх оронд минь байна.
UBS телевиз энэхүү уран бүтээлээ олон улсын өндөр зэрэглэлийн кино наадмуудад оролцохоор бэлтгэж байгаа юм байна.