Оросын сонгуулийн онцлогуудын тухай
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ид сонирхолтой үедээ ирээд байна. Хачирхалтай нь гол хүн нь нэр дэвшээгүй мэт хөшигний ард суусаар. Нэр дэвшигчдийн анхны халз мэтгэлцээн өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт болоход В.Путин оролцсонгүй. Ер нь ч ингэж олон нийтийн өмнө гарахгүй, ажлаа хийнгээ сонгуультай золгох бололтой. Ингэж тайван загнах бодитой шалтгаан байж ч мэднэ. Учир нь, бусад долоон нэр дэвшигчийн тухайд “Жинхэнэ”, “Хуурамч” гэсэн яриа гарсан. Эрх баригчдын зүгээс нэр дэвшсэн хүмүүст тал зассан тодорхой баримт ч бий. Гэхдээ энэ талаар арай хойхно өгүүлнэ гэж амлаад сонгуулийн онцлогууд гэсэн сэдвийг эхлээд сөхье.
В.Путин бие даав
Ерөнхийлөгч В.Путин “Нэгдмэл Орос” намаа орхин бие дааж өрсөлдөж буй нь яах аргагүй энэ удаагийн сонгуулийн гол онцлог. Өөртөө найдахаар шийдсэнийх нь учрыг мэргэжилтнүүд “Бүх дэмжигчдээсээ санал цуглуулахын тулд” хэмээн тайлбарлаж байгаа юм. Бие даан нэр дэвшсэнээр өөрийгөө зөвхөн нэг намаар хайрцаглагдахаас сэргийлж, эсрэгээрээ дэмждэг хүмүүсийнхээ саналыг хураах боломжтой гэсэн энэ гаргалгааг батлах бодит үзүүлэлт ч бий. Судалгааны байгууллагын прогнозоор В.Путины нэр хүнд өнгөрсөн сард олон нийтийн дунд 75 хувьтай гэсэн дүгнэлт гарчээ. Харин “Нэгдмэл Орос” намыг иргэдийн 50 хүрэхтэй үгүйтэй хувь нь л дэмжиж байгаа аж. Эдийн засаг доройтохын хэрээр эрх баригч “Нэгдмэл Орос” намын нэр хүнд буурч буй нь бодит байдал. Амьжиргаа алсуураа доройтож байгаа нь барууны орнуудтай холбоотой гэдгийг масс ойлгохгүй. Эрх баригчдыг л буруутгаж, сольж санаа амардаг нь бичигдээгүй хууль. Дээрээс нь, намын нэрээр томилогдсон өндөр албан тушаалтнууд нь авлигад автагдсан нь намаас зай барих болсон бас нэг шалтгаан. В.Путин шуурхай арга хэмжээ авч 10 гаруй мужийн амбан захирагчийг огцруулсан ч энэ байдал сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь гарцаагүй.
Ийм эгзэгтэй үед В.Путин шиг хүчирхэг бие хүн уруудаж яваа намаас нэр дэвших нь живж яваа хөлөг онгоцонд суухтай ижил гэдэг нь үнэн ч байж мэднэ. Ямартай ч В.Путин өөрийнхөө өнцгөөс харж сонголтоо хийж, иргэдийн дэмжлэг дээр хийх тоглолтоо эхлээд байна.
Коммунистууд нам бус хүнийг нэр дэвшүүллээ
Өнгөрсөн зуны сонгуулиар Монголд өрнөсөн үйл явц ОХУ-д энэ жил давтагдаж, улс төрийн ууган хүчин Оросын Коммунист нам Павел Грудинин хэмээх насаараа хөдөө аж ахуйн салбарт ажилласан, нам бус хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв.
Өнгөрсөн сонгуулиудаар В.Путинд хамгийн бодитой эсэргүүцэл үзүүлсэн Геннадий Зюганов Коммунист намаасаа нэр дэвших гэтэл хэвлэлүүд Латвид хувийн харштай гэх мэт хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй баримтуудыг нь дэлгэн тавьсан тул татгалзаж, нам дотроо сунгаа хийхээр болсноор П.Грудининд боломж олджээ. Г.Зюганов түүнийг дэмжсээр сунгаанд ялууж, өөрөө сонгуулийнх нь менежерээр ажиллаж байгаа юм. Намтраас нь харвал, Павел Грудинины замнал ямар ч өө сэвгүй. Уншсан хүн бүрт хөдөлмөрч, тууштай, үнэнч хүн юм гэсэн бодлыг төрүүлнэ. 1982 онд Москвагийн их сургуулийн Хөдөө аж ахуйн сургуулийг хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр төгсөөд тэр жилээ Лениний нэрэмжит хамтралд ажилд орж, одоо болтол ажиллаж буй. Албан тушаал нь шат шатаар дэвшсээр 1995 оноос захирал болжээ. Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолтой, хамтрал байрладаг Видное хотдоо нэр хүндтэй, хотынхоо хурлын депутат ийм л хүн аж. “Нэгдмэл Орос”-ыг байгуулсан гурван улс төрийн хүчний нэг болох “Нэгдэл” намд 1999 онд элсч, 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путины итгэлт хүний хувиар ажиллаж явжээ. Гэсэн ч найман жилийн өмнө “Нэгдмэл Орос” намаас гарсан аж. Намаас гарсныхаа дараа Сонгуулийн комисс нэр дэвших өргөдлийг нь хүлээж авахаас үндэслэлгүйгээр татгалзах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайралт хийх болсон тул хууль шүүх гэж явсаар эрх баригчдад итгэл алдарчээ. Энэ сонгуулийн содон дүр, В.Путиныг унагаж болзошгүй гол өрсөлдөгч нь чухам энэ хүн гэдэг нь ойлгомжтой болжээ.
Нэр дэвшигчид үү, “Жүжигчид” үү
Энэ удаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд найман хүн өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн дунд В.Путин, В.Жириновский нарын эртний өрсөлдөгчдөөс гадна анхны эмэгтэй нэр дэвшигч Ксения Собчак гэх бас нэгэн онцгой дүр байгаа нь энэ сонгуулийн онцлог. Гэхдээ дээр дурдсанчлан, дотроо жинхэнэ, хуурамч гэж байгаа бололтой. Урьдны сонгуулиудад 4-5 хүн өрсөлддөг байтал энэ удаа хоёр дахин нэмэгдсэн нь ийм хар төрүүлжээ. Төр засгийн зүгээс зарим нэг нэр дэвшигчдэд өгөөмөр хандсан баримт ч байна.
Тухайлбал, Ерөнхий сайд Д.Медведев Оросын Шинжлэх ухааны академийн эзэмшилд байгаа Лениний өргөн чөлөөнд орших 14 давхар барилгыг Дэлхийн соёл иргэншлийн дээд сургуульд шилжүүлэх баримт бичгийг бүрдүүлэх үүргийг холбогдох байгууллагад өгсөн тухай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард цацагдсан. Дэлхийн соёл иргэншлийн дээд сургууль нь 1999 он байгуулагдсан, 3500-4000 оюутан суралцуулдаг бөгөөд Оросын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновскийн хувийн сургууль юм.
Хэвлэлүүд энэ мэдээллийг “Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж В.Жириновскийд өгсөн Кремлийн бэлэг” хэмээн бичиж байв.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй болох сэтгүүлч Ксения Собчак ч “Хуурамч” өрсөлдөгч байх магадлалтай хүмүүсийн тэргүүн эгнээнд бичигджээ. Учир нь түүний өнөөдрийг хүртэл хийсэн үйлдэл нь В.Путины нэр хүндийг өсгөхөд чиглэгдсэн гэж олон нийт хардаж байгаа аж. Тухайлбал, тэрээр В.Путиныг “Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа дараалан сонгогдсон учир энэ сонгуульд өрсөлдөх эрхгүй” гэсэн Гомдлыг Сонгуулийн төв Комисст гаргасан. Комисс өнгөрсөн долоо хоногт “Хууль зааснаар Ерөнхийлөгчийн албанд хоёр удаа дараалан сонгогдох эрхтэй. В.Путин 2000, 2004 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажилласан учир энэ удаа нэр дэвших эрхтэй” гэсэн хариуг “Гомдлыг маш гайхаж байна” гэсэн тайлбартайгаар өгсөн. К.Собчакийн зэргийн сэтгүүлч энэ учрыг мэдэхгүй байна гэж үгүй гэж үзэх хүмүүсийг буруутгах аргагүй юм.
Ер нь бол В.Путин хэдий бие дааж дэвшсэн ч “Нэгдмэл Орос” намаас өөр хүн нэр дэвшүүлээгүй тул түүнд намынх нь дэмжлэг бий. Сөрөг хүчний зарим улстөрчдийн ярьж байгаагаар бол В.Путин 70 хувийн санал авахын тулд төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн хүрээтэйгээр ашиглаж, юу ч хийхээс буцахгүй дээрээ тулсан гэдэг нь үнэний хувьтай бололтой.
Телевизийн мэтгэлцээн бол сонгуулийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг. Улс төрийн энэ соёлыг 1974 онд Францын Жискар д’Эстен, Франсуа Миттеран нар эхлүүлж, улмаар АНУ болон бусад улсад тархсан байдаг. Олон нийтийн дунд маш өндөр нэр хүндтэй ч халз мэтгэлцээнд муу байснаасаа болоод ялагдсан, нэр хүнд тааруу ч халз мэтгэлцээнд сайн байснаараа ялалт байгуулсан түүх олон бий. Францын Ардын фронт намын Марин Ле Пен байна. Евро бүсээс гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, еврог халан франкийг эргүүлж авчрах түүний санаа сонгогчдын анхаарлыг маш их татсан ч энэ асуудлаар нам дотроо хагаралтай байгаагаа халз мэтгэлцээний үеэр мэдэгдсэнээсээ болж ялагдсан. Францчуудад энэ явдал маш тодорхой дохио өгчихсөн байдаг. Нэр дэвшигчдийн цаг ашиглалт, олон нийтэд цацах цагийг товлох нь энд маш чухал.
Оросын олон нийтийн телевиз халз мэтгэлцээнийг 23.00 цагт эхлүүлээд, өглөөний 08.00 цагт “Россия 1” сувгаар давтсан. Дээр нэр дурдагдсан В.Жириновский, К.Собчак нар энэ үеэр шалтгаангүй хэрэлдэж, нэг рүүгээ ус цацан багагүй цаг хумсалж орхисон юм. Нэр дэвшигчид өмнө нь халз мэтгэлцээнийг оргил цаг буюу 20.00-22.00 цагт болгож өөрчлөх хүсэлт гаргасан ч телевизийн удирдлага хүлээж аваагүй аж. Үүнд уурссан П.Грудинин “Энэ бол мэтгэлцээн биш, хар зах болж байна. Телевизийн удирдлага нэр дэвшигчдийн хүсэлтээс татгалзсанаараа сонгуулийн ирцийг багасгах санаархал агуулж байна” гэж хэлээд мэтгэлцээнийг орхиж гарсан билээ. Түүний хүчээр ч гэх үү, энэ сарын 1-нд болсон хоёр дахь мэтгэлцээн 21.05 цагт эхэлсэн юм.
В.Путины илтгэл, болзошгүй дайны сүрдүүлэг
Гаднаа ил хэлж чадахгүй л байгаа болохоос биш, дэлхийн байдал тайван бус, болзошгүй дайны аюул хаалга тогшиж байгааг дээдэс, доодосгүй бүгд л ухаарч байгаа түгшүүрт цаг үед хүн төрөлхтөн амьдарч байна. Барууныхны шахалтад хэдэн жил болсон оросууд үүнийг бусдаас илүүтэй мэдэрч буй. Хүлээн зөвшөөрөгдсөн хүчирхэг удирдагч ийм үед чухал гэдгийг тэд мэднэ. В.Путин ч яг энэ цэгийг онилсон сурталчилгааг хийж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч жил бүрийн гуравдугаар сарын 1-нд Холбооны хуралд илтгэл тавьдаг уламжлалтай. Илтгэл тавихаас хэд хоногийн өмнө хэвлэлийн төлөөлөгч Д.Песков нь “Энэ жил сонгуулийн кампанитай нь давхацсан учраас Ерөнхийлөгч цаашдын бодлого, төлөвлөгөөнөөсөө оруулна” гэж мэдэгдсэн тул олон улсын анхааралд ч илүү өртсөнийг ч хэлэх үү, барууны хэвлэлүүд В.Путины илтгэлийг илүү ч үгүй, дутуу ч үгүй “Дайны тухай илтгэл” хэмээн тодорхойлж байгаа юм. Тэрээр нэг цаг 56 минут илтгэлийнхээ 42 минутыг нь батлан хамгаалах, цэрэг зэвсгийн сэдэвт зориулсан юм.
Товчхондоо, дайны аюул занал хаяанд ирчихээд байхад бид хэнтэй байвал илүү аюулгүй вэ гэдэг сонголтыг В.Путин ард иргэддээ тулгаж байна уу гэж харагдаж байгаа юм.
В.Путины илтгэлийг барууны хэвлэлд хэрхэн бичив
“ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг нэвтэлж чадах цөмийн зэвсэг бүтээсэн гэж өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдлээ. Барууны орнуудад хаягласан түүний энэ мэдэгдэл Москва, Вашингтоны хооронд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнийг эхлүүллээ. Тэрээр ОХУ дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн тоонд байх ёстой гэдгийг “Хүйтэн дайн”-ы үеийн өнгөөр зарлав.
“Тэрээр шинээр бүтээсэн зэвсгээ хэний ч эсрэг хэрэглэхгүй гэж итгүүлэхийг оролдсон ч түүний илтгэлээс “Хүйтэн дайн”-ы салхи үлээж байгаа нь илт мэдрэгдэж байлаа”
“В.Путин илтгэлдээ нэг ч улсын нэр дурдаагүй боловч АНУ-д хандсан гэдэг нь ойлгомжтой байлаа. тэрээр хоёр цагийн илтгэлээ оросуудын аж амьдралыг сайжруулах асуудлаар эхэлж, АНУ-д хандсан хатуу сануулгаар өндөрлөлөө”
Илтгэлийн эхний хагаст В.Путин эдийн засгийг сайжруулж, амьжиргааг дээшлүүлэх талаар олон сайхан зүйл ярьсан ч тэр мөнгийг хаанаас, хэрхэн олох талаар огт дурссангүй. Харин хоёрдугаар хэсэгт, цэрэг зэвсэглэлийн талаар ярихдаа илт сэргэснийг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй байлаа.