Балбад онгоцны ослоос амьд үлдсэн зорчигчид болон ослыг нүдээр харсан гэрчүүд осол болох үед юу харсан талаараа мэдүүлэг өгчээ. Хөлгийн багийн гишүүд, зорчигчид нийлээд 71 хүн зорчиж явсан зорчигч тээврийн нисэх онгоц даваа гаригт Балбын Катманду хотын Трибхуван нисэх буудалд газардах үедээ осолдсоны улмаас 49 хүн газар дээрээ амиа алдсан юм. Зорчигчдоос 22 хүн амьд үлдэж, есөн хүн эмнэлэгт очоод нас барсан байна.
Гэрчүүдийн хэлснээр маш чанга дэлбэрэх мэт чимээ гарч, онгоц жолоодлогоо алдан, дайвалзаж эхэлсэн аж. Энэ үед онгоцонд айж сандарсан зорчигчид орилж, хашгиралдаж байжээ. Ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа боловч урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй байгаа гэнэ. Онгоцны мэдээллийг хадгалдаг хар хайрцгийг онгоцны сэгэн дотроос олжээ.
Балбад сүүлийн жилүүдэд үүн шиг осол болж, олон хүний амь нас эрсэдсэн тохиолдол тун цөөхөн гэнэ. 1949 онд нисэх онгоц анх удаа газардсанаас хойш Гималайн энэ улсад нисэх онгоц болон нисдэг тэрэгний 70 гаруй осол гарчээ.
Тэдгээр ослуудын дийлэнх нь цаг агаарын таагүй үзэгдэл болон нисгэгчдийн ур чадвар муу, техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан юм.
Даваа гаригт Трибхуван нисэх буудалд осолдсон Бангладешийн агаарын тээврийн US-Bangla компанийн эзэмшдэг, 17 жилийн өмнө үйлдвэрлэсэн “Bombardier Dash 8 Q400” хэмээх турбо хөдөлгүүртэй онгоц байжээ.
Ослоос амьд үлдсэн зорчигчдын нэг онгоцонд гал гарсан хэмээн мэдүүлсэн байна. Гэвч тэрбээр өөрийгөө онгоцноос хэрхэн амьд үлдсэнээ санахгүй байгаа ажээ.
'Онгоц унасны дараа би онгоцноос гарахаар зүтгэсэн боловч онгоцонд гал гарч, гар, хөл дарагдсан учраас би хөдөлж чадаагүй” хэмээн амьд үлдсэн зорчигчдын нэг Кешав Пандей ярьсан байна.
'Би ослын гарцын хажуу талын сандал дээр сууж байсан болохоор амьд үлдсэн байх. Аврагчид ирж, ослын гарцыг нээхэд би ухаан алдсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна” гэжээ.
Аврагчид онгоцны ослын газраас хэд хэдэн хүнийг аварсан юм.
Ослоос амьд үлдсэн 29 настай багш Шэрин Ахмед 'Онгоцонд ямар нэгэн зүйл дэлбэрч, гадна талд гал гарч, бүхээгт утаа бүрхсэн. Аврагчид ирж гал унтраасны дараа биднийг аварсан” хэмээн ярьсан байна.
Эмнэлэгт эмчлүүлж буй нэгэн зорчигч “Хүчтэй дэлбэрэлтийн дараа онгоц огцом дайвалзаж эхэлсэн. Би цонхны хажууд сууж байсан болохоор гарч чадсан” гэжээ. Тэрбээр онгоц унахын өмнө онгоцны цонхоор үсэрч амжсан бөгөөд одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Онгоцны буудлын нислэгийн талбайд онгоц осолдох үед өөр онгоцонд сууж байсан нэгэн гэрч “Онгоц унасны дараа аврагчид, түргэний машин болон ачааны машинууд нислэгийн талбай руу цувж байсан. Энэ бүхэн нүдний өмнө болсон учраас маш аймшигтай байсан” хэмээн ярьжээ.
Осол юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа боловч агаарын тээврийн компани болсон явдалд нислэгийн диспетчирийг буруутгаж байгаа бол нисэх буудлын удирдлага онгоц буруу чиглэлээс газардсан нь ослын шалтгаан болсон гэж үзэж байгаа гэнэ.
АЮУЛТАЙ НИСЭХ БУУДАЛ
Бангладешийн агаарын нисэх хүчний чөлөөнд гарсан ахмад Икбал Хусейн “BBC”-д өгсөн ярилцлагадаа Катмандугийн нисэх буудалд газардах нь онгоцны нисэгчдийн хувьд том сорилт хэмээжээ. Учир нь онгоцны хөөрөх, буух талбайн чанх ард талд өндөр уулс байдагтай холбоотой гэнэ.
Онгоц газардахын өмнө буух талбай чөлөөтэй эсэхийг заавал шалгадаг учиртай. Нисгэгч өндөр уулсыг өнгөрөөд л хэдхэн минутын хугацаанд доошлох боломжгүй.
“Катмандугийн нисэх буудлын онгоц буух талбайн зүүн талд хэсэг хоосон газар байдаг боловч баруун талд нь эгц хавцлууд бий. Хэрэв онгоц буух зурвасаас өнгөрчихвөл эгц хавцал руу унах аюултай. Трибхуван бол дэлхийн хамгийн аюултай нисэх буудлын нэг” хэмээн Икбал Хуссейн ярьжээ.
Катмандугийн нисэх буудалд гарсан дээрх осол 1992 онд Пакистаны олон улсын нисэх буудалд 167 хүний амийг авч одсон онгоцны ослоос хойшх хамгийн олон хүн амиа алдсан осол болж байна.