Индонезийн Сангийн яамыг толгойлдог Шри Мульяни Индравати хэмээх бүсгүй дэлхийн төрийн удирдлагын хамгийн шилдэг төлөөлөгч болсон билээ.
Өнгөрсөн сард АНЭУ-ын Дубай хотноо болж өндөрлөсөн олон улсын дээд хэмжээний уулзалтаар түүнийг дэлхийн хамгийн шилдэг сайдаар тодруулсан юм.
АНЭУ-ын Ерөнхий сайд Мухаммед бен Рашид түүнд шагналын цомыг нь гардуулахдаа “Та ард түмэндээ хэрхэн үйлчлэх ёстойгийн жинхэнэ жишээ болж чадсан хүн” хэмээн онцлон тэмдэглэжээ. Индравати сайдыг авлигатай хэлбэрэлтгүй тэмцэгч, улс орондоо мэргэжлийн ил тод Засгийн газар байгуулсан гавьяатай нэгэн гэдэг.
Индравати 2016 онд л тус улсын Сангийн яамны тэргүүнээр томилогдсон ч энэ богино хугацаанд улс орондоо шинэчлэл явуулж, ядуу иргэдийнхээ тоог бууруулж чаджээ. Мөн амьжиргааны түвшнийг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл боломжийг нээн өгч, түүний тусламжтайгаар Индонез улс эдийн засгийн гайхалтай өсөлтийг харуулсан байна. Үүний үр дүнд Индонез улс өнгөрсөн жил Зүүн Өмнөд Азийн орнууд дотроо эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэгч болж чаджээ. Индравати “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн тоонд зүй ёсоор багтдаг.
Эмэгтэй хүний хатан ухаанаар улс орноо өөд нь татаж яваа энэ бүсгүйн талаарх баримтуудыг баярын өмнөх дугаартаа хүргэж байна.
Гэрэл гэгээт бурхан
Шри Мульяни Индравати хэмээх Индонезийн эдийн засагч, төрийн зүтгэлтэн бүсгүй 1962 оны наймдугаар сарын 26-нд Танжунг-Каранг хотод их сургуулийн багш нар болох профессор Сатмоко, түүний гэргий Ретно Сринингсихийн долоо дахь хүүхэд болон мэндэлжээ.
Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн удирдагч, Индонезийн Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд, Сангийн сайд, Эдийн засгийн асуудлаарх зохицуулагч сайд энэ бүсгүй явачуудын адил санскрит гаралтай нэртэй бөгөөд овоггүй ажээ. Түүний эхний нэр болох Шри гэдэг нь санскритаар “үүрийн гэгээ”, “гэрэл гэгээ” гэсэн утгатай. Харин Мульяни гэдэг нь “мулья” буюу “ач холбогдол өндөр”, “үнэт” гэсэн утгатай бол гурав дахь нэр Индравати нь “Индра” буюу индус шашны бурхны нэр юм байна.
Индравати 1986 онд Индонезийн их сургуулийг дүүргэж, 1992 онд Урбан-Шампейн дэх Иллинойсын их сургуульд магистр, докторын зэргээ хамгаалжээ. Ингээд 2001 онд Атлантад нүүж ирээд, эндээ АНУ-ын Олон улсын хөгжлийн Индонез дэх өөртөө засах бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Ажлынхаа хажуугаар тэрбээр Индонезийн эдийн засгийн асуудлаар лекц уншиж, Жоржийн их сургуульд Эндрю Янгийн нэрэмжит улс төрийн судалгааны сургуульд профессороор уригдан ажилладаг байв.
Харин 2002-2004 онд Олон улсын валютын сангийн зөвлөлд Зүүн Өмнөд Азийн 12 орны эдийн засгийг төлөөлсөн гүйцэтгэх захирал болжээ.
Санхүүгийн хямралыг даван гэтэлгэгч бүсгүй
Харин 2005 онд Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно түүнийг Сангийн сайдаар томилжээ. Тэрбээр энэ албанд ажиллах хугацаандаа Индонезийн эдийн засагт хэд хэдэн цогц өөрчлөлтийг хийсний үр дүнд эдийн засгийн томоохон өсөлт гаргаж, 2007-2008 оны санхүүгийн хямралыг даван туулж чадсан байна.
Түүний энэ албанд хийсэн хамгийн анхны алхам нь татварын болон гаалийн байгууллагуудад шинэчлэл хийж, эдгээр байгууллагын авлигатай өргөн хэмжээгээр тэмцэл өрнүүлжээ. Энэ шинэчлэл нь ч бүхэлдээ эерэг үр дүн авч ирсэн байна. Түүнчлэн тэрбээр улс орондоо шууд хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлснээр 2004 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.доллар байсан нь 2005 онд шууд 8.9 тэрбум ам.доллар болж өсчээ.
2006 онд “Euromoney” сэтгүүлээс түүнийг “Оны шилдэг Сангийн сайд”-аар тодруулсан байна.
2007 онд Индонез дэх эдийн засгийн өсөлт 6.6 хувьтай байсан нь Азийн санхүүгийн хямрал гарсан 1997 оноос хойших хамгийн сайн үзүүлэлт байлаа. Хэдийгээр тус улсын эдийн засаг дараа жил нь буюу 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр зургаан хувиар унасан ч гэлээ Индравати Сангийн сайдын албандаа тогтож үлджээ. Ингээд 2008 оны долоодугаар сард Будионогийн оронд Эдийн засгийн асуудал эрхэлсэн зохицуулагч сайдаар давхар томилогджээ.
2008 оны наймдугаар сард “Forbes” сэтгүүл түүнийг Индонезийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр нэрлэж, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад 23 дугаарт эрэмбэлсэн түүхтэй. Энэ хугацаанд тус улсын валютын нөөц түүхэн дээд түвшиндээ буюу 50 тэрбус ам.долларт хүрч, улсын өр нь ДНБ-ий 60 хувь байсан нь 30 хувь болж буурсан гэнэ. Үнэхээр эмэгтэй хүний хатан ухаанаар төр улсдаа нэмэр болсон улстөрч бүсгүй гэж түүнийг л хэлнэ.
Түүнчлэн Индраватигийн санаачилгээр төрийн албан хаагчдыг эдийн засгийн хувьд түлхэц өгөх системийг бий болгож, цалинг нь эрс нэмээд зогсохгүй авлигын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахаар болжээ. Ингэж л авлига авах сэдэлгүй болгожээ.
“Emerging Markets” сонин 2007, 2008 онуудад Шри Мульяни Индраватиг Азин шилдэг Сангийн сайдаар тодруулсан түүхтэй.
2009 онд Индонезийн Ерөнхийлөгчөөр Сусило Бамбанг Юдойоно дахин сонгогдоход Индравати түүний шинэ танхимын бүрэлдэхүүнд дахин багтжээ. Тухайн жилд Индонезийн эдийн засаг 4.5 хувиар өсч, Хятад, Энэтхэгтэй хамт жилийн өсөлт нь дөрвөн хувиас дээш хүрсэн улс орнуудын тоонд орсон байна. 2005-2010 он буюу таван жилийн хугацаанд Индонезид татвар төлөгчдийн тоо 4.35 саяас 16 орчим сая болтлоо өсөж, татвараас орж ирсэн мөнгө 2010 онд 600 их наяд индонез рупий болжээ.
Британийн “The Guardian” сонин 2013 оны арваннэгдүгээр сард Эдвард Сноуденээс авсан мэдээлэлдээ үндэслэн нэгэн нийтлэл гаргасан байдаг. Уг нийтлэлд Австралийн тагнуулын байгууллага 2009 онд Индонезийн Засгийн газрын гишүүд, тэр дундаа Шри Мульяни Индраватигийн гар утасны яриаг тагнаж, чагнаж байсан тухай өгүүлжээ. Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт ч түүний гар утсыг чагнаж байснаа хүлээсэн байдаг. Ингэхдээ тэрбээр тагнуулын гэхээсээ илүү судалгааны зорилгоор Индонезийн сайд нарын яриаг чагнаж байсан гэжээ.
“Индонезийн гарц, дэлхийн олз”
Шри Мульяни Индравати 2010 оны тавдугаар сард Хуан Хосе Дабоубагийн оронд Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн гурван удирдлагын нэгээр томилогджээ. Ийнхүү тэрбээр Латин Америк, Карибын сав газар, Зүүн Ази, Номхон далайн бүс, Ойрхи Дорнод, Хойд Африкийн 74 орны эдийн засгийг хариуцан ажилладаг “дэлхийн хүн” болжээ. Түүнийг Индонезийн Сангийн сайдынхаа албан тушаалыг өгөхөд хэвлэлүүдээр “Индонезийн хувьд гарз, дэлхийн хувьд олз боллоо” хэмээн тэмдэглэцгээж байлаа. Энэ үйл явдлаас болж Индонезийн сангийн зах зээл 3.8 хувиар буюу сүүлийн 17 сарын хугацаанд хамгийн том уналтыг амсчээ. Түүнчлэн рупийгийн ам.доллартай харьцах ханш бараг нэг хувиар унасан байна.
Зарим хэвлэлүүдэд Индраватиг улс төрийн дарамт дор, ялангуяа томоохон бизнес эрхлэгч, улстөрч, Голкар намын дарга Абуризал Бакригийн зүгээс ирсэн дарамт шахалтаас болж ажлаа өгсөн гэж байлаа. Бакригийн хувьд “Bakrie Group” компанид нь татвараас зугтсан хэргээр шалгалт оруулах санаачилгыг гаргасан, нүүрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс тэтгэм олгохоос татгалзсан зэрэгтэй нь холбогдуулан Индраватитай өстөн болжээ. Түүнчлэн Индраватиг Сидоаржогийн шавар галт ууланд болсон явдлыг байгалийн гамшиг гэж үзэхээс татгалзаж, түүний хариуцлагыг “Bakrie Group” үүрэх ёстой гэсэн нь дургүйг нь хүргэжээ.
Ингээд сайн сайдаа алдсан Индонезийн Ерөнхийлөгч 2010 оны тавдугаар сарын 20-нд тус улсын хамгийн том банк болох Мандири банкны тэргүүн Агуса Мартовардожог Сангийн сайдаар томилсон байна.
2014 онд “Forbes” сэтгүүлээс Шри Мульяни Индраватиг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад 38 дугаарт оруулжээ.
Сайдыг тойрсон дуулиан
Индраватиг Сангийн сайдын ажлаа өгөхөөс өмнөхөн Ардын төлөөлөгчдийн зөвлөлийн хэд хэдэн гишүүн, тэр дундаа Голкар намын гишүүд түүнийг 2008 онд “Bank Century” дампуурлаас аварч, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж буруутгажээ. Сайдыг хууль бусаар банкийг авч үлдэх ажиллагаа хийж, улсаас 6.7 их наяд рупий буюу 710 сая ам.долларын үр ашиггүй зарлага гаргасан гэсэн байна.
Харин Индравати банкийг авч үлдсэн үйлдлээ хуулийн дагуу байсан гээд, тухайн үед дэлхийн эдийн засаг хүнд байдалд байсныг ч онцолжээ.
Мөн 2004-2009, 2014 оноос хойш Индонезийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй Юсуф Калла ч Индраватиг эрс шүүмжилж, банкны сүйрэл үндэсний эдийн засагт асар том сөрөг нөлөө үзүүлсэн гэжээ. Тэрбээр “Bank Century-тэй холбоотой дуулиан нь хулгай юм. Харин “Bank Century”-г дэмждэг хүмүүс хулгайчийг дэмжиж байгаа үйлдэл юм” гэж мэдэгджээ.
Ингээд Ардын төлөөлөгчдийн зөвлөлөөс “Bank Century”-гийн хэргийг мөрдөн шалгах парламентын бүх фракцийн төлөөлөгчдөөс бүрдсэн комисс байгуулж, Индраватигийн банкийг аварч үлдэх гэсэн үйлдэл нь мөнгө угаасан болохыг гэрчилж, уг хэргийг цааш нь судлуулахаар цагдаа, Авлигатай тэмцэх комисст шилжүүлж байжээ.
Ийнхүү дуулиан, шуугианд холбогдож явсан тэрбээр жил гаруйхны өмнөөс буюу 2016 оноос Индонезийн Сангийн яамны тэргүүнээр дахин томилогдож, нэг жилийн дотор улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж, ядуурлыг эрс бууруулж чадсан байна. Шри Мульяни Индравати эдийн засагч Тони Сумартонотой гэрлэсэн бөгөөд гурван хүүхэдтэй юм байна.