Арванхоёрдугаар сар спортынхны хувьд их баяр хөөртэй, бахархам амжилттай эхэллээ гэж хэлж болно. Монголчуудыг тэр дундаа спортын хорхойтнуудыг бахдуулсан олон үйл явдал их спортын ертөнцөд өрнөлөө.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын XVI тэмцээн ОХУ-ын Чебоксар хотноо арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд болж, дэлхийн шилдэг найман баг оролцсон. Амжилтын тухайд дэлхийн цомын аваргын цомыг Японы баг тамирчид өргөсөн бол БНХАУ, Монголын баг мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм. Ийнхүү Монголын баг хүрэл медаль хүртсэнээр хоёр жилийн өмнөх амжилтаа давтсан хэрэг.
Үүнээс гадна Монголын спортын ертөнцөд анхдагч болсон нэгэн гайхам амжилтын эзэн бол яах аргагүй туйванч бүсгүй М.Анхцэцэг юм. АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохиогдсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд М. Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртэв. Тэрбээр эхний оролтоор 101 кг-ыг өргөсөн бөгөөд хоёр дахь оролтдоо 106 кг-ыг захиалсан боловч амжилтгүй болсон. Харин гурав дахь оролтдоо 107 кг-ыг амжилттай өргөж, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирлаа. Түүний жинд Испанийн тамирчин, олимпийн аварга Лидиа Валентин Перез түрүүлж, Колумбын Д.Неиси Патриси мөнгөн медаль зүүсэн байна. Алтан медалийн эзэн 118 кг-ыг өргөсөн бол, мөнгөн медальтан түүнээс 10 кг-аар бага, манай М.Анхцэцэгээс ердөө хоёр кг-ын илүүтэйг өргөсөн юм. Энэ өнцгөөс харах юм бол манай тамирчинд мөнгөн медаль ойрхон байжээ гэж дүгнэж болохоор. М.Анхцэцэгийн гаргасан энэ түүхэн амжилт тус спортын төрлийг олны анхаарлын төвд авчирч чадлаа. Ганцхан жишээ гэхэд л, Монголын Хүндийн өргөлтийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг тус холбооны баярын өдөр болгон тэмдэглэх болсон шийдвэрийг өчигдөр гаргасан юм. Холбооны түүх нь бичигдээд нэгэн жарныг үдэж, дараачийн жаран руу хөл тавьсан цаг үед ийн дэлхийд данстай болсноо тунхаглан зарласан болохоор баярын өдөр болгон зарлах нь зүйн хэрэг биз ээ.
Хорин насныхаа босгон дээр дэлхийд данслагдсан М.Анхцэцэгийн хувьд Риогийн олимпод 19 настай оролцож, шагналт наймдугаар байрт шалгарч байсан амжилттай тамирчин. Тэр ч утгаараа ирээдүйтэй тамирчин гэдэг нь нэгэнт нотлогдож, бөхөө дэмжихээр Бразилд очсон их аварга Асашёорюү Дагвадоржийн нүдэнд туссан байдаг. Өөрийн удирддаг холбооны үндсэн тамирчид болох чөлөөтийнхнөө зөнд нь орхиод ирсэн их аварга Д.Дагвадорж “Олимпод амжилттай оролцсон М.Анхцэцэг охиныг 2020 оны олимп хүртэл дэмжиж ажиллана” гэдгээ хэвлэлээр зарлаж, хүндийн өргөлтийнхөн рүү холбирч байсан цаг саяхан. Үнэхээр хөл алдахаас аргагүй л тамирчин юм гэдгээ М.Анхцэцэг харуулж чадлаа. Олимпийн дараа түүнд өөрийн орны нэр дээрээс өрсөлдүүлэх саналыг АНУ, БНСУ, Казахстан, Узбекстанаас тавьж байжээ. Гэвч тэрээр багштайгаа хамт зөвхөн Монголдоо үлдэж, бэлтгэл сургуулилтаа хийж, дэлхийд эрэмбэлэгдэж, Токиогийн олимпод эх орныхоо төрийн далбаан дор жагсаж, нэрийг гаргахаар зорьж байна. Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэнийхээ дараа өгсөн ярилцлагадаа “Дараа жил дэлхийн аварга болноо гэж амлаж байна” хэмээн М.Анхцэцэг хэлсэн. Их спортод ам гарах амаргүй гэж манай тамирчид ярьдаг. Хэлсэн үгийг дагаад хэл ам ирдэг гэж эмээдэг. Том зорилго тавиад, том тэмцээнд өрсөлдөж үзээд өөрийнхөө хэмжээг мэдэрсэн хүн илүү их рүү тэмүүлэх, түүндээ хүрнэ гэж итгэх юун нь буруу гэж.