АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, орон нутагт явуулсан шалгалтын нэгдсэн дүнгээ танилцууллаа. АТГ-ын орон нутагт хийсэн шалтгалтаар илэрсэн онцлох “24 зөрчил”-ийг хүргэж байна.
Баримт 1. Засаг нөөц хөрөнгийг зохих журмын хэрэгжилтийг хангахгүй, үр ашиггүй зарцуулдаг зөрчил илэрчээ. Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3-т “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэснийг баримтлан 2016 онд Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.800.000 сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид /нийгмийн халамжаас олгодог тэтгэмжийг давхардуулан олгодог/ 18.900.000 төгрөг, хүлээн авалтын арга хэмжээнд 41.400.000 төгрөг бусад буюу нутгийн зөвлөлийн байрны ашиглалтын зардал, цагаатгал гэх мэт зардалд 152.406.498 төгрөгийг тус тус зарцуулсан байна. Харин 2017 оны захирамжаар шагнал, урамшуулалд 38.946.000 төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405.800 төгрөгийг, хүлээн авалтанд 24.465.220 төгрөгийг, бусад зардалд 119.694.745 төгрөгийг зарцуулсан.
Баримт 2. Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2017 оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг тус тус зарцуулсан байна.
Баримт 3. Сум хөгжүүлэх сангийн зээл олгох сонгон шалгаруулалт ил, тод нээлттэй бус байна. Өөрийн аав ээж, ах, дүү хамаатан садан зэрэг хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгож зээл олгодог. Зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг, хяналт сул, эргэн төлөлт хийдэггүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, эзэнгүйдүүлсэн байна. Жишээлбэл, Увс аймгийн Наранбулаг суманд сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих зориулалтаар олгосон боловч өнөөг хүртэл үйлдвэр баригдаагүй, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна. Шалтгаан нь тухайн суманд байгаа шавар тоосго хийхэд шаардлага хангаагүй гэх.
Баримт 4. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ИТХ-ын даргын хамаарал бүхий этгээдийн бичсэн шаардлага хангахгүй төсөлд 20 сая төгрөгийн зээл олгосон, Увс аймагт 20 сая төгрөгийн зээлийг төрийн сангийн ажилтны нөхөр нь авсан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан хүний хамаарал бүхий этгээд /тухайн суманд байнга оршин суудаггүй/ сум хөгжүүлэх сангаас 16 сая төгрөгийн зээл авсан тохиолдлууд байгаа бөгөөд шийдвэр гаргахдаа мөн л хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэж, тайлбар гаргаагүй. Зээл нь өнөөг хүртэл төлөгдөөгүй, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байна.
Баримт 5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Төлөөлөгчдийн хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” гэж заасан байдаг. Жишээлбэл, Сүхбаатар Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас урамшуулал олгох шийдвэр гараагүй байхад Тэргүүлэгчид урамшуулал олгох тогтоол гаргаж шийдвэрлэсэн байна.
Баримт 6. Төрийн захиргааны албан тушаалтан, улс төрийн албан тушаалыг давхар хашдаг. Өөрөөр хэлбэл, аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга, аймаг дахь газрын дарга зэрэг албан тушаалд давхар ажиллаж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Бугат, Баяннуур, Алтай, Буянт, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Өлгий сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч 7 хүнийг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.8-д аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэхийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглоно гэж заасныг зөрчиж байна.
Баримт 7. Хэнтий аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, орон нутгийн өмчийн албаны дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, Биеийн тамир, спортын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Хан Хэнтий байгалийн цогцолборт газрын дарга зэрэг 8 төрийн захиргааны албан тушаалд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид давхар ажиллаж байна.
Баримт 8. Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг 4 албан тушаалтан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Орхон аймгийн Жаргалан сумын ИТХ-ын төлөөлөгч сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэх мэтээр ажиллаж байна.
Баримт 9. Төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халдаг, чөлөөлдөг. Уг асуудал нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж, ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гардаг. Мөн ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгуулах зэргээр улсын төсөвт зохиомол ачаалал үүсгэдэг асуудал түгээмэл байна. Жишээлбэл, Ховд аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн учир хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох 12 шийдвэр гарсан байна.
Баримт 10. 2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр Төрийн албанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гарсан. Нэр бүхий албан хаагчид нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийт 96,964,192.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад 2016-2017 онд 50 хүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас нь чөлөөлж нийт 76,237,881 төгрөгийн тэтгэмж олгосон, мөн онуудад 15 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон нөхөн олговорт 14 хүнд улсын төсвөөс 27,931,796 төгрөг олгосон байна.
Баримт 11. Хүчингүй болсон хууль тогтоомжийг үндэслэн иргэдэд хүнд суртал, чирэгдэл учруулж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон. Түүнчлэн авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй шийдвэрүүд гаргаж байна. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны тушаалуудаар нэр бүхий эмч нарт “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчлэх жор” бичих эрхийг олгож, заримынх нь эрхийг хассан байна. Энэхүү шийдвэртэй танилцахад хүчингүй болсон хуулийн зүйлийг үндэслэсэн, нийгмийн даатгалын байгууллагын хуулиар хэрэгжүүлэх чиг үүргийг үндэслэл болгосон нь иргэдэд чирэгдэл учруулж болохуйц нөхцөл байдлыг бий болгосон зохицуулалт болсон байна.
Баримт 12. Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид албан тушаалын байдлаа ашиглан хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан байна. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016 оны 33 дугаар тогтоолоор өөрсдөдөө сар бүр 10,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн ба тогтоолд үндэслэсэн болгосон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 заалтуудад урамшуулах олгохтой холбоотой зохицуулалт байхгүй байна.
Баримт 13. Дундговь аймгийн Хулд суманд жонш олборлодог 4 аж ахуйн нэгжээс сар бүр 500 мянган төгрөг бэлнээр авдаг, уг мөнгийг санхүүгийн тайлан тооцонд оруулаагүй. 2017 оны 1 дүгээр сараас хойш, аж ахуйн нэгжийн олборлосон жоншны тонн тутмаас 6000 төгрөгийн хураамж хууль бусаар авдаг. Хураамж авах ямар нэгэн шийдвэр гараагүй. Ажлын хэсэг тухайн аж ахуйн нэгжүүд нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар нарийвчлан судлаж байна.
Баримт 14. Увс аймгийн Наранбулаг суманд төрийн албаны шалгалт өгөөгүй, дээд боловсролтой, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх хуулийн болон ажлын байрны шаардлагатай албан тушаалд уг шаардлага хангаагүй хүнийг томилон ажиллуулж байсан. Түүнчлэн эхнэр, нөхөр, төрсөн дүү, хүргэн бэр гэх мэт өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлийн тухай хуульд заасан мэдэгдэл, тайлбар гаргадаггүй. Жишээлбэл, сумын төсөв, мөнгөний дийлэнх хувь нь дотуур байрны хүнс, сургуулийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг. Ховд аймагт сумын Засаг даргаар нөхөр нь сургуулийн захирлаар эхнэр нь ажиллаж байгаа тохиолдолд байна. Сумын төсвөөс тодорхой мөнгөн хөрөнгийг сургуулийн захиралд шилжүүлж, захиран зарцуулах эрх олгохдоо ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа талаар хуульд заасны дагуу мэдэгдэж, тайлбарлаагүй, энэ талаар ямар ч ойлголтгүй байна.
Баримт 15. Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс өргөдлийн 4 төрлийн маягтыг өөрсдөө хэвлэж 100-200 төгрөгөөр иргэдэд худалдаалж байсан.
Баримт 16. Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүнбаян улаан, Арвайхээр зэрэг сумдад Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан ”Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг өөрсдөө дур мэдэн тайлбарласан журмыг давхардуулан гаргасан. Өөрөөр хэлбэл журмын 2.1.3-т “Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэсэн заалтыг шагнал урамшуулал олгох, зочид төлөөлөгчдийн зочид буудал, хоолны зардал гаргаж болохоор журамласан байна.
Баримт 17. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг дарга 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 1 албан хаагчид 2 сарын үндсэн цалин 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулаад сарын дараа уг этгээдийг үндсэн цалингийн 30 хувиар шагнасан байна.
Баримт 18. Хэнтий аймгийн Мөрөн суманд 2014 онд 63 сая төгрөгөөр нээлттэй тендер зарлаж Мах нядалгааны цех барьж ашиглалтад оруулсан байна. Гэтэл уг цехийг сумын иргэн С 2014 оноос хойш мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулан ашиглаж байгаа боловч сумын Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ байхгүй, түрээсийн төлбөр төлөөгүй 3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Уг мал нядалгааны цех сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байв.
Баримт 19. Ховд аймгийн төвд цэцэрлэгжүүлэлтийн ажил хийлгэхдээ 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тендер зарлаж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан боловч 7 сая төгрөгийн ажил хийгдээгүй, хүлээн авсан актгүйгээр санхүүжилт бүрэн олгосон, уг ажлыг гүйцэтгэж байсан орон нутгийн хуулийн этгээд татан буугдсан байдалтай байна.
Баримт 20. Дорноговь аймагт усан спорт сургалтын төвийг шинэчилж, өргөтгөл барих нээлттэй тендер зарлаж 2 ХХК саналаа ирүүлсэн. Уг сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яам хянан үзээд захиалагчийн төсөвт өртгөөс өндөр үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулсан байх тул тендерийг хүчингүй болгож, дахин зарлах шийдвэр гаргажээ. Гэтэл дахин тендер зарлалгүйгээр уг ХХК-тай гэрээ байгуулсан.
Баримт 21. Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах зориулалттай автомашин худалдан авах тендер шалгаруулалт явагдсан. 12500 ам.долларын үнэ бүхий бут сөөг услах зориулалт бүхий автомашиныг 58 сая төгрөгөөр худалдан авсан. Уг машин зориулалтын бус байсан учир улаан өнгөөр будсанаас болж өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж тээврийн хэрэгслийн дугаар аваагүй, зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байна.
Баримт 22. . “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Сүхбаатар салбарт томилогдохоор нэр дэвшсэн иргэн Г-гийн хамаарал бүхий этгээд нь тухайн байгууллагад ажилладаг бөгөөд Г нь тухайн албан тушаалд томилогдсоноор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан хориглолт зөрчигдөхөөр байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах талаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д хариу мэдэгдсэн.
Баримт 23. Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон Эрдэнэтийн дулааны цахилгааны цахилгаан станцын шинэчлэлийн төсөлд томилогдохоор нэр дэвшсэн Б нь Эрчим хүчний тоног төхөөмөржийн худалдааны чиглэлээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээд нь мөн тус компанийн хувь эзэмшигч байгаа нь нэр дэвшсэн албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах талаар Эрчим хүчний яаманд хариу мэдэгдсэн.
Баримт 24. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчин аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдээр ажилтан, албан хаагчдын нэг өдрийн цалинг хандив болгон авсан, хандив өгсөн иргэн, аж ахуйн нэгжтэй холбоотой шийдвэр /тендер, эрх олгох/ гаргасан тохиолдол түгээмэл байна.
Сэтгэгдэл (3)