Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр /2017. 11. 22 / боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өгдөг билээ.
Ээлжит хурлаар арилжааны банкнуудын нэгдсэн тайлангийн үзүүлэлтүүд, банкyуудын ипотекийн зээлийн тайлангийн гол үзүүлэлтүүд болон ханшийн статистик, төлбөрийн тэнцлийн статистикийн мэдээллийг Судалгаа статистикийн газрын захирал Статистикийн захирал Б.Батсүрэн өгч, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Хууль эрх зүйн газрын захирал, Б.Ганбат, Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг, Нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн Хэвлэлийн бага хурлаар 2017.11.16 ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн тухай, “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль”, “Банкны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монголбанкнаас боловсруулж, хууль санаачлагчдаас УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгч сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
Сэтгүүлчид энэ үеэр Монголбанк ханшийг тогтворжуулахад ямар бодлого баримтлах, инфляцийг онилсон бодлогодоо ямар зорилт дэвшүүлсэн болох, улс төрчдөөс санаачилж байгаа зээлийн хүүний хязгаарыг тогтоох нь зөв эсэхэд Монголбанкны байр суурь ямар байгаа гэх мэт нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудын хүрээнд тайлбар хүслээ.
Төв банкны тухай хуулинд Монголбанкны үндсэн зорилтыг төгрөгийн тогтвортой байдал гэж тодорхойлсон бол өргөн барьсан Төв банк(Монгобанк)-ны тухай хуулийн төслөөр үнийн тогтвортой байдал буюу инфляцийг тогтворжуулах нь төв банкны үндсэн зорилт байна гэж тусгаад байна. Ингэснээр төв банк нь интервенц хийж ханшийг тогтоох бус макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн бодит секторыг дэмжих, санхүүгийн зах зээл дээр эрсдэл үүсгэхгүй байх бодлогыг хэрэгжүүлснээр ханш тогтвортой байлгах бодлого баримтална. Үүнээс гадна эдийн засгийн төрөлжүүлэлтийг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа ба эдийн засгийн төрөлжилтийн бодлогыг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн таатай үед эхлүүлбэл, илүү үр дүнтэй байдаг гэсэн судалгааны үр дүн бий. Энэхүү төрөлжилтөөс гадна эмзэг байдлыг багасгахад эдийн засаг, санхүүгийн хамгаалалтыг бий болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, төсөв, гадаад валютын нөөц талаасаа нөөцтэй, хүрэлцээтэй байх ёстой. Энэ чиглэл рүү Монголбанк анхаарал хандуулж, үндсэн чиглэлдээ тусган ажиллаж байгаа тухай МБГ-ын захирал Б.Баярдаваа тайлбарлалаа. Зээлийн хүүнд хязгаар тавих тухай асуудлын хувьд Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийн баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ба тус ажлын хэсгийн ахлагч ССГ-ын захирал Д.Ган-Очир уг асуудлаар Монголбанкны байр суурийг илэрхийллээ.
Зээлийн хүүг бууруулах стратегид урт болон богино, дунд хугацаанд юу хийх, төрийн байгууллагууд хэрхэн харилцан уялдаатай ажиллах зэргийг тодорхойлно. Одоо гарч буй холбогдох тооцоо, судалгаануудаас үзэхэд гол шалтгаан нь Монгол Улс богино хугацааны гадаад шоконд маш эмзэг байна. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөлөөс өндөр хамааралтай байгаа үед эдийн засгийн тогтвортой байдлаа дагаад бодлогын хүү тогтворжих боломж бага. Түүнчлэн инфляци тогтвортой бус, валютын нөөц хангалттай түвшинд бүрэлдээгүй, гадаад шокийг валютын нөөцөөрөө интервенц хийх замаар шингээх боломж хязгаарлагдмал зэрэг суурь асуудлуудыг шийдэхгүйгээр өнөөдөр арга хэмжээ аваад, хүүг буулгах боломжгүй. Буулгасан ч суурь шалтгаанууд нь хэвээрээ байгаа учраас өнөөдөр буулгасан нь үр дүнд хүрэхгүй эргээд өснө. Төв банк зээлийн хүүг хүчээр тогтоож болох эсэх тухайд, банкны салбараас гарч байгаа бүх зээл, хадгаламжид хавтгайруулан хүүний дээд, доод хязгаар тогтоох нь эдийн засагтаа маш том сөрөг үр дагавартай ба санхүүгийн зуучлал зогсдог. Гэхдээ одоо явж байгаа хуулийн заалтыг бид арай өөр өнцгөөр харж байгаа. Тухайн аль нэг секторыг ач холбогдол, стратегийн хувьд дэмжих шаардлагатай гэж үзвэл тэр чиглэлд олгож байгаа зээлийн хүүнд хязгаар тогтоож өгөх эрх зүйн зохицуулалт нь байх шаардлагатай байна. Энэ утгаас нь харвал ийм зохицуулалт байж болно. Ипотекийн 8 хувийн зээл үүний нэг жишээ юм. Түүнээс бус нийтээр нь хавтгайруулах замаар зээлийн хүүг бууруулах зохицуулалт байж болохгүй гэдгийг төв банк ойлгож байгаа хэмээсэн юм.