Симфони сонслоо. Австрийн хөгжмийн зохиолч А.Брукнерийн (1824-1896) VII симфонийг Улсын Филармонийн симфони найрал хөгжим удирдаач Б.Батбаатарын удирдлагаар амжилттай тоглолоо. Үзэгчид удтал алга ташиж баяр хүргэлээ. Хөтлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг "Романтизмын үеийн,симфонизмын оргил болсон, дуурьсал төгс, цараа өргөн ийм сайхан бүтээлийг хамтдаа сонсч, хүлээж авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Улсын Филармонийн симфони найрал хөгжимчдийн шинэ бүтээл бүрээр уулзацгааж байя" гэж хэлснээр тоглолт өндөрлөсөн юм.
Удирдаач Б.Батбаатар уг симфонийг нэг цаг 10 минут тоглууллаа. Гэсэн ч сонсоод суухад 30-40 минут л болов уу гэхээр тийм сонирхолтой, сонсголонтой.
Бүтээл дөрвөн ангитай. I ангийг хөгжмийн зохиолч нойрон дундаа олж авсан санаагаа өглөө сэрмэгцээ буулгаж бичсэн түүхтэй юм байна. 1864 онд бичсэн нэгэн бүтээлээсээ ишлэл болгож оруулсан аж. II анги удаавтар, намуундуу, ялангуяа төгсгөл өлмий дээрээ болгоомжтой явахад ч сонсогдом тийм намуун. Энэ ангийг 1883 оны нэгээс дөрөвдүгээр сарын хооронд бичсэн бөгөөд суут хөгжмийн зохиолч Р.Вагнерийн бие муу байх үед зохиож байжээ. Хүндлэн биширч явдаг хөгжмийн зохиолч нь өөд болсныг дуулаад хөгжимдөө аянга цахилгаан буугаад ирэх мэт дуу чимээ оруулж өгсөн байх аж. III анги нь скерцо. Хөгжүүн,тэмүүлэлтэй. IV анги нь төгсгөл хөгжим. Эрч хүч, баяр баясгалан,
Ийм хөгжим сонслоо. Бидний хөгжмийн мэдлэгийн санд А.Брукнер хэмээх хөгжмийн зохиолч нэмэгдлээ.
Нэгэнт хөгжмийн тухай ярьж байгаа болохоор болох, болохгүйн тухай бас хэлмээр санагдав. Ихэнх хүмүүс симфонийн ангиудын хөгжим түр завсарлах үед алга ташиж болохгүй гэдгийг хэлье ээ. Өчигдөр орой анх удаа хөгжим сонсохоор очсон хүн олон байх шиг байсан. Хөгжим үнэхээр таашаалтай байсан болохоор аргагүй анги хооронд алга начигнатал ташаад байсан. Симфони гэдэг бол нэгэн том, цул бүтээл бөгөөд ангиудаас бүтдэг. Ангиуд хоорондоо өгүүлэмж, илэрхийлэл, темпийн хувьд ялгаатай. Тоглож байгаа хөгжимчид болон удирдаач нэг ангиас нөгөөд шилжих зуур эхний ангид тоглох явцдаа бий болгосон сэтгэлзүйн байдлыг хадгалангаа дараагийн ангийн уур амьсгалд бэлтгэлтэй шилжих тэр процессыг тасалдуулахгүй, тэдэнтэй хамт дараагийн анги руу орох нь үзэгчдийн мэдэж байвал зохих зүйл бөгөөд мөн л үзэгчийн сэтгэлзүй юм. Нэг талаар үзэгчийн үүрэг ч гэж ойлгохоор. Энэ нь сонгодог хөгжмийн хөгжлийн явцад бичигдээгүй хууль болж дархлаажсан зарчим, соёл билээ. Үүнийг манай үзэгчид санаж, ойлгож, гэр бүлдээ, хүүхдүүддээ ярьж өгч, хөгжим сонсох соёлд суралцах нь зүйтэй байна.
Бас нэг хэлэх юм байна. Хөгжим сонсохгүй л юм бол танхимаас гарч явах хэрэгтэй. Хийх юмаа олж ядахдаа хажуудаа байгаа, хөгжим сонсоод сууж байгаа найзаа уруу татаж, элдэв яриа өдөх, найз нь уруу татагдахгүй байхад дахин дахин чангааж байгаад эсэн бусын юм ярих, тэгж байгаагаа "баатарлаг" явдал мэт ойлгож ихэд додьгор суух, чимээгүй байхыг сануулахад өөдөөс муухай харах зэрэг нь тэвчээр барсан явдал билээ. Ийм явдал Брукнер сонсох үед гарав. Арын эгнээний хоёр охинд хоёронтоо сануулаад үг авахгүй, өөдөөс тохуурхаад байхаар нь нэгийг хуруугаар дуудаж байгаад чихэн дээр нь"Гадаа гарч ярь" гэж хашгирав. Хашгирахгүй бол төгсгөлийн ангийн оргилуун хөгжмийг давж гарахгүй байсан болохоор тэр л дээ. Тэгсэн өнөө охин цочсондоо огло харайчих шахав. Төгсгөлийн ангийн оргил хэсэг өгссөөр дуусах гээд байдаг, бүтэн цагийн турш сонсч таашаасан мэдрэмжээ алдах гээд байдаг, ард хоёр охин хөгжим давж чалчаад байдаг. Дуудаж, "чихийг нь авчирч" байж хашгирч ярихыг нь зогсоогоод хөгжмөө дуустал сонссон ч өмнөх шигээ тааашаан сонсч дуусгаж чадсанүй. Миний Брукнер нэг иймэрхүүгээр өнлөрлөв.
ФБ найзууд бүгд л насанд хүрсэн хүмүүс. Илэн далангүй ярья. Симфони, сонат ч тэр ер нь хөгжмийн том хэлбэрийн бүтээл гэдэг эхлэлтэй, өрнөлтэй, салахын аргагүй үйл явдалтай, гайхамшгийн гоё төгсгөлтэй, яг л "хос хунгуудын" хоёулхнаа хийдэг ажил лугаа нандин зүйл юм. Хос хун яг сайхан болдгийн даваан дээр толгой дээр тэс хөндлөн нөхдүүд хашгираад байвал юу болох вэ. Үлгэр яаж төгсөх вэ. Симфони сонсох, анги хооронд нь чив чимээгүй сууж, дараагийн ангийг удирдаач болон хөгжимчидтэй хамт эхлүүлэн үргэлжлүүлэн сонсож, дөрвөн ангийг гүйцэд сонсоод эцэст нь баяр хүргэж алга ташаад босох зэрэг нь яг л хос хунгуудын ариун хэрэг лугаа юм.
Гоё хөгжим сонсгосон хөгжимчдөд, удирдаачид баярлалаа.
Р.Оюунжаргал