Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн амиа алдсан 17 уулчдын талаарх мэдээлэл нийгмийг цочироогоод байна. Мэргэжлийн уулчид хүртэл "Яах гэж тийм олуулаа, эрсдэлтэй энэ цагт явав даа" хэмээн халагласаар. Ингээд харамсалтай үйл явдлын талаарх мэдээллийг "24 баримт"-аар хүргэж байна. Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Баримт 1. Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг гурав өдөр зохион байгуулсаны эцэст хамгийн сүүлийн хүний цогцсыг өнөөдөр 10.40 цагт олсоноор эрлийн ажиллагааг дуусгалаа.
Баримт 2. Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.
Баримт 3. Харамсалтай ослын талаарх дуудлага 2017.10.22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон байв.
Баримт 4. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас шуурхай арга хэмжээ авч, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн юм.
Баримт 5. Мөн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин-аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийг зорьсон.
Баримт 6. Эрлийн багт Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр ахлагчтай дөрвөн мэргэжлийн уулчин багтжээ. Түүнчлэн Завхан аймгаас 5 уулчин, Баян-Өлгий, Ховд аймгаас Гавьяат уулчин Т.Гүррагчаагаар ахлуулсан уулчдын баг, Эрдэнэтээс н.Бат-Эрдэнээс ахлуулсан баг тус тус ажилласан байна.
Баримт 7. 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хориглосон ч тэд авиралт хийжээ.
Баримт 8. МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа үүссэн нөхцөл байдлын талаар “Отгонтэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60-аад жил болж байгаа. Нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал биш. Цас ороод хатуураагүй байгаа. Тийм учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр” хэмээн мэдэгдэв.
Баримт 9. Сураггүй болсон уулчдын дунд таван эмэгтэй уулчин байгаа. Мөн гэр бүлийн дөрвөн хүн байгаа гэж албаныхан мэдээлэв.
Баримт 10. Түүнчлэн “27 хүний зургаа нь сонирхогч, үлдсэн 21 нь мэргэжлийн уулчид гэж байгаль хамгаалагчийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Насны хувьд 21-45 насны хүмүүс” гэх мэдээлэл байв.
Баримт 11. 2017.10.23-ны өдөр сураггүй болсон 17 иргэнийг хайх шуурхай бүлэг нэмж байгуулав. Энэ бүлэгт уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, Зэвсэгт хүчин, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл багтсан.
Баримт 12. 2017.10.23-ны өдрийн 15 цагт ОБЕГ-аас мэдээлэл хийж, эхний долоон хүний цогцсыг олсоноо мэдэгдэв.
Баримт 13. Шуурхай бүлэг эхний хүнийг 11:30 цагт, сүүлийн хоёр хүнийг 15:15 цагт нас барсан байдалтайгаар олжээ.
Баримт 14. Отгонтэнгэр уул 4008 м өндөр. Харин эхний цогцос 3200 метрийн өндрөөс олджээ.
Баримт 15. Эдгээр иргэдийг цасан нуранги үүссэнээс болж хадан хясаанаас унасан байж болзошгүй талаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Г.Ариунбуян мэдээлэв.
Баримт 16. Уулчид 800-900 метрийн өндрөөс унасан байх магадлалтай.
Баримт 17. 2017.10.23-ны өдрийн 15.45 цагт дахин гурван цогцсыг олсон тухай мэдээлэл ослын газар ажиллаж байгаа шуурхай бүлгээс ирүүлэв. Ингэснээр Амиа алдсан иргэдийн тоо 10 болсон юм.
Баримт 18. 2017.10.24-ний өдөр: Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний, 10:43 цагт нэг иргэнийг осолдсон байдалтайгаар олоод байсан бол 11:30 цагт дахин нэг иргэний цогцсыг олсоноор Аврагчид 14 иргэний цогцсыг олоод байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Баримт 19. Улмаар 2017.10.25-ны өдрийн 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг олсоноор осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь олж, эрлийн ажиллагааг зогсоов.
Баримт 20. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160,000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагааны бүлгүүд 2,811 метрийн өндөрт хээрийн штаб байгуулан ажиллажээ.
Баримт 21. Ослын талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “700 метрийн урттай, 150 метрийн өргөнтэй гулсалт үүсчээ” гэж мэдэгдэв. Мөн 2017.10.24-нд амиа алдсан 14 хүний цогцсыг Улаанбаатарт авчирч, Үндэсний Хүрээлэнд цогцос таниулав.
Баримт 22. Уулчид анх Отгонтэнгэр уулын Бадар хундага талаасаа авиралт хийсэн ч буухдаа өөр замаар хавцал тал руугаа буужээ.
Баримт 23. Эх сурвалжийн мэдээллээр 10 хүн эсэн мэнд үлдсэний шалтгаан нь тэднийг ахалж урд нь явсан хүн зургийн аппаратаа далд хийх гээд 30 секунд орчим саатжээ. Энэ хооронд цас цөмөрч өмнө нь явсан 17 хүн ангал руу унасан байна.
Баримт 24. Хэрвээ 30 секунт зогсоогүй бол бүгд л хавцал руу унаж эрсдэх магадлалтай байжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (38)