Г.Дэнзэн: Энэ хэрэг анхнаасаа улстөрийн захиалгатай, үүнийг прокурор нь гэнэ алдаад хэлчихсэнГ.Дэнзэн нарт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүх хянан хэлэлцэнэ. Шүүх хуралтай холбогдуулан Г.Дэнзэн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хүсэлт гаргаад байгаа юм. Тэрбээр “Г.Дэнзэн надтай холбогдох хурлыг нээлттэй явуулж өгнө үү. Би хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би юу болж өнгөрснийг яримаар байна” хэмээн хүсэлт гаргасан. Харин шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хүлээж авах эсэхийг шүүх хурлын эхэнд хэлэлцэх юм. Шүүх хурал 09 цагт эхэлнэ. Хуралдааны талаарх мэдээллийг бид цаг тухайд нь мэдээлэх болно. Тэгвэл ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн Анхан шатны шүүх хуралдааны дараа шүүгчдэд хандаж хэлсэн үг олны анхаарлыг татаж байсан юм. Г. Дэнзэн тухайн үед юу өгүүлж байсныг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Улсын яллагч хэрвээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрийг үзсэн бол яллах дүгнэлт бичихгүй байсан байх.
Баримт 2. Эрдэнэс таван толгой төрийн байгууллага уу, Төрийн өмчит компани уу. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4,1,5-д Аж ахуйн нэгжид Улсын бүртгэлд бүртгэгдсэн ашгийн төлөө төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, түүнтэй адилтгах орлогын албан татвар төлдөг хуулийн этгээд байхыг заасан. Эндээс Эрдэнэс таван толгой гэдэг бол аж ахуйн нэгж гэдэг нь харагдаж байна. Улсын яллагч үнэхээр тогтоол уншихгүй байна. “Эрдэнэс таван толгой” гэдэг компаний хувьцаа эзэмшмигчид нь монголын ард түмэн юм. Гэтэл “Энэ бол зуун хувь Төрийн өмчит компани” гээд байх юм. Үнэндээ ард түмний компани юм. Хувьцаа эзэмшигчид нь Монголын ард түмэн юм. 2016 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл Монголын ард түмэн Эрдэнэс таван толгой компаниас 300 мянган төгрөг авсан. Үүнийг ойлгохгүй “Энэ чинь 100 хувь төрийн өмчит компани” гээд дайраад байгааг ойлгохгүй байна.
Баримт 3. Н.Батсүх өмгөөлөгч дутуу баримт шинжлэн судлуулж байна. “Эрдэнэс таван толгой” компанийн 2012 оны 10 сарын 11-ний өдрийн ТУЗ-ын тогтоол бий. Тус тогтоолд Галсангийн Дэнзэнг Эрдэнэс таван толгой компанийн ТУЗ-ын даргаар сонгон томилсугай. Өмнөх тогтоолуудад нь Б.Заяабал, Д.Сугар гэж хүнийг томилж байсан. Эдгээр тогтоолууд нь Компанийн тухай хуулийн 78/1, “Эрдэнэс таван толгой” компаний дүрмийн 9/6-г үндэслэж гаргасан байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга бол “Эрдэнэс таван толгой” компаний ТУЗ-ын дарга байна гэсэн хууль зүйн ойлголт гарна.
Баримт 4. Дахиад нэг юмыг хэлье. Би төрийн албаны тухай хуулийг хэрвээ уншсан бол гэж хэлээд байгаа юм. Батсүх өмгөөлөгч нотлох баримт шинжлүүлэхдээ хэлсэн. Дэнзэнг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар 2013 оны 3 сарын ... өдөр томилсугай гэж хэлээд байгаа юм. Энэ юуг хэлээд байна вэ гэвэл 2012 оны 09 сарын 10-ны өдөр Дэнзэнг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тухайн үед бүх Төрийн нарийн бичгийн дарга нарыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Баримт 5. Төрийн албан тухай хуулийн 25,1-д “Төрийн албан хаагч гэж Төрийн албанаас сонгон шалгаруулсан шалгаруулалтад тэнцэж нэгдүгээр байраар шалгарсан, төрийн албаны тангараг өргөсөн хүнийг төрийн албан хаагч гэнэ” гэдэг. Гэтэл Төрийн албан тушаалтан гэж үзээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-оор хэрэг сонгож байгаа нь эмгэнэлтэй зүйл болж байна.
Баримт 6. Прокурор шударга, хуулиа мэддэг байсан бол нийтийн албанд нийтийн ашиг сонирхолыг зохицуулах, түүнээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20,2-т Албан тушаалтны аж ахуйн нэгж дээр хориглох заалтад 2012 оны 1 сарын 19-ний өдөр юу гэж заасан байдаг вэ гэхээр Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ҮХЦ-ийн дарга, МУ-ын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нар, Тагнуулын Ерөнхий газрын дарга, АТГ-ын дарга нартай холбоотой хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер зарлахаас бусад тендерт орохыг хориглоно гээд заачихсан.
Баримт 7. 2013 онд зөвхөн Дэнзэн гэж хүнд холбогдолтой дуулиан гараад ирсэн учраас хууль тогтоох байгууллага 2016 оны 5 сарын 30-ны өдөр энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Баримт 8. Нэмэлт өөрчлөлтөөр дээр дурдсан албан тушаалтнууд хасагдаад яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчтэй үйлдвэрийн дарга захирал нарыг, захиралтай холбоотой хамаарал бүхий этгээдүүдийг нээлттэй тендер шалгаруулалтаас бусад тендерт орохыг хориглоно гээд заачихсан.
Баримт 9. 2012 оны 1 дүгээр сарын 19-нд батлагдсан хууль дээр хориглосон заалт байхгүй. Хэрвээ прокурор шударга байсан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193,1-ийг үндэслээд энэ хэргийг үүсгэх хууль зүйн үндэслэлгүй байна гээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргах байсан. Гэтэл тэгээгүй. Прокурор анхаасаа л яллах сонирхолтой байсныг харуулаад байгаа юм.
Баримт 10. Прокурор намайг Энхболд гэж хүний мэдүүлэгээр яллаад байна. Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84/2-т “Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол энэ нотлох баримт болохгүй” гээд заачихсан. Энхболд гэж хүн Дэнзэн мөн гэсэн баримт нь тогтоогдоогүй. Норов гэж хүнээр мэдүүлэг өгсөн. Дэнзэн их муу хүн. Кино их үздэг, ном их уншдаг. Тэрийгээ амьдралд их хэрэгжүүлдэг. Миний ойлголтоор бол Дэнзэн их хар, бараан хүн байж гэж мэдүүлсэн.
Баримт 11. 2013 оны хэрэгтэй холбогдуулж намайг “Дэнзэн Баярмаатай нийлж компани авсан. Дараа нь Төмөрхүүтэй үнэхээр ... байсан. Батсууриар 700 сая төгрөг шилжүүлгүүлсэн. Төгсбаяраар хууль бус эвлэрэлийн гэрээ байгуулуулсан. Ийм хууль бус үйлдлүүд хийсэн гэсэн. Гэвч шүүх хуралдааны явцад нэгийг нь ч нотлоогүй. Нотлох баримт нь хавтаст хэрэгт байдаггүй. Улсын ялллагч үүнийгээ юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр “Г.Дэнзэн ер нь их муу санаатай хүн учраас Дэнзэнгийн хийсэн үйлдлийг нотлох боломжгүй. Гэхдээ л Дэнзэн муу хүн учраас үүнийг хийсэн байж таарна” гээд таамаглал үндэслэлээр яллаад байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292-т заасан байдаг. Шүүх тогтоол гаргахдаа таамаглал үндэслэхгүй гэж заадаг.
Баримт 12. Дараагийн хэлэх зүйл. Би “Эрдэнэс таван толгой” компанийг төлөөлж иргэний нэхэмжлэгчийн байр суурийг ойлгосон. Гэхдээ шүүх хуралдаанд орохдоо “Говь повер” компанийг иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагчаар татаад эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119,1,1-т зааснаар шүүх тогтоол гаргаад иргэний хариуцагч нь “Говь повер” болчихсон. Тэгээд шүүх хурлын хэлэлцүүлэгийн явцад эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43,3,4-өөр иргэний нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзана гэж ойлгож байгаа. Тэр нь яаж ойлгогдсон гэхээр Жавзмаа өмгөөлөгч асуусан байдаг. Та эрүүгийн хэрэгт хохиролтой гэж үзээд байгаа юм уу, иргэний хэрэгт хохиролтой гэж үзээд байгаа юм уу гэсэн асуултад “Эрүүгийн хэрэгт бол хохиролгүй ээ, иргэний хэрэгт байгаа шүүх дээр нэхэмжлэлээ гаргана” гэсэн. Үүнийг шүүх хурал дээр шүүгчдийн хажууд бас дахиад давтаж хэлнэ лээ. Тэгэхээр би энэ хэрэг гээд байгаа зүйлийг эрүүгийн хэргийнх нь хувьд хохиролгүй гэмт хэрэг юм байна гэж ойлгосон.
Баримт 13. Шинжээч Соёлмаа гэх хүний дүгнэлтийг дүгнэлт гэж хэлэх нь хаашаа юм. Үнэхээр харамсалтай юм. АТГ-ын мөрдөн байцаагчид энэ ашиг сонирхолын зөрчлийг өөрөө үүсгэж байгаа юм. Дээрээс нь сүүний технологич мэргэжилтэй хүн. Хэдэн онд гэдгээ ч санахгүй байгаа юм. 1997 онд гэж өөрөө хэлж байгаа юм. 3-6 сарын курс төгссөн юм шиг байна лээ. Ийм хүн бүхэл бүтэн эдийн засгийн шинжилгээг гаргана гэдэг үндэслэлгүй. Дээрээс нь гаргасан дүгнэлт нь үнэхээр харамсмаар. Математикийн дөрвөн үйлдлийг ч хийж чаддаггүй. 13,5*40 000 000 = 540 000 000 гарах ёстой. Гэтэл 548 сая гээд биччихэж байгаа юм. Тэгээд мөрдөн байцаагчаас гаргасан тэмдэглэлд жагсаалтаас өөрөө дур мэдэж хассан. Энэ бол шинжээч санаатайгаар хохирох дүгнэлт гаргаж байна гэсэн үг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46,6-д “Шинжээч санаатайгаар худал дүгнэлт гаргах юм бол өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гээд байж байгаа. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79,4-т “Нотлох баримт цуглуулахдаа хууль дүрэм зөрчсөн бол энэ нотлох баримтын эх сурвалж байж чадахгүй” гэж заадаг. Тэгэхээр энэ шинжээч гэх хүний дүгнэлт бол үнэхээр монгол төрийн эмгэнэл юм даа. Би тэгж л хэлнэ.
Баримт 14. Дараагийн асуудал. Манай эхнэрийг үнэхээр их хэлмэгдүүлэх юм аа. Тэр гэрээ гэх зүйл дээр Гэрэлхүүгийн Уянга Доржпүрэвийн Баярхүүтэй нэг гэрт амьдардаг болгоод биччих юм. Тэгээд АТГ-ын манай гэрт хийсэн нэгжлэгээр эхнэр Г.Уянгын гарын үсгийг хийсэн гэх гэрээтэйгээ криминалистикийн шинжилгээ хийгээд өгөөч гээд байхад “Энэ гэрээний эх хувь байхгүй. Энийг компьютерээс татаж авсан гээд хийж өгөөгүй. Тэр гэрээ чинь эх хувь биш юм бол яагаад компьютерээс гаргаж авсан баримтаар хүнийг яллаж байгаа юм бэ? Энэ хууль зүйн үндэслэлгүй байна гэдгийг хэлэхийг хүсч байна. Үүнтэй холбоотойгоор жишээ татахад 2013 онд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “Газраа барьцаалаад хятадаас зээл авах гэж байна” гээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр баахан хардаж бичсэн. Тэгэхэд үүний ард Монгол Ардын намын олон нийттэй харилцах албаны хүн зүгээр бичиг баримт гээд олон нийтэд тараасан байдаг юм. Ийм зүйлүүд гараад байна. Үүнийг анхаараач гэж хэлж байгаа юм.
Баримт 15. Яг энэ шүүх хуралдааны явцад гурван төрлийн эргэлзээ гардаг.
Говь повер компанийн хувьцаа эзэмшигч нь Чулуунбаатарын Уянга юм уу, Гэрэлхүүгийн Уянга юм уу.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Алтанцэцэгийн дүгнэлт үндэслэлтэй юм уу, ашгийн төлөө байгууллага Хөрөнгийн үнэлгээний төв гэдэг компанийн шинжээч гэх Соёлмаагийн дүгнэлт үндэслэлтэй юм уу?
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265,2 зүйлийг хэрэглэх юм уу, 263,2-ийг хэрэглэх юм уу. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13,2-т заасан байдаг юм. Хэрэг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг шинжлэн судлахад сэжигтэн, ялллагч, шүүгчдэгч гэмт хэрэг хийсэн гэдэгт нь эргэлзээ байгаа бол мөн эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн яллагдагч шүүгчлдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байдаг.
Баримт 16. АТГ-ын мөрдөн байцаагчид гэрчээс сэжигтэн яллагдагчаас байцаан мэдүүлэг авахдаа дандаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж тулгадаг, шаарддаг, дарамталдаг, ийм хэлбэрээр байцаалт авдаг юм. Гэр бүлийн гишүүн, ойр дотных нь хүнээр барьцаалдаг. Найз нөхөд үерхэл нөхөрлөлөөр нь барьцаалдаг. Ийм увайгүй үйлдлийг АТГ-ын мөрдөн байцаагчид хийдэг. Үүнийг би хүний сэтгэл санаа шаналган зовоож байгаа нэг ёсны эрүү шүүлт гэж ойлгож байгаа. Энэ эрүү шүүлтийг баргийн хүн давахад хэцүү дээ. Монгол улсын сайд байсан хүн ч давж дийлдэггүй юм байна лээ. Харин би аймаар хохирч байгаа. Гэсэн ч арчаагүй дорой хүн биш учраас өнөөг хүртэл АТГ-аас хүссэн зүйлийг хэлээгүйнхээ төлөө цагдан хоригдсоор л байгаа. Үүнийг би хэлэхийг хүсч байна.
Дараа нь ерөнхий 2 дахь зүйл. Энэ нь надад тулгаад байгаа 2010 оны гэх хэрэг, 2013 оны гэх хэргийг би ярья.
Баримт 17. 2010 оны түүний гэх хэргийг эхлээд дурьдая. Өнөөг хүртэл Монгол улсын Тэргүүн шадар сайдын гаргасан тушаал гэрээ байгуулах эрх олгох тушаал хүчин төгөлдөр байгаа. Үнэлгээний хорооны дүгнэлт хүчин төгөлдөр байгаа. Монгол Улсын сайдын тушаалыг сайд өөрөө эсвэл Засгийн газар эсвэл шүүгч хүчингүй болгодог. Ийм хүчин төгөлдөр акт байсаар байтал Дэнзэн хууль зөрчсөн гээд яллаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, хохирол учирсан гээд байгаа бас яг адилхан. 2013 онд төсөөлөлт төсөвт өртгөө хийчихэж байна. Ийм байхад яллаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Баримт 18. 2013 оны гэх хэрэг. Манай өмгөөлөгч Байгаль дурьдаад байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12,2 гэж хэлээд байгаа юм. Энд юу гээд заачихсан байгаа вэ гэхээр Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ гэсэн. Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бичиг баримт гэдэг нь хуулийн этгээд бүртгэлийн хувийн хэрэг, үүнийг эх нотлох бичиг баримт гэнэ. Мөн хуулийн 12,4-т заасан “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг нь мэдээллийн нэгдсэн сангийн эх сурвалж болох бөгөөд бичиг хэлбэр нь эх сурвалж болно” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл бичиг хэлбэр нь эх сурвалж байна. Цахим хэлбэр нь ямар нэгэн гэнэтийн довтолгоонд өртөөд, монгол жижигхэн орон, хөгжил жоохон, хөгжилтэй орон кибер гэмт хэрэг хийвэл үүнээс шалтгаалаад бичиг нотлох баримтаа харна гэсэн хуулийн заалтттай. Энэ “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигч нь Чулуунбаатарын Уянга гэдэг нь хөдөлбөргүй нотлогдоод байгаа юм. Гэтэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор гурав эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95,3-ыг зөрчөөд өөрөө хөдөлбөргүй үнэн гэж тогтоогоод хэрэг үүсгэж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Өмгөөлөгч нар 2010,2013 оны хэргийг зөндөө ярьсан. Тэгэхээр би хуулийн заалтыг дахиж нэг бүрчлэн ярихгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тусгагдсан. Энэ хоёр хэргээс намайг цагаатгаж өгөхийг хүсэж байна.
Баримт 19. Сүүлийнх нь. Бид ер нь ямар нийгэмд амьдраад байна вэ?. МУ-ын Үндсэн хуулийн 14,2-т хүнийг яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг, эрхэлсэн ажил албан тушаал, боловсрол мэдлэгээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно. Хүн бүр эрхзүйн этгээд байна гэж заасан. Өнөөдөр би 14 насандаа МУИС-ийн математикийн ангид элсэн суралцаж, 25 насандаа “Эрдэнэс таван толгой” компанийн ТУЗ-ын даргаар сонгогдсоныхоо төлөө олон хүмүүсийн дургүйг хүргэсэн. Ийм л зүйл болоод байна. Хүн бүр эрхзүйн этгээд байна гэдэг үгийг утга гүнзгий ач холбогдол өгсөн юм. Хүн хэзээ ч эд юмс мэт төр засгийн эрх мэдэлтний үйл ажиллагааны объект болох ёсгүй гэж би ойлгож байна. Гэтэл би аль хэзээний эрх мэдэлтнүүдийн объект болчихсон. Намайг зүгээр л объект болгочихсон. Үүнийг би хэлмээр байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дугаар хэсэгт “Монгол улсын иргэн аль нэг намд гишүүнээр нь элсэн орсны төлөө ялгаварлан гадуурхаж хэлмэгдүүлэхийг хориглоно” гэсэн. Би Ардчилсан намын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-ийн гишүүн. АН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд байсан хүнтэй, төрөл садангийн холбоотой болсныхоо төлөө, өнөөдөр хэлмэгдүүлэлтэд өртөж байгаа гэдгээ хэлье.
Баримт 20. Энэ хэрэг анхнаасаа улстөрийн захиалгатай зохиомол хэрэг байсан. Үүнийг прокурор өөрөө шүүж эхлэх үед өөрөө гэнэ алдаад хэлчихнэ билээ. Өмгөөлөгч нар шүүмжлэл явуулахдаа улстөрийн өнгө аясаар шүүмжлэл явуулах байх аа гэж. Харин энд суугаа өмгөөлөгчид мэргэжлийн хуульчид, ёс суртахууны өндөр соёлтой хүмүүс байсан учраас нэг ч улстөрийн өнгө аястай шүүмжлэл яваагүй. Бүгд хууль зүйн үндэслэлтэй маш сайн өмгөөлөл явуулсан. Үйлчлүүлэгчидээ ч хангалттай өмгөөлсөн гэж би харж байгаа. Улсын яллагчийг ч гэсэн хууль зүйн талаас нь маш сайн унагааж чадсан. Үүнийг би хэлэхийг хүсч байна. Тэртээ 1716 онд засаглалын гурван салааг хутаарилсан онолыг гаргасан францын агуу сэтгэгч Монтис... хэлсэн байдаг. Хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглал нэгдэх юм бол эрх чөлөөг боомилно, эрх чөлөөг боомилсон газар шударга ёс гэж байхгүй” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр монгол улсад яг л ийм үйл явдал болж байна. Шударга ёс гэж байхгүй.
Баримт 21. Би дөрвөн шүүгдэгчийг харж байгаад хэлье. Энэ бизнес эрхлэгч Баярмаа гэж хүн. Би шүүх хуралдаанд л энэ хүний царайг л харж байгаа. Үнэхээр танихгүй. Энэ хүний цаана 43 ажилтан ажиллаж байна. Тэр ажилтны цаана хичнээн хүн байгаа вэ?. Энэ хүний татвар төлж байгаа мөнгөөр өнөөдөр төрийн байгууллагынхан цалингаа аваад явж байгаа. Заавал Дэнзэн гэдэг хүнийг яллаж хэлмэгдүүлэхийн тулд энэ Баярмаа гэж эмэгтэйг битгий золиослон хэлмэгдүүлээч ээ гэж би хэлье. Энэ Төгсбаяр гэж хүн. Яаж яваад надтай хам хэрэгтэн болчихов доо. Би үнэхээр энэ хүнийг танихгүй. Шүүх хуралдаанд анх удаа царайг нь харж байна. Түмэнхүү манай эгчтэй танилынхаа төлөө элдэв хочоороо дуудуулан хамтран амьдарч гэдгээрээ дуудуулан улсын яллагчаас ял сонсчихоод сууж байгаа юм. Батсуурь гэдэг хүн бол мэргэжлийн дипломатч хүн. Монголын төрд зүтгэсэн хүн. Түүнийг нь төр засаг үнэлж одон медалиар шагнасан. Тэр ч байтугай энэ хүн хууль тогтоох дээд байгууллагад хууль тогтоож байсан ийм л хүн. Дэнзэн гэдэг хүнийг заавал яллаж хэлмэгдүүлийн тулд энэ дөрвөн хүнийг золиослохоо больчих оо. Энэ дөрвөн хүнийг тайван орхичих гэж хэлмээр байна. Заавал ялламаар байгаа бол намайг л яллаж хэлмэгдүүл. Энэ дөрвөн хүнийг хэрэггүй, битгий. Эцэст нь би нэг л зүйлийг хэлье.
Баримт 22. “Эрдэнэс таван толгой” компанийн ажлыг авахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдалтай бид тулгарсан юм аа. Сард 30 мянган долларын цалинтай, жилдээ 360 мянган долларын цалинтай, Зайсанд сард 4-5 мянган долларын түрээсийн байранд амьдардаг, жилдээ 6-7 удаа гэр бүлийн гишүүдтэйгээ бизнес зэрэглэлээр зорчиж аялалд амардаг, АНУ-ын Харвардын их сургуульд сурах магистрын төлбөрийг “Эрдэнэс таван толгой”-гоос гаргадаг байсан. Эрдэнэс таван толгой удирдлагууд өмнө нь жинхэнэ улсын яллагчийн хэлээд байгаа хэрэгцээнээс илүү бараа материалыг маш өндөр үнээр шахаж байсан.
Баримт 23. Хамгийн ноцтой нь дэлхийн зах зээл гэхээ болье, урд хөршийн зах зээл дээр тонн тутам нь 70-105 долларын өртөгөөр борлогддог нүүрсийг 14-30 доллараар борлуулдаг ийм гэрээ хийчихсэн. Хятадын Чалко гэдэг компаниас зээл авчихсан ийм л компанийг бид хүлээн авсан. Ийм хууль бус бусармаг зүйлтэй тэмцсэнийхээ төлөө Батсуурь захирал бид хоёр шүүгдэгчийн сандал дээр сууж байна. Бодоод үз дээ, 350 сая долларын зээл аваад ард иргэддээ тараачихсан байсан. Үүний алдагдал 70 долларын зөрүү, 20 сая тонн нүүрсээ Чалкод борлуулж байгаа юм. Математик тооцоо хийгээд үзэхээр 1 тэрбум 400 сая ам.долларын алдагдал хүлээсэн энэ хохирлыг тэр гэрээ байгуулсан хүмүүс яагаад хариуцдаггүй юм бэ. Тэр шударга ёс чинь хаана байгаа юм бэ. Өмнөх удирдлагууд, гэмт хэрэг хийсэн хүмүүс нь биш, хэрэг хийгээгүй хүмүүс яагаад шүүхийн сандал дээр сууж байдаг юм бэ. Би тэр шударга ёсыг чинь нэхэж байна.
Баримт 24. Өнөөдөр Чалко гэдэг хятадын компани үндсэн хөрөнгө нь 2,8 тэрбум доллар болчихоод “Чалко” компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд 360 сая ам.доллар хуваарилчихаад, тэнэг монголчууд гээд инээгээд сууж байгаа юм. Ийм хууль бус зүйлийг эсэргүүцэж, огт хүлээн зөвшөөрөөгүйнхээ төлөө Я.Батсуурь захирал бид хоёр өнөөдөр улсын ялллагчаас ял сонсоод сууж байна. Энэ бол үнэхээр их харамсал. Монгол хүний эмгэнэл гэж би хэлнэ. Шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүн нь монголдоо эрх, эрхчөлөөтэй амьдардаг, бизнес эрхлэгчдээ төр нь дарамтладаггүй, иргэнээ улстөрийн шалтгаанаар хэлмэгдүүлдэггүй хүчирхэг монгол улс тун удахгүй бий болно гэдэгт би хувьдаа огтхон ч эргэлзэхгүй байна. Монгол улс үүрд мандан бадраг.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)