НИТХ-ын ээлжит хуралдаан болж, нууц санал хураалтаар шинэ даргаа тодруулсан. Хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчөөс С.Амарсайхан 21 буюу 51.2 хувийн санал, Д.Баярсайхан 19 буюу 46.2 хувийн санал авсанаар С.Амарсайханыг НИТХ-ын даргаар томилох тогтоолын төслийг баталсан. Өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан багагүй зүйлийг туулсан. Өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагандаа дарамт шахалт ирж, нэрээ татахыг тулгаж байгаа талаараа дуулгаад авсан. Гэвч тэрбээр хотод бугшаад байгаа гэх М.Энхболдын бүлэглэлийнхэнтэй амжилттай тэмцэж, НИТХ-ын даргын суудлыг өөрийн болгож чадав. Уг нь НИТХ дахь МАН удирдлагуудынхаа даалгавараар төлөөлөгч Д.Баярсайханыг “ногоон гэрлээр” зүтгүүлсэн. Харамсалтай нь С.Амарсайхан гэх өрсөлдөгчийг тооцоолоогүй тэд хоёр долоо хоногийн турш төлөвлөгөөгөө биелүүлэх гэж улайрсан ч эцэст нь ийн бууж өгсөн юм. С.Амарсайхан НИТХ-ын даргаар томилогдохоосоо өмнө Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох “24 ишлэл”- ийг хүргэж байна. С.Амарсайхан НИТХ-ын даргаар томилогдохоосоо өмнө юу ярив.
Ишлэл 1. Өнөөдрийг хүртэл сайн, муу бүхий л аргаар миний нэрийг татуулах оролдлого, дайралтыг нэр бүхий хүмүүс хийсээр ирлээ.
Ишлэл 2. Нийслэлчүүдийн нийтлэг эрх ашиг болон шударга үнэний төлөө хийсэн бидний үйл хэргийн эсрэг давшилж байгаа явуургүй бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж хурал сунжирсан.
Ишлэл 3. Би Д.Баярсайхан төлөөлөгчийг улс төрийн хатуу ширүүнийг өдий хүртэл туулж яваа эх хүн, нэг танхимд суугаа хамгийн ахмад, туршлагатай улс төрч эмэгтэйнх нь хувьд хүндэлдэг.
Ишлэл 4. Миний хувьд Д.Баярсайхан гуайг үгүйсгэх, буруутгах асуудал огтхон ч байхгүй. Байх ч ёсгүй гэж үздэг. Харин дэмжиж байгаа гэх хамтрагчид нь нүүрийг нь харж инээж, нурууг нь харахаараа жинхэнэ хор хутгаж, хувь хүний халдашгүй дархан орон зай, гэр бүл, удам угсаа, хань ижлийг нь гүтгэн доромжилж, миний эсрэг турхирч байгаад нь үнэхээр харамсдаг.
Ишлэл 5. Нэг хүн, түүний ард байдаг бүлэглэл Нийслэлийн ажлыг яаж гацааж, хууль журмыг яаж гажуудуулж чаддагийг та бид харж байна. Сүүлийн үед л зах зухаас нь нийтэд ил болж байгаа болохоос биш өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн, мөн намын ажил яг ийм дүр зурагтай л явж ирсэн.
Ишлэл 6. Ц.Сандуй ажлаа өгсөн гэж байгаа ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байна.
Ишлэл 7. Өнөөдрийг хүртэл бүлгийн дарга нэртэй хүнийг Ц.Сандуй шууд удирдсаар байгаа учраас ямар ч үндэслэлгүй шалтгаанаар олон хоног завсарлага авсан. Тэд бүлгийн хурлыг бүлгэмийн цуглаан, будлианы үүр болгосон.
Ишлэл 8. Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна. Завсарлага авах нь бүлгийн албан ёсны байр суурь биш байсан. Чоно борооноор гэдэг шиг Ц.Сандуйгийн захиалгаар гэнэт дахин завсарлага авсанд бүлгийн гишүүд бүгд дургүйцсэн.
Ишлэл 9. Шинээр нэр дэвшигч оруулж ирсэн бол жинхэнэ хууль зөрчсөн, нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчидоо басамжилсан үйлдэл болох байлаа.
Ишлэл 10. Даравч далдайж, булавч бултайгаад байгаа юмыг нуух гээд яахав дээ. НИТХ дахь АН-ын бүлгээс МАН хурлаа ч хийж чадахаа байлаа гэж байгаа нь бодитой шүүмжлэл.
Ишлэл 11. НИТХ-ын үйл ажиллагаа олон сар зогсонги байдалд явж ирсэн. Хурлыг бид гацаанаас гаргаж үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүрэгтэй. Тийм ч учраас хариуцлагын асуудал яригдсан.
Ишлэл 12. Би есөн хүүхэдтэй, эгэл амьдралтай уурхайчны гэр бүлд найм дахь хүү нь болон мэндэлсэн. Аав ээж маань биднийг элэг бүтэн, гэдэс цатгалан өсгөсөн хэдий ч би долоон наснаасаа эхэлж зуны амралтаараа ах нартайгаа хамт аавыгаа дагаад сургууль, цэцэрлэгийн засвар, будаг шунх хийж хичээлийн хэрэгсэл, формоо авдаг байлаа.
Ишлэл 13. Бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна. Фракц бүлэглэл хаана ч байдаг. Гэхдээ эрх ашиг, туйлын зорилго нь юу вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг байх. Аль нэг фракц бүлэглэлд харьяалагдах гэхээсээ илүүтэй санаа зөв, зорилго сэтгэл нэгтэй олон нөхөдтэйгээ зөв зүйлийн төлөө хамтраад л зүтгэдэг.
Ишлэл 14. Хүний ажил амьдралын амжилт, бүтээл хэлбэр төдий уриа лоозон, хүч түрсэн зохион байгуулалтаас илүүтэй хүмүүс хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, үнэт зүйл дээр л тогтдог. би болзолгүй нөхөрлөдөг олон сайхан нөхөдтэй. Тэдний минь итгэл үнэмшил, дэмжлэг, туслалцаа надтай үргэлж хамт байдгаар бахархдаг юм.
Ишлэл 15. Энэ хэрээр улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд ч багагүй хувь нэмрийг оруулж ирсэндээ бахдам байдаг. Би л болж байвал бусад нь хамаагүй гэж дуугүй явах, эсвэл болохгүй байна гэж зовлон тоочиж суух нь хувь хүнийг ч, нийгмийг ч үгүй хийдэг гэж ойлгодог.
Ишлэл 16. Нийслэлийн засаглалын чадавхыг бэхжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг дотоодын нөөц бололцоо, давуу болон сул талууд, эерэг сөрөг нөхцөл байдлууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, ирээдүйд хүрэх зорилттойгоо уялдуулан тооцсон, цогц шийдэл гаргах замаар урт хугацааны тогтвортой хөгжлийн сууриа тавих нь юу юунаас чухал байна.
Ишлэл 17. Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж оновчтой зохион байгуулах,бүх шатанд эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, боловсон хүчний ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлж, урьд өмнөхөөсөө ч илүү хурдтай, эрс шийдвэртэй, зоригтой, зорилготой ажиллах цаг үе бидний өмнө байна.
Ишлэл 18. Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг халж, олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн шинэ шийдэл бүхий хотын нэгдсэн стандартыг нийслэлд нэвтрүүлэх шаардлагатай.
Ишлэл 19. Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулах хөтөлбөрийн шийдлийг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх, утаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, зам дэд бүтэц, нийтийн тээврийн томоохон төслүүдийг урагшлуулж, замын ачааллыг бууруулах зэрэг ажлууд хүлээгдэж байна.
Ишлэл 20. Амьдралын наад захын ахуйн хэрэгцээ шаардлагын асуудлаа бүрэн шийдэхгүйгээр хөгжингүй орнуудтай хөл нийлүүлэн өрсөлдөх тухай ярих ямар ч боломж байхгүй.
Ишлэл 21. Ухаалаг хотыг зөвхөн интернетийн сүлжээ бий болгох төдийхнөөр төсөөлөх нь өрөөсгөл.
Ишлэл 22. Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангадаг төдийгүй хот, нийтийн өмчийг ч эрсдэлгүй, зөв удирдаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ухаалаг хотын цогц шийдлийн тухай юм.
Ишлэл 23. Монгол Улсын хүн амын дийлэнх нь энэ хотод амьдарч байна. Утаандаа угаартаж, хогондоо дарагдаж, хоол хүнсэндээ хордож, улс төрөөс залхаж, ирээдүйдээ итгэл алдарсан хүмүүс дүүрэн газар бид бүгд амьдарч байна.
Ишлэл 24. Ирээдүйд хичнээн мөнгө зараад, юу ч хийгээд нөхөж барахгүй гарз хохирол та бидний эрүүл мэнд, удам угсаанд учирчихаад байгааг ихэнх нь мэдрэх сөхөөгүй бас мэдсэн ч шийдэх мэдэлгүй байна. Харин мэддэг, шийддэг хүмүүс нь сэтгэлгүй, санаачилгагүй байгаад сэтгэл их зовнидог.
.
24tsag.mn
Сэтгэгдэл (26)