Ээжүүдэд зөвлөхөд
Сэтгэлзүйчдээс өсвөр насны хөвгүүдийн дунд хоёр жил гаруй хугацаанд хийсэн судалгаагаар нэгэн сонирхолтой дүгнэлт гарчээ. Гэрээсээ дайжсан, эцэг, эхээсээ зугтсан, гэмт хэрэгт холбогдсон, интернэт кафе, тоглоомын газраар хоног төөрүүлдэг олон хүүхэд судалгаанд хамрагдсан бөгөөд тэд эхний удаад ээжийнхээ үглэж, яншихыг тэвчээгүй гэж хэлсэн байна.
Үүний дараа дахин тест бөглүүлэх буюу нууц санал хураалтын зарчмаар судалгаа явуулахад олон хүүхэд “Манай ээж хичээл тасаллаа, даалгавраа хийсэнгүй, дүүгээ харсангүй, гэрээ цэвэрлэсэнгүй, ус түлээ бэлдсэнгүй гэхчлэн огт өөр асуудлаар загнахдаа мөн огт өөр утгатай зүйл хэлдэг нь гэрээсээ зугтахад хүргэсэн гэжээ.
Тухайлбал, хүүгээ алдаа гаргахад ээж нь юуны түрүүнд аавыг нь муугаар хэлдэг байсан гэнэ. “Архичин эцгээ дууриасан” гэх юм уу, “Чиний эцэг тэнэг, тэнэмэл юм чинь хүүхэд нь ч гэсэндээ яг дууриасан байна”, “Эцгийгээ дууриасан ухаан муутай” гэхчлэн үглэж, загнадаг нь хөвгүүдийг гэрээсээ дайжих, эцэг, эхдээ итгэлгүй болгоход нөлөөлдөг байна.
Тиймээс ээжүүдэд хандаж зөвлөхөд ямар ч тохиолдолд, хүү чинь ямар ч алдаа гаргасан бай та асуудлыг дотроо сайн бод, тунгаа. Яагаад, юунаас болоод хүү чинь алдаад байна вэ. Танай гэрт, нөхөр та хоёрын чинь дунд ямар асуудал байна вэ. Тэгээд та хүүгээ загнах гэж байгаа бол эхлээд эцгийгээ дууриасан эргүү тэнэг гэхчлэн элдвээр бүү хэл.
Харин тухайн цаг үед, тэр өдөр хүү чинь ямар алдаа гаргасан байна вэ, тэр л асуудлаар нь ярилц. Даалгавар хийгээгүй бол түүнд эцэг нь ямар буруутай юм бэ, тэр хүн талхны мөнгө олох гээд л хаа нэгэн газар ажлаа хийж яваа шүү дээ. Тэгэхээр хүү чинь найзуудтайгаа кино үзэх гээд хичээлээ хийгээгүй юм уу, шинэ гоё тоглоом гараад түүн рүү анхаарсан байж болно шүү дээ.
Эсвэл хэн нэгнийх нь төрсөн өдөр болсон ч юм бил үү. Ямар шалтгаан байгааг нь эхэлж судлаад нөхөх ямар боломж байгааг мөн ярилцаад дараагийн удаад ингэж болохгүй шүү гээд сануулж болно шүү дээ. Эсвэл хичээлээ хийдэггүй, ном эрдэмд дургүй хүн ирээдүйд хэн болох вэ, амьдралаа яаж авч явах вэ, аав, ээж нь энэ амьдралд хүрэх гэж хэрхэн тэмүүлж, зүтгэж ирсэн бэ гэдгээ ярьж өгөхөд хүү чинь ойлгож, эрэгцүүлж л таарна.
Нэг өдрийн дараа, хоёр өдрийн дараа хурдан өөрчлөлт гарах нь юу л бол. Тэгэхээр хүлээцтэй тайван ханд. Яваандаа эерэг үр дүн гарч л таарна. Олон гол нийлж мөрөн болдогтой адил таны оролдлогууд яваандаа том амжилтын суурь болж, хүү чинь суут хүн болох ч юм бил үү. Санаа зөв бол заяа зөв гэдэг шиг ээж нь юу гэж бодож мөрөөдөж байна вэ, хүүгийн чинь заяа, зам хоёр тийм л байна. Эх хүний сэтгэл хүүхдүүдийнхээ хувь заяаны залуурч байна байдаг юм шүү.