Одоогоос сарын өмнө Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, төрийн тамгаа гардаж авч байлаа. Улс төрийн эгзэгтэй цаг үед Төрийн тэргүүний албаа авсан түүнийг ард түмэн их хийнэ хэмээн хүлээж буй. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдлүүдийг нь анхааралтай ажиглаж, улс төр судлаачид болон сонирхогчид дор бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгсөөр ирсэн. 24tsag.mn мэдээллийн сайт “24 баримт” булангаараа өнгөрсөн сарын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн 24 онцлох ажлыг товчиллоо.
Баримт 1: 2017.07.10- Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томиллоо. Энэ нь Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлиг юм.
Баримт 2: 2017.07.10 - Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараах анхны зочид болж буйгаараа онцлог юм.
Баримт 3: 2017.07.12- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүй долоон худагт наадаж байгаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзаж баярласнаа илэрхийлэв. Тэрээр энэ үеэр тэдэнд хандаж “Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр богино хугацаанд 21 аймаг, нийслэл хотод ажиллаж, хамтдаа зүтгэсний үр дүнд би Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Итгэлийг чинь зүтгэлээр хариулна” гэлээ.
Баримт 4: 2017.07.16- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол энэ удаа өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. Түүний ажил ийнхүү Төрийн ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна.
Баримт 5: 2017.07.18- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түймэртэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Уг зарлигт:
Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамран гарсан ой хээрийн түймэр унтраах, учирсан хор уршгийг арилгах арга хэмжээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас Монгол Улсын Засгийн газрын саналын дагуу хүч хэрэгсэл татан оролцуулахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т зөвшөөрсүгэй.
Ой хээрийн түймэр унтраахад оролцох зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, аюулгүйн арга хэмжээг чанд мөрдөж ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/-т үүрэг болгосугай гэжээ.
Баримт 6: 2017.07.18- Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зарим зөвлөхийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болов. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо.
Баримт 7: 2017.07.19- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зарим Элчин сайдуудыг эгүүлэн дуудах тухай зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан бичиг хүргүүлэв. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн байна.
Баримт 8: 2017.07.20- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчдийг томилох тухай захирамж гаргав. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа овоо тахилгад оролцохоор явахад 30 сая төгрөгийн зардал гардаг. Энэ жил Хан Хөхий, Алтан овооны тахилга болно, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг тахилгад биечлэн оролцолгүй элч төлөөлөгчөө томилж явуулснаар улсын төсвөөс 60 сая төгрөг хэмнэгдэхээр болов.
Баримт 9: 2017.07.24- Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “60 тэрбумын” асуудлыг шалгах явцад нухацтай хандахыг анхаарууллаа. Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй уг 90 минутын бичлэгийн турш илтгэл тавьж, мэдээлэл хийж байсан, гэтэл 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль дуусмагц төрийн өндөр албан тушаалд шууд очсоныг АТГ яагаад шалгахгүй байгаа талаар асууж, энэ асуудал нь олон улс дахь Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон анхааруулав.
Баримт 10: 2017.07.24- Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан уриалга гаргав. Тэрбээр “Миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” гэв.
Баримт 11: 2017.07.26- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хариу бичиг өгөв. Албан бичгийн төгсгөлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгаснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд би зөвшилцөх хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тус Тамгын газрын дотоод албан хэргийн харилцаанд оролцохгүй байхыг танаас хүсч байна” гэжээ.
Баримт 12: 2017.07.26- Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татах зарлигийг хүчингүй болгов.
Баримт 13: 2017.07.27- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-аас ирүүлсэн бичигт хариу өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаарх хариуг яаралтай өгөхийг шаардсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан албан бичиг АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн байна.Уг бичигт 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, урьд нь энэ хэрэг шалгагдаад эвлүүлэг байна гэх шалтгаанаар хаагдсан талаар дурджээ. АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын гарын үсэг бүхий уг албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дараах хариуг өглөө.
Баримт 14: 2017.07.28- Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилов.
Баримт 15: 2017.07.31- Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргав.
Баримт 16: 2017.08.01- Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцаж, Чингис бондын мөнгөнөөс мах, ногооны зоорь, хүлэмжийн аж ахуй зэрэгт зарцуулж байсан. Ингэж тариаланчдыг дэмжих ёстой. Газар тариаланг байгаль, цаг уурын нөхцөлөөс үл шалтгаалан усжуулах бүрэн боломжтой. Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстой сануулав.
Баримт 17: 2017.08.02- Ерөнхийлөгч Х.Баттулга гал түймэр унтраахад идэвх санаачилгатай ажилласан иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтад гал түймэрт туслахыг идэвх санаачилгатай уриалж зохион байгуулсан Фэйсбүүк хуудсуудын төлөөллүүд оролцсон юм. Тухайлбал, Пажеро клуб, Турбо Тент, Тусламж нэгдэл, Гал сөнөөгчдөд туслах групп, Мөнгөн хандив өргөсөн иргэдийн төлөөлөл, Төв аймгийн зарим сумын иргэдийн төлөөлөл, Залуу дугуйчдын клуб, Hilux Prado Group, Монголын авто спорт сонирхогчдын холбоо, Nissan Patrol, Төв гандан- Дашчоймбол дацан, Соната 6,7, Шавь цогцолбор 2Е анги, Alphard club, Монголын Хараагүйчүүд Холбоо, ATV моторт дугуйн нэгдэл, Монголын Ротари, Ротаракт клубүүдийн төлөөлөл оролцов.
Баримт 18: 2017.08.02- Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцаж, АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нар хамтарсан ажлын хэсэг нэгэнт гаргасан тул одоо эдгээр асуудал дээр ажиллах боломж нээгдсэн гэдгийг хэлэв.
Баримт 19: 2017.08.02- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар Монгол Улсын Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулав. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ.
Баримт 20: 2017.08.03- Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж Ц.Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилов.
Баримт 21: 2017.08.03- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг хүлээн авч уулзан Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.
Баримт 22: 2017.08.03- Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж А.Гансүх, Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.
Баримт 23: 2017.08.04- Ерөнхийлөгчийн Тамгын газраас оффшорын асуудлаар олон улстай хамтран ажиллах тухайд Сангийн сайдад хандав. Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга манай улсаас оффшор бүсэд хууль бусаар байршуулсан хөрөнгийг буцаан авчирч өрийн дарамтыг багасгах чиглэлээр ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын /OECD/ оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байршуулахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны чиглэлээрх Дэлхийн форум /Global Forum of Transparency and Exchange of Information for Tax Purposes/ мөн татварын шударга тогтолцоог бүрдүүлэх Татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах /Base Erosion and Profit Shifting/ асуудлын эсрэг төсөлтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.
Эдгээр байгууллагуудаас гишүүн болох саналыг 2012, 2016 онуудад манай талд тавьж байсан байна. Оффшор бүсэд хууль бусаар хөрөнгө байрших явдалтай тэмцэх ажлын хүрээнд эдгээр байгууллагуудад Монгол Улс нэгдэн орох асуудлыг судлан үзэж хэрэгжүүлэхээр ажиллана уу. Явцыг эргэж мэдээлэхийг хүсье. ” гэсэн байна.
Баримт 24: 2017.08.07- Ерөнхийлөгч Х.Баттулга Оюуны спортыг дэмжиж ивээлдээ авахаа мэдэгдэв. Ерөнхийлөгч Х.Баттулга хими, физик, математикийн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож медаль хүртсэн сурагчид, багш нарыг хүлээн авч, “Би оюуны спортыг дэмжинэ. Ивээлдээ авна. Бид спортыг тодорхой хугацаанд дэмжсэн. Амжилт гарч байна. Монгол хүн ямар их чадвартай вэ гэдгийг оюуны спортоор гаргаж ирж байгаа багш нар, залуучуудад амжилт хүсч баяр хүргэе” гэв. Мөн оюуны спортын бүс, дүүрэг, аймаг, хот, улсын тэмцээнүүдийн талаар дотооддоо сайтар сурталчилж, нэгдэж, холбоо байгуулж, хэд хэдэн телевиз, түүний дотор МҮОНТВ-тэй тогтмол гэрээ хийж, МҮОНТВ-ийн холбогдох суваг дээр тодорхой давтамж бүхий цагтай болж сонирхолтой контент бэлтгэн нийлүүлж, үйл ажиллагаагаа тогтмол сурталчилж байвал олон нийтэд хүрч илүү зөв болно гэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (35)