Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяр анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр өөрийг нь эсэргүүцэн Лондонд жагсаал зохион байгуулж буй хүмүүсийн талаар болон Оюутолгойн гэрээг маш муу хувилбараар үзэглэсэн хэмээн ам нээсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар өгүүлсэн байна. Түүний ярилцлагаас онцлох 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Элчин сайдын яамны гадна жагсаж байгаа хүмүүс хэд гурваараа ирээд, яамны үүдэнд ухуулах хуудас дэлгэн барьж, “сэлфи” зургаа дарж байгаад яваад өгдөг. Эхэндээ манай ЭСЯ-ны гадаа ирж саатдаг байснаа одоо хотын төв, Английн парламентын ордны хавьд үзэгддэг болсон гэдэг.
Баримт 2. Би албан ёсоор бол уулзаагүй. Уулзах санал байна уу гэхэд татгалзсан хариу өгсөн. Үдийн цайны цагаар голдуу ирдэг болохоор яамнаасаа гарч, орох зуур тэр хүмүүстэй хэд хэд таарсан. Мэндээ мэдэлцэж хэдэн үг сольсон.
Баримт 3. Инээд алдсан, яриа хөөрөөтэй л бүсгүйчүүд байна билээ. Тэр нутгийн шар толгойтой нэг нөхөр хамт харагддаг. Мүүнийн шашны зүтгэлтэн, манайхныг урьж дайлсан найрсаг хүн гэдгээр нь тэнд байгаа монголчууд түүнийг анддаггүй гэсэн.
Баримт 4. Төр засгийн байгууллагад илгээсэн өргөх бичгийн хариу нь төвөөс ЭСЯ-нд ирснийг тэдэнд дамжуулсан. Надад ч бас хандсан шаардах бичиг тэд ирүүлсэн. Би ч бас хариуг нь тогтсон журмаар өгсөн.
Баримт 5. Нэг бичгийн хариуг өгөхөд өөдөөс шинэ бичиг гардуулдаг байдалтай яваад байгаа. Зөвхөн Монголын талд хандаад зогсохгүй Английн талд ч сонгогчийнхоо хувьд ханддаг юм байна.
Баримт 6. Сонгогчийнхоо хувьд гэдэг нь тэр улсын иргэд учраас Английн төрийн байгууллага, албан тушаалтнуудад сонгогчийнхоо хувьд ханддаг юм билээ. Гэтэл тэдний нэг нь 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан гэсэн. Хоёр талд азаа үзээд байгаа хүн шиг. Одоо Английн парламентын ордны гадаа очиж жагсаад байгаа болохоор тэндээ сонгогдох гээд байгаа ч юм шиг. Би сүүлдээ бүр ойлгохоо больсон.
Баримт 7. Хувь, хувьсгалын олон зорилго байгаа байх. Юутай ч цаг зав, хөрөнгө мөнгөө гаргаад, тэнд хийж байгаа жижиг цуглааныг нь энд том сурталчлаад байгаа учраас зориудын зохион байгуулалттай нь ойлгомжтой. Хэн зохион байгуулаад байгаа нь ч тодорхой. Бусад газар юу болж байгааг би мэдэхгүй.
Баримт 8. Сайнаар хэлвэл Монголын улс төр хил хязгаараа тэлж байгаа ч юм шиг. Саар талаасаа бол Монголоо л муухай болгон харагдуулж байгаа юм. Лондонд Баяр, Энхбаяр, Дорж, Дондог гэж танихгүй, тэдний сайн, мууг мэдэхгүй. “Энэ хэдэн монголчууд яачихсан юм бол доо” л гэж гадныхан гайхна.
Баримт 9. Монголын муу муухайг монголчууд Монголдоо л засна. Түүнээс биш гадаадынхан, эсвэл гадны шахалтаар тэрнийг хийхгүй. Аль ч алба амь биш, заяа биш. Авч болсон юм, өгч болно. Очиж болсон юм, буцаж бас болно. Гэхдээ таних танихгүй, гадна дотны хэдэн хүн шаардлаа гээд хаяад явчихдаг төрийн алба гэж юу байх вэ.
Баримт 10. Жагсаалын сэдэв маш олон. Надад өгсөн, дээшээ илгээсэн шаардах бичигт Оюу толгойн гэрээг хийхдээ хувьдаа мөнгө завшсан, тэр мөнгөөрөө хилийн чинадад долоон байр авсан гэсэн аястай арав гаруй сэдэв харагдсан. МАНАН-г байгуулж Монголын ард түмний амьдралыг доройтуулсан, долоон байшин авсан, долоон сарын 1-нийг дэгдээсэн, таван хүний аминд хүргэсэн гээд олон муу муухай юмны буруутан болгосон байсан.
Баримт 11. Оюу толгойн гэрээ бол ардчилал, зах зээлд шилжих сүүлийн хорь гаруй жилийн явцад Монголын төр засгаас гаргасан хамгийн том шийдвэрийн нэг. Том шийдвэр учраас том анхаарал татах нь ойлгомжтой. Оюу толгойн гэрээ байгуулсанаараа, байгуулах ажлыг удирдсанаараа би үнэхээр бахархдаг. Үүнийгээ би хаана ч, хэзээ ч хэлдэг.
Баримт 12. Энэ бахархлыг маань унтраах, намайг гутаах, гүтгэн доромжлох гэсэн кампанит ажил гэрээ байгуулсан тэр цагаас хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ бол дотоод, гадаадаас тэтгэгддэг кампанит ажил байгаа юм.
Баримт 13. Оюу толгойн гэрээ бол гуравдагч хөршийн асар том хөрөнгө оруулалтыг хангаснаараа онцлог. Бидний баярлах, бахархах ёстой зүйл бол энэ.
Баримт 14. Гэрээ бол гэрээ. Нэг талаас гаргадаг тунхаглал, тулгадаг мэдэгдэл биш. Гэрээ бол хоёр тал хэлэлцэж байгаад хүрдэг зөвшилцөл. Ийм том гэрээг бид урьд өмнө хийж үзээгүй. Тэр чиглэлийн туршлага, мэдлэг бидэнд бага байлаа. Тиймээс дутуу, дулимаг юм байхыг үгүйсгэдэггүй.
Баримт 15. Гэрээг шүүмжилж болно. Шүүмжлэх ч ёстой. Ийм шүүмжлэлийг хүлээж авах естой. Харин Оюу толгойн гэрээг санаатайгаар муу хийсэн, эндээсээ мөнгө завшсан гэх гүтгэлгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тийм үндэс ч байхгүй.
Баримт 16. Надтай ярихаар Энхбаярыг, Энхбаяртай ярихаар намайг ёс юм шиг асуудаг болоод удлаа. Заримдаа ч залхмаар. Н.Энхбаяр төрийн том сэнтийд сууж байсан хүн гэхээргүй арай л задгай зайдан ярьж байна билээ.
Баримт 17. Ганц Оюу толгойн гэрээ гэлтгүй, намайг дэмжиж дарга болгосон тухай, долоон сарын 1-ний хэрэг явдалд өөрөөс нь бусад бүх хүн буруутай тухай, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль намын удирдлагын уршгаас болж амжилтгүй болсон тухай гэхчилэн өөр олон хүнийг хамарсан, өөр олон сэдвийг хөндөөд байсан. Уур бухимдалтай, сэтгэл санааны хувьд ихээхэн тогтворгүй байсан учраас тэр үү, эсвэл ерөөс ингэж ярьдаг болсон юм уу, илэрхий худлаа, огт авцалдаагүй үг амнаас нь унаж байх юм.
Баримт 18. Оюу толгойд манай эзэмших хувийн тухай асуудал байна. Энхбаярын ярьснаар бол, тэр намайг дуудаад л, Монголын тал 51 хувьтай байна шүү, нөхөөр, гэж захиж анхааруулжээ. Тэгтэл Монголдоо хайргүй би бээр түүнийг хуурч мэхлэн 34 хувь болгосон гэж ойлгохоор. Гэтэл бид хоёрын хооронд ийм яриа огт болоогүй. Болох ч үндэсгүй. Үүнийг хоёр том дарга яриад шийддэг ч юм биш. Энэ асуудал яриагаар биш хуулиар зохицуулагддаг.
Баримт 19. Н.Энхбаяр дарга намынхаа хуучин нөхдөд их гомдолтой байгаа анзаарагддаг. Бүгдийг нь дэмжээд дээш нь гаргасан, гэтэл ач тусыг нь санадаг, хариулдаг нэг ч хүн байхгүй. Байнга ярьдаг сэдэв нь. Ач тусыг минь хариулсангүй гэж гомдоллоод явдаг. Ач тусыг мартвал алдас болно гэдгийг монгол хүн бүр сайн мэднэ. Гэхдээ ач тусынхаа хариуг нэхэж авдаггүй, тосож авдаг нь бас Монголын ёс.
Баримт 20. Н.Энхбаяр дарга үнэн юм ярьж байгаа бол тэр үнэнд хэн ч гүйцэгдэнэ. Харин худлаа яриад байгаа хүн бол түүндээ заавал ороогдоно. Н.Энхбаяр дарга албаа өгснийхөө дараа үе үе хачин сонин юм ярьдаг болсон. Эхэндээ бол арай гайгүй байсан. Болсон явдал, яриа хөөрөө энэ тэрхнийг хачирлах, давслах хэмжээнд ярьдаг байлаа. Сүүлдээ болсныг давслах биш, болоогүйг зохиож ярьдаг, шууд гүтгэдэг болсон байна.
Баримт 21. Сүүлийн жилүүдэд Н.Энхбаяр дарга байсхийгээд л гэнэт гарч ирж, аймаар аймаар сенсаац дэлгэдэг боллоо. Тэрэн дотроо намайг нэрлэж байгаад элдэв долоон ял тулгана. Үүнийг нь эс тоогоод дуугүй явна гэхээр ярьсныг нь хүлээн зөвшөөрсөн болчих гээд байдаг. Тоогоод хариу барина гэхээр бид хоёрын нас, намбанд зохихгүй хэрүүл маргаан болчих гээд хэцүү.
Баримт 22. Бид хоёр залуудаа ойр дотно үерхэж явсан маань үнэн. Мань хүн Ерөнхий сайд байхад би түүний удирдлага дор Их өрийн асуудал шийдэх багийн бүрэлдэхүүнд нь Элчин сайдын хувьд зүтгэж байв. Тэр үед зориг, шийдэмгий чанарыг нь үнэлж байлаа. Манай намыг Социнтернд элсүүлнэ, дэлхийн том хандлага дагасан орчин цагийн нам болгоно гэж намын даргын хувьд зүтгэж байхад нь мань мэт түүнийг маш их дэмждэг байв. Түүнээс хойш юм их өөрчлөгджээ.
Баримт 23. Миний мэддэг тэр Н.Энхбаярыг өнөөдөр би олж харахгүй байгаа. Түүнийг одоо найзаа гэж хэлж чадах уу гэж чи тавлаж асууж байх шиг. Сүүлийн хэдэн жил байнга гүтгүүлээд, ил далд элдэв дайралтынх нь бай болж яваа би “чадна” гэвэл дэндүү худлаа сонсогдоно. Хэн надад итгэх юм бэ.
Баримт 24. Ард түмнээ бодох тал дээр зөв зүйтэй л зөвлөгөө надад өгсөн байна, Н.Энхбаяр маань. Өөрт нь нэг хэлэхсэн гэж миний бодож явсныг л тэр хэлжээ. Харин тэр “гадаанаа жагсаалтай” байгаагийн талаар бол нохойтож байна. Бас л янзын хүн шүү. Өөрөө зохион байгуулна, араас нь ашигтай зөвлөгөө муу нөхөртөө өгсөн болж хөөрхөн дамшиглана.
Б.Энхжин
Сэтгэгдэл (71)