Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн байлдагч Б.Ариунболд сургуулилтын гранат дэлбэрснээс болоод харамсалтайгаар амиа алдсан билээ. Түүний ээж өчигдөр хэвлэлд ярилцлага өгчээ. Талийгаач Б.Ариунболдын ээж Ш.Навчцэцэг болон нагац ах Ш.Түвдэндорж нар нь юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Миний хүү 1993 онд Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн. Анх аймгийн хоёрдугаар арван жилийн сургуульд орж, суралцаж байгаад амьдралын эрхээр Цагааннуур сум руу шилжсэн юм. Наймдугаар ангиа төгсөөд МСҮТ-д компьютер графикийн мэргэжлээр суралцсан. Их авьяаслаг, бахархмаар сайхан хүү байлаа.
Баримт 2. Сагс, волейбол маш сайн тоглодог. Мөн дуулж, бүжиглэх дуртай. “Би л чадна, болгоно, бүтээнэ” гэж байнга ярьдаг хүүхэд. Тэмцээн уралдаанд оролцож, шагнал медаль олныг авч байсан сайхан дурсамжтай мөч их байгаа.
Баримт 3. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод бас медаль авсан байсан. Явсан газартаа нэр хүндтэй, тэмцээнд одтой, хийморьтой хүү байсан даа.
Баримт 4. Хүү минь багаасаа цэрэг болно гэж ярьдаг байсан. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгсч, Зэвсэгт хүчний 350 дугаар ангид гранатомётчиноор ажиллах хугацаандаа олон улсын хамтарсан “KHAAN QUEST” хээрийн сургуульд амжилттай оролцсон.
Баримт 5. 2013 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит болон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнд оролцож “Алтан медаль”, 2014 онд шагналт тавдугаар байрт шалгарч байлаа.
Баримт 6. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүү маань харамсалтайгаар амь насаа алдлаа. Манай гэрийн бүлд маш том гарз тохиолоо. /уйлав/
Баримт 7. Нас барахынхаа урд өдөр нь над руу утсаар ярьсан. “Ээж ээ, хүүгийнх нь утасны цэнэг дуусах гээд байна. Орой залгаж тухтай яръя. Хүү нь одоо утсаа унтраалаа. Та хүүдээ зориулаад фэйсбүүктээ зургаа тавиарай. Таныгаа хармаар байна, хайртай шүү” гэж хэлээд утсаа тасалсан. Энэ бол бид хоёрын хамгийн сүүлчийн яриа байсан.
Баримт 8. Хүү минь над руу утсаар байнга ярьдаг. Ээждээ их халамжтай. “Миний төлөө үргэлж цайныхаа дээжийг өргөж байгаарай” гэж утсаар ярих бүртээ захидаг байлаа.
Баримт 9. Хүү минь миний амьдралд маш том орон зайг эзэлдэг. Үнэхээр хэцүү байна. Эх орондоо тангараг өргөсөн цэрэг эр байсан шүү дээ гэж бодоод сэтгэлээ тайтгаруулах гэж оролдож сууна.
Баримт 10. Би нэг охин, хоёр хүүтэй. Талийгаач миний дунд хүү. Бага хүү Ховдын цэргийн ангид гэрээт цэрэг.
Баримт 11. Талийгаачийн хүү миний анхны ач. Аавтайгаа усны дусал шиг адилхан.
Баримт 12. Ач маань өнөөдөр гурван сар хүрч байна. Талийгаач багаасаа л анхны хүүхдийнхээ нэрийг ээжээрээ өгүүлнэ гэж ярьдаг байсан. Хүүтэй болсон өдрөө над руу залгаад “Ээж ээ, хүү нь аав боллоо шүү дээ. Хөөрхөн хүүтэй болсон. Хүү нь сайхан амьдарна. Та миний хүүд нэр өгөөрэй” гэсэн.
Баримт 13. Би ачдаа Тэмүүжин гэдэг нэр өгсөн дөө. Бэртэйгээ сая л уулзлаа. Уг нь ирэх долдугаар сард хүүгийнхээ хуримыг хийгээд тусад нь гаргах бодолтой байсан юм.
Баримт 14. Хүү минь түрээсийн байранд эхнэртэйгээ хамт амьдарч байсан. Эхнэр нь төрөх дөхөөд хадмындаа амьдарч байсан юм.
Баримт 15. Бэр маань цэцэрлэгийн багш. Нялх хүүхдээ тэврээд үлдэж байгаа болохоор зүрх шимшрээд хэцүү байна.
Баримт 16. Харамсалтай мэдээ сонсоод эгч нь Баян- Өлгий аймгаас онгоцоор ирсэн. Нас барсан орой нь манай хамаатнуудад хэл дуулгасан байна лээ. Үнэндээ итгэж чадаагүй.
Баримт 17. Цочролд орж, ухаан алдчихсан. Би аймгийнхаа 340 дүгээр ангид штабын үйлчлэгч хийдэг.
Баримт 18. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, 350 дугаар ангийн удирдлагууд надтай уулзсан. Харамсалтай хэрэг гарлаа гээд гашуудал илэрхийлсэн. Хөдөөлүүлэх ажилд нь ч бас ирж оролцсон.
Баримт 19. Сэтгэл санаа их хэцүү байсан учраас үг хэлэх тэнхэл ч байхгүй байсан.
Баримт 20. Цэргүүдэд хээрийн бэлтгэлд гарахдаа анхааралтай байгаарай гэдгийг, дарга нарт нь хандаж хяналт шалгалтаа сайжруулаарай гэж захимаар байна. Ахин ийм харамсалтай хэрэг дахин гаргуулахгүй байх талд Батлан хамгаалах яам анхаарч ажиллах шаардлагатай.
Баримт 21. Хүүгийн минь алтан амийг олон тэрбумаар үнэлээд ч эхийн, ар гэр, эхнэр хүүхдийн нь сэтгэлийн шархыг эдгээхгүй шүү дээ.
Баримт 22. Миний хүү Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн. Төр, засаг миний хүүг үнэлж Энхийн төлөө медалиар шагнасан. Ээждээ зориулаад Судан Улсаас хундаганы иж бүрдэл авч ирж өгсөн. “Ээж ээ, орсон гарсан хүмүүст идээнийхээ дээжийг хийж өгөөрэй” гээд инээмсэглээд өгч билээ.
Баримт 23. Ахлагчийн курсэд суралцсан үеэсээ л манайд амьдарсан. Хүнд тусархуу, дөлгөөн, их цайлган, ааш зан сайтай хүүхэд байсан. Эхнэр нь гуравхан сартай нялх хүүхдээ тэврээд үлдлээ. Дөнгөж 20 гарч яваа бүсгүй хүн хань ижлээсээ хагацаад хэцүү байна.
Баримт 24. Эгчийн минь бие тааруухан байна. Сэтгэл санаа нь маш хэцүү байгаа. Шокын байдлаасаа гарч чадаагүй л байна. 24 жилийн турш хайрлаж, халамжилж ирсэн хүү нь нэг л өдөр байхгүй болчихоор ямар байх нь ойлгомжтой.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (38)