Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагандаа хэд хэдэн асуудлыг хөндөж ярьсан байна. Тухайлбал энэ хөтөлбөрийг Засгийн газар өөрөө боловсруулсан бөгөөд ямар зардлыг танах эсэх нь өөрийнх нь асуудал гэдгийг ч онцоллоо. Ингээд түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг “24 баримт”-аар хүргэж байна.
Баримт 1. Монгол Улсын өнөөгийн зээлийн хүүгийн түвшин маш өндөр байгаа. Төгрөгөөр олгож буй зээлийн хүү дунджаар 25- 30 хувь. Ийм орчинд бизнес ашигтай байх боломжгүй.
Баримт 2. Өнгөрсөн хугацаанд бодлогын алдаа гаргаж, хүүгийн бүтэц буруу болсон. Тухайлбал, ам.долларын хадгаламжийн хүү Монголд найман хувь байна. Харин АНУ-д нэг хувь. Тухайн орны эрсдэл өндөр байгаагаас хүү нь дагаж өссөн гэсэн үг.
Баримт 3. Засгийн газар ОУВС-тай тохирсон хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадвал цаашид Монгол Улсын эрсдэл буурах боломж бүрдэнэ. Үүнийг дагаад хүүгийн бүтэц сайжирна. Мөн Засгийн газар их хэмжээний зээл авах шаардлага нь багасна.
Баримт 4. Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж эхэлснээр хөрөнгө оруулалт сэргэнэ гэж хүлээж байгаа. Ингэснээр хүүгийн ерөнхий түвшин буурна. Үүнийг даган хадгаламж болон зээлийн хүү хоёул багасна. Одоогоор хадгаламж болон зээлийн хүүгийн зөрүү их байгаа. Энэ нь банкны үйл ажиллагаа, бүтэц оновчгүйн илрэл юм.
Баримт 5. Татварын тухайд өндөр орлоготой иргэдэд ногдох хэмжээ нь өснө гэж харж байгаа. Бага орлоготой иргэдэд энэ нь нөлөөлөхгүй. Монгол Улсад татвар ногдох хувь хэмжээ дэлхийн бусад орныхтой харьцуулахад бага учраас нэмэгдүүлэх орон зай бий гэж бодож байна. Ер нь өндөр орлоготой хүмүүсээс ахиу татвар авах зарчим баримталж байгаа.
Баримт 6. Хэлэлцээрийн хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод татвар хэрхэн ногдуулах вэ, хувь хэмжээ нь ялгаатай байх, эсэх талаар яг таг тохирсон зүйл байхгүй.
Баримт 7. Төсвийн бодлогын хүрээнд орлогоо өсгөн, зарлагаа танаж, алдагдлыг багасгах зорилготой байсан. Ингэснээр өр багасна. Хэрэв төсвийн алдагдал өндөр хэвээрээ байвал өр өсөөд л байна. Тиймээс төсвийн алдагдал, өрийг хумихын тулд зарлагаа танах ёстой.
Баримт 8. Төсвийн орлогыг өсгөх арга хэмжээний хүрээнд зарим татварын хувь хэмжээг нэмж байгаа. Хамгийн гол нь төсвийн алдагдлыг бууруулах энэ ачааг нэг хэсэг хүн бус, нийтээрээ хуваан үүрэх нь зүйтэй гэж үзсэн.
Баримт 9. Засгийн газар төсвийн зардлаа багасгах шаардлагатай байгаа шүү дээ. Харин ямар зардлыг танах вэ гэдэг нь Засгийн газрын өөрийнх нь шийдэх асуудал.
Баримт 10. Моргэйжийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэвэл бид хүлээн зөвшөөрч, дэмжинэ. Энэ хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ Төвбанк энэ хөтөлбөрийг санхүүжүүлэх нь буруу. Моргэйжийг Засгийн газарт шууд шилжүүлэхэд зарим асуудал байсан. Одоогоор энэ хөтөлбөрийг хүүгийн төлбөрөөр санхүүжүүлж буй. Тэгэхээр одоо байгаа моргэйжийн зээлийн үлдэгдэл нь ойрын хугацаанд өсөхгүй гэсэн үг.
Баримт 11. Сул чөлөөтэй дийлэнх эх үүсвэрээрээ Засгийн газрын үнэт цаас худалдан авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэн, өндөр өгөөж хүртээд сууж байна.
Баримт 12. Эдийн засаг хүндэрсэн үед арилжааны банк хувийн хэвшлийнхнийг санхүүгийн эх үүсвэрээр хангах ёстой. Гэтэл энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.
Баримт 13. Монголбанк засаглал, хараат бус байдлаа бэхжүүлэх зорилгоор зарим арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Баримт 14. Хамгийн гол нь өмнөх алдаагаа дахин давтахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ер нь өнгөрсөн хугацаанд Монголын эрх баригчдын гаргасан бодлогын алдаанаас үүдэн эдийн засаг нэг бол хурдтай өсөх, эсвэл огцом унаж, маш их донсоллоо.
Баримт 15. Хөгжиж буй орны хувьд эдийн засаг нь удаан хугацаанд тогтмол өсөх нь чухал.
Баримт 16. Ази тивийн улс орнуудын эдийн засаг жилд дунджаар найман хувь өсөж байна. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж байгаад дараа нь хүндрэх үед олон асуудал тулгардгийг бид өмнөх жишээнээс харсан. Тиймээс үүнийг дахин давтахгүйн тулд банкны системээ бэхжүүлье, бодлогоо ч сайжруулъя. Үүний төлөө ч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Баримт 17. Монгол Улсын Засгийн газар тохирсон зүйлсээ биелүүлж байвал дараагийн шатны санхүүжилтийг нь олгоно. Зуд болох, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ огцом хямдрах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зорилтот түвшинд хүрээгүй бол биелүүлэх хугацааг нь хойшлуулах боломжтой.
Баримт 18. Энэ хөтөлбөрийг Засгийн газар боловсруулсан. ОУВС бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцож байгаа.
Баримт 19. ОУВС-г 189 гишүүнтэй хадгаламж зээлийн хоршоотой зүйрлэж болох юм.
Баримт 20. Монгол Улсын эдийн засаг жижиг учир ОУВС-д эзэмшиж байгаа квотын хэмжээ ч бага буюу ойролцоогоор 100 сая ам.доллар байгаа.
Баримт 21. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болбол нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Энэ нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тал хувьтай тэнцэж байна.
Баримт 22. ОУВС зөвхөн зээл олгодоггүй. Үүнээс гадна улс орнуудад тодорхой асуудлаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Монгол Улсын хувьд Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагад манай мэргэжилтнүүд болон тухайн чиглэлээр мэргэшсэн олон улсын шинжээчид зөвлөмж өгдөг.
Баримт 23. ОУВС төрийн албан хаагчдыг АНУ-ын Вашингтон болон Сингапурт сургалтад хамруулдаг юм. Түүнчлэн Монголын эрх баригчидтай хамтран бодлогын хэлэлцүүлгийг тогтмол өрнүүлдэг.
Баримт 24. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нь ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны багахан хэсэг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (21)