УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгнээс онцлох 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Манай улсын өнөөгийн хямралт байдлын гол шалтгаан бол эдийн засаг биш. Монголын хямралын жинхэнэ эзэн бол улс төр юм. Хариуцлагагүй байдал юм. Монгол Улс мөнгөгүйдээ биш хариуцлагагүйдээ хямарсан.
Баримт 2. Монголын нэр, нүүр, буянаар мөнгө олдох нь олдох бололтой. Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр бол хариуцлага. Хариуцлагагүй төрд их мөнгө гай л болно. Монголыг улам хямраана.
Баримт 3. Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил бол хариуцлага байгаа юм. Манай сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцохын тулд бусдаас валютын зээл авах хэрэггүй. Үнэхээр хариуцлагатай улс болъё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй.
Баримт 4. УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл. Монголын төрд хариуцлагын тогтолцоо, хууль бий болж байж, тэр нь тэгш хэрэгжиж байж төрдөө итгэх ард түмний итгэл бага ч болов сэргэнэ.
Баримт 5. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй. Албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог болох хэрэгтэй. “Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно.
Баримт 6. Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй. Эрх баригч хүчний сонгуулийн амлалт, хөтөлбөр бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ.
Баримт 7. Бизнес дэх улс төрийн оролцоо Монголыг туйлдуулж байна. Манай төр эдийн засгаасаа томорсон. Том төрийнхөө ачааг эдийн засаг нь даахгүй байна.
Баримт 8. Манай бүх яам, агентлаг, төрийн байгууллагууд аж ахуй эрхэлдэг, тендер хөөцөлддөг, барилга барьдаг болсон. Албан тушаалтны шийдвэр, тамганы дардас, гарын үсэг бүхэн бизнес болсон.
Баримт 9. Төрийн нэрээр хийдэг бүх шахаа зогсох ёстой. Гишүүний дээлтэй сайдыг Ардын нам шүүмжилдэг байсан. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлаж хашиж болохгүй. Энэ байдлыг өөрчлөх ёстой.
Баримт 10. Сайд гэж манайд сүрхий гажуудсан албан тушаал байна. Ер нь сайдын албан тушаал бол эрхэлсэн сайдын хэмжээнд л байх хэрэгтэй.
Баримт 11. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг төрийн яам байгууллагаас, төрийн албан тушаалтнаас салгахгүйгээр байдал сайжрахгүй. Аж ахуйтай орооцолдсон төр, сайд, дарга нар хагарал зөрчил, хэрүүл тэмцэл, авлига албан тушаалын гэмт үйлдлээс ангид байж чаддаггүй юм.
Баримт 12. Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт, төрийн нэрээр хийж буй аж ахуйн гэрээ хэлцэл, шалгаруулалтыг төрөөс салгах хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй. Бүгдийг олон нийтийн хяналтад оруулж, шилэн болгох хэрэгтэй. Төрийн байгууллага хуулийг хэрэгжүүлдэг, гэрээ стандартыг хянадаг мөрдүүлдэг, хариуцлага ноогдуулдаг л болох ёстой.
Баримт 13. Төрийн бүх шатны албан хаагч, албан тушаалтныг өрөөгөө тансаглаж томруулж зассан бол, албаны унааг хэрэглэх ёсгүй зүйлд унасан бол, компьютерээ буруу зүйлд ашигласан бол ажлаасаа халагдах л ёстой. Хариуцлагатай төрийн ажил эндээс л эхэлдэг.
Баримт 14. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг “үр ашиг” гэдэг нэг л хэмжүүрээр дүгнэе. Хэрэв энэ хэмжүүрт хүрэхгүй бол өмчлөл, удирдлагыг нь өөрчил.
Баримт 15. Төрөөр хөлжиж мэргэшсэн улс төрчид хувалз адил төрөөс салахгүй, түүнийг харж шунасан хэсэг нь салхинд туугдсан хачиг адил төр рүү зүтгэсээр байгаа юм. Хүний өмнүүр орж бүхнийг хийх гэж оролддог төр бол хүнээс бүхнийг булааж дуусдаг.
Баримт 16. Мөнгөнд шуналтсан дарга нар Монголыг өөд татаж чадахгүй. Энэ байдлыг ойлгохгүйгээр, засахгүйгээр манай эдийн засаг хямралт байдлаасаа ангижрахгүй. Өнөөдрийн авч байгаа “аргагүй” зээл маргааш үед өр ачаа болж хуримтлагдсаар л байх болно.
Баримт 17. Төрийн зардлыг хасахгүйгээр Монголын ачаа хөнгөрөхгүй. Төрийн ачаалал их байгаагийн маргашгүй нотолгоо бол төсвийн алдагдал. Төрөө засах гэвэл бид төсвөө алдагдалгүй болгох ёстой. Төсвийн тогтвортой байдлын хуулиа хатуу мөрдөх ёстой.
Баримт 18. Төрийн албан хаагчдын орон тооны хөөрөгдлийг хазаарлах хэрэгтэй. Монгол Улс “Заан биетэй, хулгана хөлтэй” төрийн албатай болох нь.
Баримт 19. Сонгуулийн мөчлөг бүртэй давхцаж ирдэг дайрлага энд эцэс болох ёстой. Улс төрийн хүрээний завхрал, ялзрал нь төрийн албаа сүйтгэдэг, энэ байдал нь эргээд улс үндэсний аюулгүй байдлыг сулруулдаг гажуудлыг засах ёстой. Өнөөгийн эрх баригчдын ул суурьтай шийдвэрлэх асуудлын нэг бол энэ мөнөөсөө мөн.
Баримт 20. Улс төрийн нам тойрсон гажуудлыг засахгүйгээр Монголын төр, улс төрийн амьдрал дахь тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.
Баримт 21. Монгол Улс боломжгүй орон биш. Харин тэр боломжыг ашиглах чадвар гүйцэтгэх эрх мэдэлд дутагдаж байна. Манлайлах учиртай манай гүйцэтгэх эрх мэдэл бяд муутай байна. Бяд муутай засагтай Монголчууд бид хол явахгүй. Хол явах биш, одоо бол бүр урагшлахаа ч болилоо.
Баримт 22. Манай улсын Засгийн газарт итгэх итгэл, тэр үнэт зүйл-итгэл дотроо ч, гаднаа ч бараг алга. Улсаараа шаварт суучихсан байсан ч гүйцэтгэх засаг нь гүйж л байх ёстой. Хөл дээрээ босож ядаж байгаа орны хувьд чадамж муутай Засагтай бидний байдал улс оронд маань бүр ч хорлонтой туссаар байгаа юм.
Баримт 23. Өнөөгийн эрх баригчид өмнөхийнхөө алдааг засах биш давтах хандлагатай байгаад санаа зовж яваа. Халаа сэлгээ, албан тушаалын хувиарлалт, өнгө мөнгөний хорхойсол, улс төрд тулгамдаж буй олон асуудалд хандах хандлагад агуулгын өөрчлөлт харагдахгүй байна. Иргэдийн шүүмжилдэг “аль ч нам нь байсан ялгаагүй” гэдэг үг улам л үнэн болоод байна.
Баримт 24. Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлтийн асуудал хоёр тахал манай цэцэг цэврүү шиг залуу үеийг онилоод удаж байна. Энэ дайрлага манай залуу үеийг өсөж төлөвших, сурч боловсрох, амьдралд хөлөө олох гэж явах хамгийн эмзэг үед нь дайрч байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (27)