Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг хэлэлцэх зорилгоор улс орнуудын удирдагчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор чуулж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд ярилцлага өгсөн юм. Энэ үеэр түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Монгол бол боломж бага олддог улс гэж хэлж болно. Сайн боломж олдвол ашиглах хэрэгтэй. Давосын чуулга уулзалт бол хүссэн болгон оролцоод байдаггүй, урилгаар оролцдог. Зарим орны Ерөнхийлөгч ирчээд хашааных нь гаднаас буцсан тохиолдол зөндөө бий.
Баримт 2. Энэ үйл ажиллагааны анхааралд Монголыг оруулж, дахиад оролцох хэмжээнд хүрэхийн тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарна. Тийм учраас энэ боломжийг бид алдахгүй ашиглах учиртай.
Баримт 3. Энэ чуулга уулзалтад Монгол Улс оролцохдоо эхнээсээ барьсан бодлого бол зөв үнэлгээ авах ёстой гэсэн байр суурь. Монголчууд харагдахуйц хэмжээнд оролцож байна гэсэн үнэлгээг эхний жилээсээ авах гэж оролдсон.
Баримт 4. Өнгөрсөн найман жилд Монгол Улс Давосын чуулга уулзалтад хүлээн зөвшөөрөгдсөн түнш болж чадлаа. Энэ бол бидний том ололт.
АНУ-ын Ерөнхийлөгч бол дэлхийн хамгийн хүчтэй албан тушаал гэдэг. Тэгвэл одоо Си Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү удирдагч болж үнэлэгдэж байна.
Баримт 5. Давосын хэмжээний чуулга уулзалт хийе гэсэн саналыг улс орнууд, удирдагчид байнга гаргадаг. Давос бол өнгөрсөн хугацаанд хамгийн нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн арга хэмжээ болж чадсан.
Баримт 6. Өнгөрсөн жил монголчууд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг нутагтаа зохион байгуулсан. АСЕМ бол 100 жилд Монголд нэг удаа болох арга хэмжээ байсан. Миний харж байгаагаар Давос бол дэлхийн АСЕМ.
Баримт 7. АСЕМ бол Ази-Европын уулзалт. Харин Давост АНУ болон Африк, Австрали тивээс төлөөлөл ирж оролцож байна. Давост ярилцахдаа хамгийн гол нь өнгөрсөн жилээ дүгнэж ярьдаг. Давосын зохион байгуулалтын хүрээнд албан бус уулзалт гэж томъёологддог хэлбэр бий.
Баримт 8. Энэ хэлэлцүүлэгт АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Трампын хамгийн ойрын гурван хүн ирж шинэ Ерөнхийлөгчийнхөө байр суурийг илэрхийллээ.
Баримт 9. Энэ үеэр маш их мэдээлэл, тэр дундаа дотоод мэдээлэл гэж хэлж болохуйц, мэдээллийг сонсоно гэдэг бол эргээд бидэнд хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд бусадтай хамтран ажиллахад эдгээр мэдээлэл тус болно.
Баримт 10. 2017 оны онцлог гэвэл манай урд хөрш БНХАУ-ын дарга Си Жиньпин анх удаа оролцлоо. Си Жиньпин дарга том бодлогын шинжтэй илтгэл тавилаа. Энэ илтгэлийг “түүхэн илтгэл” гэж олон хүн ярьж байна.
Баримт 11. Өнөөдөр дэлхий нийтэд асар том өөрчлөлт гарч байна. Дэлхийн тогтсон системд өөрчлөлт орж байна. Энэ өөрчлөлтөд хамгийн том үүрэгтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, улс орных нь удирдлагын хувьд өвөрмөц Хятад орны залуур дээр сууж байгаа хүн юу хэлэх бол гэдэг маш чухал, сонин байсан.
Баримт 12. Даяарчлалын тухай маш нээлттэй ярилаа. Дэлхийн хамтын ажиллагааны тухай ярилаа. Чөлөөт худалдааны тухай ярилаа. Одоо АНУ даяарчлалын тухай өөр ярьж, хөрөнгө оруулалт ашиггүй байна, буцааж татъя гэж байхад үүнээс тэс өөр өнгөөр Си Жиньпин дарга ярилаа.
Баримт 13. Давосын чуулга уулзалтын үеэр 20-иод улс, 100 гаруй компани ижил төстэй арга хэмжээг Давост зохион байгуулдаг. Бид ч “Монголын үдэш”-ийг зохион байгуулна. Энэ арга хэмжээнд монголын дуу хөгжмийг сонсч, бидний хувцсыг үзээд, идээ ундааг зооглосон хүмүүс бие биендээ хэлж түгээдэг. Үүгээр дамжуулаад бид Монголынхоо урлагийг, хувцсыг, түүхийг сурталчилж байна.
Баримт 14. “Монголын үдэш”-т форумыг санаачлагч Клаус Шваб гэр бүлийн хүний хамт ирж нээдэг. Монголыг гадаадад сурталчилж байгаа хамгийн сайн талбар бол Давосын “Монголын үдэш”. Үүнийг бид том амжилт гэж үзэж байгаа.
Баримт 15. Форумын үеэр монголчуудын байнга оролцдог нэг сэдэв бол мэдээж уул уурхай. Усны чиглэлээр монголчууд Давосын хүрээнд идэвхтэй ажиллаж байна. Энэ форумын Усны санаачилгын групп гэж бий. Энэ группт би хоёр гурван жил гишүүнээр байсан. Усны асуудлаар Монголд гурван ч удаа том хэмжээний хурал зохион байгууллаа.
Баримт 16. Энэ жилийн форумын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Торгоны замын хуралдаанд бид оролцох гэж байна. Сэргээгдэх эрчим хүчний сэдэв байна. Монголын говь бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, үүнийг ашиглах талаар ярилцаж байна. Монголын говийн эрчим хүчийг ашиглах асуудал эндээс гарсан санаа.
Баримт 17. Монгол, ОХУ, Өмнөд Солонгосыг оролцуулсан сэргээгдэх эрчим хүчний групп байгуулсан, одоо бизнесийн судалгаанууд хийгээд эхэлж байна. Байгаль орчны асуудал байна, утаа байна. Ер Монголд хийгдсэн зүйлийн нэлээд нь Давост анхлан яригдсан байдаг.
Баримт 18. Форумын эхний өдөр болсон албан бус уулзалтын үеэр IBM-ийн захирал яг миний хажууд сууж таарсан. Тэгээд Трампын бодлого, татварын асуудал, технологийн чиглэлээр сонин сонин зүйл ярьсан.
Баримт 19. Форумын эхний өдөр би Жак Матай уулзсан. Жак Ма Монголд хоёр удаа ирсэн. Монголын талаар эерэг, их сайн ойлголттой хүн байна лээ. Монголд дэлхийд танигдах бүтээгдэхүүнүүд хийж байна, үүнийгээ танай сүлжээгээр оруулъя, Монголд мэдээллийн технологийн олон компани гарч ирж байна, танай компанид ажиллах хүсэлтэй залуучууд байна, энэ чиглэлээр хамтарч ажиллая гэхэд маш дуртай хүлээж авсан.
Баримт 20. Жак Ма бол Хятадын Билл Гэйтс, Хятадын Стив Жобс. Хятад бол манай хамгийн ойрын том зах зээл. Жак Ма “Бид Азийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулна, Азийн контентийг дэлхийн түвшинд гаргана гэж хэлсэн байна. Дэлхийн том компаниуд, тэр дундаа АНУ төвтэй компаниуд Хятадын хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн тэсрэлтүүдийг хүлээж байна.
Баримт 21. Эдийн засгийн хувьд Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо тэгвэл улс төрийн манлайлагч болон гарч ирж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бол дэлхийн хамгийн хүчтэй албан тушаал гэдэг. Тэгвэл одоо Си Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгчөөс илүү удирдагч болж үнэлэгдэж байна.
Баримт 22. Хятадын имижийг дэлхий нийтэд эергээр гаргахад Си Жиньпин даргын үг нөлөөллөө. Си Жиньпин хэд хэдэн тоо хэлсэн нь их сонин сонсогдлоо. Дэлхийн эдийн засгийн 80 хувийг хөгжиж буй орнууд бүтээж байна. Энэ 80 хувийнхаа 30 хувийг Хятад дангаараа бүтээж байна гэж. Маш их төлөвлөсөн, маш их бодсон, маш холыг харсан үг байлаа. Хөршийнхөө удирдагчаар бахархаж суулаа.
Баримт 23. Яг үнэндээ дотооддоо бид зөрчилдөөд байгаа ч гадаад талбарт, олон улсын харилцаанд сүүлийн жилүүдэд Монголын ололт мэдэгдэхүйц хэмжээнд хүрсэн. Энэ боломжийг бид цаашид чулуу болгож авч явах хэрэгтэй. Тэр болгон монголчуудад тоогоод байдаг механизм цөөхөн. Давост ямар ч гэсэн монголчууд байр сууриа эзэлчихсэн.
Баримт 24. Энэ бол миний Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа сүүлийн чуулга уулзалт. Давосын үйл ажиллагаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг үнэлдэг гэдгийг ноён Клаус Шваб хэлсэн.
Сэтгэгдэл (30)