- Риогийн олимпийн тавцанг хүчирхэг, эрэмгий,эрч хүчтэй эмэгтэйчүүд чимж, түүхийг шинээр бүтээж байна. Наадмын эхний дөрвөн өдөрт олимпч бүсгүйчүүд Бразилын анхны алтан медалийг авчирч, 7 дахь олимпдоо тоосоо өргөж, Регбигийн аварга болж мянга мянган үзэгчдийн сэтгэлд хоногшсон тоглолтуудыг гаргаж байна.
Олимпийн хөтөлбөрт шинээр дахин багтсан регби долоогийн анхны медалийг Австрали, Шинэ Зеланд, Канадын бүсгүйчүүд зүүсэн. "Деодоро" цэнгэлдэхэд явагдсан финалын тоглолтонд Австрали хөрш Шинэ Зеландыг 24:17-гоор буулгаж авсан юм.
"Итгэмээргүй гайхалтай байна. Алтан медаль зүүхийг юутай ч харьцуулшгүй" хэмээн Австралийн тоглогч Жемма Этеридж сэтгэл хөдлөлөө барьж ядан ярив.
"Бид сүүлийн дөрвөн жил маш их хөдөлмөрлөж, бэлдсэн. Одоо түүнийхээ үр шимийг амсаж байна. Регби ямар онцгой болохыг хүмүүс харж байгаа байх"
- ХҮЙСИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫГ ЭВДЭГЧИД
Эрэгтэйчүүдийн регби 92 жилийн дараа олимпод эргэж ирсэн бол (Сүүлд 1924 оны олимпод багтсан) эмэгтэйчүүдийнх дебутээ Риод хийж байна. Олимпийн хөтөлбөрт багтсанаар регбиг сонирхох хүүхэд залуус нэмэгдэж, илүү хурдтай хөгжинө хэмээн 29 настай Этеридж найдаж байна.
"Энэ дэлхийн тавцангаас эмэгтэйчүүдийн регби шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Олон охид бидний тоглолтыг алгасалгүй үзэж, урам зориг авч, хичээллэхийг хүсч буйгаа мессежээр илгээж байна. Хэдий чинээ олон хүнд энэ спортын сайхныг мэдрүүлж, сэтгэлийг нь татна төдий чинээ бидний амжилт өндөр байх болно"
Спортын ертөгнцөд бугласан хүйсийн зарим хэвшмэл ойлголт Риогийн наадмын хүчирхэг бүсгүйчүүд эвдэж, үндэсний баатар болон өргөмжлөгдөж байна.
Жүдогийн 57 кг-д аваргалсан Рафаела Силва бол тэдгээр бүсгүйчүүдийн нэг. Рио де Жанейрогийн хамгийн тарчиг, аюултай дүүрэгт төрж өссөн тэрээр арьс өнгөний үзлээс болж спортоо орхихдоо хүртэл тулж байлаа. Гэсэн ч сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр заан урагшилсаар өдгөө үндэсний баатар болоод байна. 24 настай тэрээр аваргын төлөө манай Д.Сумьяатай барилдаж ялалт байгуусан юм. Кариоча буюу Риогийн унаган иргэн Силвагийн шагналын цуглуулганд мөн Дэлхийн аваргын (2013) алт байдаг.
Дипа Кармакар Энэтхэгийн түүхэнд уран сайхны гимнастикаар олимпод хөл тавьсан анхны тамирчин болж буй. 23 настай тэрээр зүгээр нэг оролцох тус ганцаарчилсан тавцангийн финалд шалгарсан. Дипагаас өмнө 1964 онд Энэтхэгийн гимнастикч хамгийн сүүлд олимпод тоосоо өргөж байв.
Нас бол зөвхөн тоо гэдгийг ч зарим эмэгтэйчүүд бодитоор баталж байна. Рио бол Узбекистаны гимнастикч Оксана Чусовитинагийн оролцож буй 7 дахь олимп. Өдгөө 41 настай тэрээр нас болон оролцсон олимпийн тоогоороо рекорд тогтоон гимнастикийн түүхэнд алтан үсгээр бичигдэж буй юм.
Өөр бас сонирхолтой зүйл ч байна. Бразилын регбийн шигшээ багийн тоглогч Исадора Серулло гэрлэх саналаа Деодоро цэнгэлдэхэд мянга мянган үзэгчдийн өмнө хүлээж авсан. Түүний найз эмэгтэй ийнхүү бүсгүйд мартагдашгүй бэлэг барьсан юм.
Серуллогийн багийн хамтрагч Ракель Кочханн "Бид бүгд түүний төлөө баяртай байна. Энэ бол хүний амьдралын хамгийн аз жаргалтай, мартагдашгүй тохиолын нэг" хэмээв.
Олон улсын олимпийн хорооны (ОУОХ) эмэгтэйчүүдийг дэмжих бодлого үр дүнгээ өгч буйг сүүлийн хоёр олимпоос тод харж болно. ОУОХ , олон улсын спортын холбоод болон зохион байгуулах комисстой хамтран олимпийн хөтөлбөр дэх эмэгтэйчүүдийн төрлийн тоог нэмэгдүүлсэн юм. Олимпийн хөтөлбөрт багтах хүсэлт гаргасан спортод заавал эмэгтэйчүүдийн төрөл байх ёстой гэсэн дүрэм1991 оноос хойш мөрдөгдөж байгаа.
Дөрвөн жилийн өмнөх Лондоны наадамд нийт 4,676 эмэгтэйчүүд оролцож түүхэн рекорд тогтоосон. Наадмын нийт тамирчдын 44 хувь нь эмэгтэйчүүд байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Мөн Лондонд анх удаа бүхий л спортод эмэгтэйчүүд өрсөлдсөн.
Нийт тамирчдын дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь Рио 2016-д өмнөхөөс дээшилсэн. 51 үндэсний олимпийн хороодын багт эмэгтэйчүүд давамгай хувь эзэлсэн байлаа.
www.olympic.mn