БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын ээлжит Долдугаар их хурал Пхеньянд энэ сарын 6-ны өдөр эхэллээ. Залуу удирдагч Ким Чен Уны удирдсан анхных гэдгээрээ онцлог энэ удаагийн хурлыг дэлхийн 100 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сурвалжилж байна. Тэдний дунд ВВС зэрэг барууны агентлагийн төлөөллүүд ч байгаа бөгөөд аюулгүй байдлын ажилтнуудын хатуу хараа хяналтын дор ажил үүргээ явуулж байгаа аж.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам хамгийн сүүлд 1980 онд их хурлаа хийсэн бөгөөд удирдагч Ким Чен Ир 1972 онд залгамжлагчаараа зарласан хүү Ким Чен Иртээ албан тушаалаа албан ёсоор шилжүүлж өгч байв. Түүнээс хойд их хурал болоогүй бөгөөд 2010 онд “Таван жилд нэг удаа хуралдуулах” шийдвэр гаргасан ч VII их хурлын товыг өнгөрсөн жил л зарласан юм. Удирдагч Ким Чен Ун хурлыг нээж, гишүүдэд хийсэн мэдээлэлдээ “Манай улс хариуцлагатай улс болохынхоо хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг чанд баримтлан, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг хэлбэрэлтгүй мөрдөх болно” хэмээн мэдэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тэрээр цөмийн хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ гэдгээ энэ үгээр илэрхийлжээ.
Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг 1968 онд ЗХУ, АНУ, Их Британи, Франц, БНХАУ гэсэн таван улс байгуулсан бөгөөд цөмийн технологио бусдад дамжуулахгүй байх гэсэн гол агуулгатай юм. Гэрээнд дээрх таван улс цөмийн зэвсгийн сантай байхыг хуульчлан зааж, бусад улс тэдгээр орноос технологи дамжуулж авахгүй хэмээн гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ нь цөмийн технологи хөгжүүлэхийг биш, бусдаас авахыг хориглосон гэрээ юм. Тухайн улс өөрөө хөгжиж дэвшээд цөмийн зэвсэгтэй болж бүрэн болно. Гэрээнд Энэтхэг, Пакистан, Израиль гарын үсэг зураагүй бөгөөд БНАСАУ 2003 онд гарсан юм.
Ким Чен Ун хурлын төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ цөмийн зэвсгийг зөвхөн гадны улсаас халдан довтолж, улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдалд аюул учирсан тохиолдолд л хэрэглэнэ хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Мөн БНСУ-тай нэгдэх асуудлыг хөндөж, “Хөдөлмөрийн нам хоёр Солонгосыг нэгтгэхийн тулд багагүй мэрийлт гаргана” гэжээ. Тэрээр цаашдаа ч хоёр Солонгос нэгдэх ёстой, гэхдээ Ким Ир Сений нэгэн цагт тодорхойлсны дагуу Ардчилсан холбооны улс болох үзэл баримтлалыг дэмждэгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: