Сингапур. Тус улсын Витлей хорооллын Цагдаагийн хэсгийг өнгөрсөн оны 12 дугаар сард Авлигын хэргийг мэдээлэх нэг цэгийн төв болгосон байна. Энэ талаар тус улсын Авлигын хэргийг мөрдөн шалгах товчоо болон Цагдаагийн газраас хамтарсан мэдэгдэл хийж, уг төвийг байгуулснаар иргэд авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг цаг алдалгүй мэдээлэх нөхцөлийг бүрдүүлж, гомдол, мэдээлэл гаргагч тав тухтай орчинд, ямар нэгэн дарамт шахалт, айдасгүйгээр мэдээлэл өгөх орчин бий болсон гэж мэдэгджээ.
Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лоон “Авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нэг цэгийн төвийг ийнхүү байгуулснаар Сингапур улсыг авлигагүй, соёлтой байлгах арга хэмжээний нэг хэсэг болж чадлаа” гэсэн байна. Авлигын хэргийг мэдээлэх тус төвд Авлигын хэргийн мөрдөн шалгах товчооны түүхэн үйл явдлыг мэдээлэх ба ингэснээр иргэд тус улс авлигатай тууштай тэмцэж байгааг харах боломжтой аж. Иргэд тус мэдээллийн төвд биечлэн мэдээлэл өгөхөөс гадна тус төвийн 24 цагийн турш ажилладаг 1800-376 0000 тоот утсаар, эсвэл www.cpib.gov.sg цахим хуудсаар мэдээлэл өгөх боломжтой юм байна.
Казахстан. Тус улсын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй 2 төлөөлөгч нэг сая гаруй ам.доллар шамшигдуулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь ихээхэн шуугиан дэгдээж байна. Тус улсын Сэтгүүлчдийн эвлэлийн дарга, Үндэсний хэвлэлийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Сейткази Матаев, түүний хүү, “Казтаг” мэдээллийн агентлагийн захирал Асет Матаев нарыг 2011-2015 оны хооронд улсын төсвөөс 340 сая тенге буюу 970.000 ам.доллар шамшигдуулсан хэрэгт сэжиглэжээ.
Тэд тус улсын хэвлэлийн салбарт хамгийн нэр хүндтэй хүмүүс бөгөөд ямар ч мөнгө шамшигдуулаагүй хэмээн мэдэгдэж байна. Энэ хэргийн талаар тус улсын Авлигатай тэмцэх үндэсний товчооноос тэдний шамшигдуулсан гэх их хэмжээний мөнгийг Засгийн газрын Мэдээллийн технологийн хороо болон “Казахтелеком” төрийн өмчит компанид өгч, өөрсдийнх нь талаарх материал бэлтгэн, хэвлүүлэхэд зарцуулсан байж болзошгүй хэмээн мэдэгджээ.
Бразил. Шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр хууль батлуулахын тулд хээл хахууль өгсөн хэрэгт холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссефф-ийг гэрчээр татах шийдвэрийг Бразилийн холбооны шүүхээс гаргажээ. Ерөнхийлөгч Дилма Руссеффийг уг хэрэгт холбогдуулан одоогоор мөрдөн шалгаагүй ч энэ хэргийг үйлдсэн гэх бизнесмен Эдуардо Валдо-гийн хамгаалалт гэж зарим хүмүүс үздэг билээ. Авто машины салбартай холбоотой хууль батлуулахын тулд хээл хахууль өгсөн хэргээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Эдуардо Валдог буруутгасан юм.
Ерөнхийлөгч Дилма Руссефф шүүхэд мэдүүлгээ бичгээр гаргах, эсвэл өөрийн биеэр очиж өгөх ёстой аж. Энэ бол Ерөнхийлөгч Дилма Руссефф болон түүний засаглалыг сулруулж буй, олон арван улс төрчийн нэр холбогдсон, төрийн өмчит “Petroleo Brasileiro SA” компанийн авлигын хэргээс тусдаа асуудал юм. Эдуардо Валдо-гийн хэрэгт Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва-гаас мөн байцаалт авахаар болсон аж. Учир нь уг хээл хахуулийн мөнгийг ерөнхийлөгч асны хүүхдүүдийнх нь компаниар дамжуулсан эсэхийг цагдаа нар шалгаж байгаа билээ.
БНХАУ. Авлигын хэрэгт холбогдуулан Бээжин хотын Коммунист намын дэд дарга асныг хууль, хяналтын байгууллагынхан мөрдөн шалгаж байгаа хэмээн тус улсын Ардын дээд прокурорын газраас мэдэгдлээ. Ардын дээд прокурорын газрын цахим хуудсанд хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн Лу Шивэн-г шалгаж байгаа бөгөөд түүнд “таслан сэргийлэх арга хэмжээ авсан” хэмээн мэдээлжээ.
Төрийн албан хаагчдыг сургах Бээжин хот дахь намын сургуулийг ноён Лу Шивэн удирдаж байсан бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард авлигын хэрэгт буруутгахын зөөлрүүлсэн хэлбэр болох “сахилгын ноцтой зөрчил” гаргасан гэж үзэн эрх барих Коммунист намаас түүнийг албан тушаалаас нь халаад байсан юм. Прокурорын байгууллагаас хэрэгтэй холбоотой ямар нэгэн нэмэлт мэдээлэл гаргаагүй бөгөөд мөн Лу Шивэнээс тайлбар авах ч боломжгүй байсан юм.
Өмнөд Солонгос. Эрх баригч Саенури намын хууль тогтоогч Ли Бюун Сук бизнесийн зорилгоор тус улсын хамгийн томд тооцогдох ПОСКО гангийн үйлдвэрээс ихээхэн хэмжээний хахууль авч, тус үйлдвэрийн барилгын төсөлтэй холбоотой хэргийг шийдэхэд албан тушаалаа ашигласан гэмт хэрэгт холбогдсон талаар Прокурорын газраас мэдэгджээ. Тэрээр 2008-2010 онд Газар зохион байгуулалт, тээврийн асуудал хариуцсан парламентын хорооны дарга байсан бөгөөд энэ нь барилгын салбарт нэлээд нөлөөтэй албан тушаал юм.
Ли Бюун Сук болон түүний хүрээний хүмүүс 2010-2014 оны хооронд 900 сая вон буюу 729.000 ам.долларын авлига авсан гэж үзэж байгаа юм байна.
Вьетнам. Авлигын асуудлыг мэдээлэх 3 шугам ажиллаж буй 25 хоногийн дотор 330 гаруй дуудлага хүлээн аваад байна хэмээн Авлигын эсрэг хяналт, шалгалтын товчооны дарга Пам Тронг Дат мэдэгдэв. Эдгээр дуудлагын зонхилох хувийг газар эзэмших, ашигт малтмал, татвар, нийгмийн халамж, үйлчилгээ болон эрх мэдлийг урвуулан ашиглахтай холбоотой мэдээлэл эзэлж байна гэжээ.
Дуудлагад дурдагдсан асуудлыг шалгахаар нэмэлт материал, нотлох баримт цуглуулахаар ажиллаж байна. Авлигын эсрэг хяналт, шалгалтын товчоо өнгөрсөн онд янз бүрийн салбарт 6500 гаруй захиргааны шалгалт, 243600 орчим тогтмол хяналт, шалгалтыг хййжээ. Үүний үр дүнд 4.3 их наяд ам.долларын зөрчил илрүүлсэн байна. Байгууллага, иргэдэд 509.3 сая ам.долларын 161600 захиргааны арга хэмжээ, торгууль ногдуулжээ. 74 иргэнд холбоотой 67 асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэхээр, 133 иргэнд холбоотой 40 асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байгаа ажээ.
Эх сурвалж:Авлигтай тэмцэх газар