Өмнө нь нарны аймгийг 9 гаригтай хэмээн үзэж, одон орон судлалын хичээл дээр заадаг байсан ч тухайн үеийн 9 дэх гариг гэгдэж байсан Плуто буюу Дэлхийн Ван гариг нь хэт жижиг хэмжээтэй одой гариг байсан бөгөөд түүнтэй ижил хэмжээтэй одой гаригууд нарны аймгийн захын солирын бүсүүдээс олдсон учир 2006 онд гаригийн тооноос хасч байсан билээ. Тэгвэл манай нарны аймаг буцаад 9 гаригтай болж магадгүй байгаа талаарх мэдээллийг олон улсын томоохон мэдээллийн агентлагууд онцолж байна.
Калтек буюу АНУ-ын Калифорнийн Технологийн Институтын судлаачид энэхүү 9 дэх гариг оршин тогтнож, өөрийн гэсэн өвөрмөц тойрог замаар нарыг тойрон эргэж байдгийг батласан байна. Planet Nine буюу 9 дэх гариг хэмээн нэрлэгдэж байгаа энэхүү гариг нь дэлхийгээс 10 дахин их жинтэй бөгөөд энэ гаригийн нарыг нэг бүтэн тойрон эргэх хугацаа нь 10000-20000 жилийн хооронд байдаг хэмээн судлаачид хэлсэн байна. 9 дэх гаригийн талаарх судалгааг Калтекийн судлаач Константин Батыгин болон Майк Браун нар гүйцэтгэж байгаа бөгөөд тэд өөрсдөө энэхүү гаригийг дуран авайгаар хараагүй байна. Зөвхөн үүнээс өмнө хийгдэж байсан бусад судалгаанууд дээр үндэслэн 9 дэх гариг байгаа гэдэг дүгнэлтэд хүрч очсон гэжээ. Үндсэндээ судлаачид нарны аймгийн хамгийн захын kuiper belt гэгддэг солир болон одой гаригийн бүс дэхь зургаан одой гаригийг давхар судлаж үзээд, өөр хүнд масстай гариг тэдгээр солир, одой гаригуудын тойрог замын хөдөлгөөнд нөлөөлж байгаа гэж таамаглан үзэж байгаа юм байна. 9 дэх гаригийн нарыг тойрон эргэх тойрог замын траектор нь бусад гаригаас өөр байгаа юм. Бусад гаригууд ерөнхийдөө дугуй, тойрог хэлбэрээр нарыг тойрон эргэдэг бол энэхүү гариг зуйван хэлбэрийн траектороор нарыг тойрон эргэдэг байна. Калтек-ийн зүгээс энэхүү гариг үнэхээр нарны аймгийн 9 дэх гариг мөн эсэх талаар салбарын эрдэмтдийн дунд томоохон мэтгэлцээн өрнүүлэх боломж байгаа гэжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (2)