-
2017 оны 2 сарын 09
Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 34 тоот захирамжаар Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг судалж шаардлагатай бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэсэн захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат ахлан, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Б.Ундармаа, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар бүрэлдэхүүнд багтжээ.
Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагаанд мэргэжилтэн, мэргэжлийн шинжээчдийг оролцуулж, шаардлагатай дэмжлэг туслалцаа авах, нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулах зөвшөөрлийг ажлын хэсгийн ахлагчид олгосон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 09
Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах сүүний анхдугаар аян”-ыг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс орон даяар өрнүүлж эхэлсэн.
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор болж байгаа аяныг “МДМ” ХХК дэмжин, хуурай сүүний жижиг оврын төхөөрөмжөө аймгуудын сүү үйлдвэрлэгч, фермер, хоршоологч, мэргэжлийн холбоодын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудад танилцуулж, сургалт-хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сургалт-хэлэлцүүлгийн нээлтэд оролцож, хуурай сүү үйлдвэрлэх төхөөрөмжтэй танилцав. Шингэн сүүг хатаах зориулалттай, Японд үйлдвэрлэсэн энэ төхөөрөмж ажлын 8 цагт тухайн орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалж 240-600 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм.
“Манай улс 60 гаруй сая малтай ч гадаадаас хуурай сүү импортоор авдаг. Энэ төхөөрөмжийг орон нутагт ажиллуулснаар байнгын худалдан авагч, хэрэглэгч бий болно. Энэ хэрээр зах зээл дээрх үнэ тогтворжиж, малчин айл өрх ч өдөр тутмын орлоготой байх боломж бүрдэнэ. Цаашид хуурай сүүнийхээ хэрэгцээг дотооддоо хангаж улмаар экспортод гаргах хэмжээнд очих зорилт тавьсан. Монголчууд хийж чаддаг зүйлээ өөрсдөө үйлдвэрлэе, хийсэн бүтээгдэхүүн маань иргэдийн хэрэглээ, шаардлагыг хангасан байх ёстой” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэв.
Хуурай сүү үйлдвэрлэх энэхүү төхөөрөмжийг 2017-2025 он хүртэл хугацаанд нэвтрүүлснээр 6000-8000 тогтмол ажлын байр бий болно гэж тооцоолж байна.
Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Гэвч түүхий эд бэлтгэх оновчтой тогтолцоогүй, техник, технологи хуучирсан, эргэлтийн хөрөнгө тааруу зэрэг шалтгаанаас болж сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашигладаг. Жил бүр 4000 гаруй тонн хуурай сүү импортоор авч хэрэглэдэг бөгөөд энэ нь шингэн сүүнд шилжүүлэн тооцвол 35 орчим мянган тонн гэсэн үг юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдээр МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.
-
2017 оны 2 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
-
2017 оны 2 сарын 09
Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод олон жилийн нүүрийг үзэж байна. Улаанбаатарыг өмхийгөөр утаад удах болсон тус газрыг шинэчлэх ажлыг эхлүүлэх талаар олонтоо яригддаг ч тодорхой ажил болж, шинэчлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ асуудал өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын суудлыг ганхуулж мэдэхээр боллоо.
-
2017 оны 2 сарын 09
Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй. Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай. Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж. МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна. Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.
Г.Гэрэл
-
2017 оны 2 сарын 09
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
02 дугаар сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг/;
“Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 27 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт;
“Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох;
Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хаалт.
-
2017 оны 2 сарын 08
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэв.
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдаанаар эхлээд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир танилцууллаа.
Хуулийн төсөлд ажилд шинээр ороход мөрдөх туршилтын болон сургалтын хугацаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох үүднээс “туршилтын хугацаа”, “дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгажээ. Мөн “цагаар ажиллах” гэсэн зүйл шинээр нэмэхээр тусгаж, түүнд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцох зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг тэрээр танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс болон Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байв. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцуулсан.
Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхэд хүсэлтийг нь үндэслэн хүүхэд асрах чөлөө олгон, ажлын байр хадгалах зохицуулалт байдаг бол хүүхэд асрах хугацаанд цалин болон амьжиргаа дэмжих тэтгэмж олгодогүй байна. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнгээр манай улсад хүүхэдтэй 531,1 мянга байгаа бөгөөд хүүхэдтэй нийт өрхийн 72,8 хувь нь 1-2 хүүхэдтэй болжээ. Энэ нь монгол өрхүүд цөөн хүүхэдтэй болох хандлагын илэрхийлэл болохыг танилцуулгын үеэр Н.Номтойбаяр сайд тодрууллаа. Иймд хүн амын өсөлтийг дэмжих, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага байгаа учир хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсад олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн амьжиргааг дэмжих тэтгэмж, тусламжийн хэмжээ бага, хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй хэмээн үзсэн байна. 0-16 хүртэлх насны хүүхэдтэй нийт өрхийн 16 орчим хувийг өрх толгойлсон ганц бие эх /эцэг/-тэй өрх эзэлдэг байна. Олон хүүхэдтэй ганц бие эх, эцгийн хувьд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй тул хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй байдгийг танилцуулгад онцолсон. Эдгээр хүндрэлээс шалтгаалан хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хүчир хөдөлмөр эрхлэх зэргээр хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Хуулийн төсөлд 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох, эхэд жирэмсэний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсаны тэтгэмжийг cap бүр олгох, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгох зохицуулалтыг тусгасан байна.
Мөн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өрх толгойлсон эцэг, эхтэй хүүхдэд дүрэмт хувцас, сурах бичиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгойлсон эцэг, эхийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах асуудлыг тусгажээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж зарцуулагдахаар тооцсон бөгөөд энэ жилийн төсөвт тусгах боломжгүй тул хуулийн хэрэгжих хугацааг 2018 он байхаар тусгасан аж.
Танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм. Өрх толгойлсон эх, эцэгт улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь олон сөрөг үр дагавартай талаар Сангийн яамнаас ирүүлсэн саналыг тусгасан эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тодруулсан юм. Гэр бүл албан ёсны бүртгэлтэй байх нь олон давуу талыг бий болгох эрх зүйн зохицуулалтыг хийснээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг салбарын сайд хариулт өглөө. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гишүүд 78.6 хувийн саналаар дэмжив.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.
Монгол Улсын хүн ам 2015 оны жилийн эцсийн байдпаар 3 057.8 мянга болж өссөн бөгөөд нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа нь дэлхийн бусад улсын хүн амын насны бүтэцтэй харьцуулахад харьцангуй залуу бүтэцтэй улс гэж тооцогддог байна. Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлага бий. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, залуучуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төсөл нь 15-34 насны залуучуудын нийгмийн хөгжилд оролцох оролцоог тодорхойлж, төрөөс залуучуудад дэмжлэг үзүүлэх болон эдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах зорилготой 7 бүлэг, 24 зүйлтэй. Мөн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тогтолцоог бий болгох зорилгоор шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцох оролцооны хэлбэрийг тодорхойлж, Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл, төрийн байгууллагын чиг үүргийг хуулийн төсөлд тусгасан. Хуулийн хяналт, хариуцлагын асуудлыг мөн оруулсан. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль бусад хуулиудтай уялдаж байгаа тул төсөвт нэмэлт ачаалал, дарамт учруулахгүйгээр хэрэгжих боломжтой хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Танилцуулгатай холбогдуулан Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав нарын гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, саналаа хэлэв. Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа гишүүд илэрхийлээд, залуучуудын хөгжлийг дэмжих нь улс орны ирээдүйд чухал ач холбогдолтой учир үүн дээр тодорхой хэмжээний төсөв зарцуулан, бодлогоор дэмжих нь зүйтэй гэдэг саналыг хэлж байсан. Ийнхүү Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Ажлын хэсгүүдийн тайланг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолууд батлав
Мөн өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.
Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ахалж ажилласан юм. Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн их сургууль, тус сургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрдэм шинжилгээний цөм лаборатори, Шинжлэх ухааны академи, Хими технологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Шинжлэх ухаан технологийн сан болон бусад хүрээлэн төв, гарааны компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна.
Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцахад дээрх газруудад хуулийн хэрэгжилт жигд бус байна хэмээн ажлын хэсэг дүгнэсэн байна. Хуулийг хэрэгжүүлэхэд нэн чухал шаардлагатай “инновацийн сан”-г бий болгох, инновацийн хөгжлийн үндэс болсон “төр-шинжлэх ухаан-хувийн хэвшлийн түншлэл”-ийг сайжруулах, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг гаргаж, цаашдын хөгжлийн асуудлыг тодорхойлох, өнгөрсөн жилүүдэд яамдын дэргэд байж төрийн дэмжлэгээр сайн ажиллаж байсан зарим нэгжүүдийг их, дээд сургуулиас татан авч яамдыг түшиглүүлэн дэмжлэг үзүүлж ажиллуулах шаардлагатай хэмээн үзжээ. Ажлын хэсгийн зүгээс Эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниудын үйл ажиллагааг цаашид сайжруулахад инновацийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай талаар дүгнэлтдээ дурдсан байна.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, А.Ундараа, Д.Ганболд, М.Оюунчимэг нар Ажлын хэсгээс асуулт асууж, дүгнэлттэй холбогдуулан санал хэлсэн юм. Мөн ажлын хэсгээс гаргасан саналыг үндэслэн хуулийн хэрэгжилтийг сайжруулахаар Засгийн газарт үүрэг чиглэл өгөх “Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолыг баталсан юм.
Дараа нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн тайлан хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр байнгын хороонд танилцуулга хийв.
Ажлын хэсэг Шинжлэх ухааны академийн харьяа 10, их, дээд сургуулиудын харьяа 14, төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээр санхүүждэг 5 хүрээлэнгийн удирдах бүрэлдэхүүн, эрдэм шинжилгээний ажилтнуудтай тус тус уулзалт зохион байгуулж, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдзм шинжилгээний хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Хими, технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, эрдмийн баг, хамт олонтой уулзалт ярилцлага хийсэн байна. Мөн Улаанбаатар Их Сургуулийн Археологийн музейтэй танилцжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд Засгийн газар, түүний дэргэдэх Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл, БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, түүний харьяа салбар 2 академи, яамдын шинжлэх ухаан технологийн зөвлөлүүд, ШУА, яамд, их дээд сургуулийн харьяа төсвөөс санхүүжилт авдаг 23, төсвийн бус хөрөнгөөр санхүүждэг 6 хүрээлэн, мөн хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд оролцож байгаа аж.
Сүүлийн жилүүдэд төрөөс шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй байгаагаас үүдэн шинжпэх ухааны салбар хүнд байдалд орж, эрдэмтэн, судпаачдын нийгмийн баталгаа жилээс жилд муудаж байгаа талаар ажлын хэсгийн дүгнэлтэд дурджээ. Түүнчлэн эрх зүйн орчны тодорхойгүй байдал, эрх бүхий байгууллагуудын алдаатай шийдвэрээс болж шинжлэх ухааны байгууллагууд үндсэн хөрөнгөө алдах үзэгдэл түгээмэл байгаа гэжээ.
Манай улсын шинжлэх ухааны салбарт өнөөдрийн байдлаар нийтдээ 1720 эрдэм шинжилгээний ажилтан (full-time researcher) ажиллаж байна. Үүнээс 1526 эрдэм шинжилгээний ажилтан төсвөөс цалинжин ажиллаж байна. Их сургуулиуд болон бусад салбарт 1483 багш хичээл заахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд оролцож байгаа аж. Манай орны 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтаны тоо ойролцоогоор 570 орчим байгаа нь дэлхийн дунджаас даруй 3 дахин бага, бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулшгүй бага хэмжээнд байгаа юм байна. Жилээс жилд мэргэшсэн эрдэмтэдийн тоо цөөрч, эрдэмтэдийг дэмжих бодлого алдагдаж байгаа тул эрдэм шинжилгээний ажилтны тоо, цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай болж байна. Түүнчлэн туршилт судалгаа хийх тусгайлсан нөхцөл, дэд бүтэц бий болгох, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглах механизмыг бүрдүүлэх зэрэг олон асуудал тулгамдаад байгааг ажлын хэсгийн дүгнэлтэд тэмдэглэжээ. Иймд ажлын хэсгээс
Шинжлэх ухааны салбарт үүсээд буй нөхцөл байдал, мэргэжлийн байгууллагуудаас эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлүүлэхээр гаргасан саналыг харгалзан хопбогдох хууль, эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийг байгуулах;
Шинжлэх ухааys салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд шинжлэх ухаан, технологийн талаар дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар тодохой арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгөх;
Ажлын хэсэгт салбарын мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлтүүдийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлүүлэхээр Засгийн газарт албан бичгээр хүргүүлэх, биелэлтийг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгох саналыг гаргасан байна.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Д.Ганболд, Н.Учрал, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, санал хэлэв. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн тус салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон “Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг дэмжих зарим арга хэмжээний тухай” байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл сонсов
Байнгын хороо энэ өдрийн хуралдааны төгсгөлд Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.
“Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого 2017-2026”-ын талаарх хэлэлцүүлгүүдийг хийсэн бөгөөд 8 суурь зорилтыг тодорхойлон ажиллаж байгаагийн зэрэгцээ ирэх дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 13 хуулийн төслийг боловсруулах, хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх 7 хөтөлбөр боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн тэрээр цахим технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт ашиглан эмч, мэргэжилтнүүд туршлага солилцох хурал, уулзалт, орон нутаг дахь мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт, өвтчөнүүдийн үзлэг, оношлогоог онлайнаар явуулж байгаа талаар танилцуулсан. Эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгөв.
Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарын асуудлыг сайжруулах нь эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудал бөгөөд нэн тэргүүнд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 2016 оны эхний хагас жилийн байдлаар 100.000 амьд төрөлтөд эхийн эндэгдэл 61.7 хувь байсан бол мөн оны төгсгөлд 48.6 хувь болж буурсан байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дээр хугацаанд 3.8 хувиар, нялхсын эндэгдэл 4 хувиар тус тус буурсан гэв.
Сүрьеэ, бэлгийн замын халдарт өвчний нөхцөл нь үндэсний хэмжээнд аюулын харанга дэлдэж байгаа учир салбарын яам төдийгүй төрийн бодлогын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа аж. Эрүүл мэндийн яамны зүгээс халдварт өвчин судлалын төвийн бүтцийг өөрчлөн, сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчин судлалын төвүүдийг бие даан байгуулах талаар ажлын хэсэг томилон ажиллуулж байгааг дуулгав. Үргэлжлүүлэн эм үйлдвэрлэл, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон технологийн бодлогын хэрэгжилт нэгдсэн зохицуулалтын хүрээнд хийгдэж буй ажлууд, хүний нөөцийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 08
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.08/ хуралдаан 09 цаг 50 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаархи холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсоно гэж хэлэлцэх асуудлынхаа дарааллыг танилцуулав.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хан Хэнтий дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н. Батзаяа нар оролцсон юм.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асуулттай гишүүн байсангүй. Иймд “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо
Үргэлжлүүлэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон юм. 2016 оны арван нэгдүгээр сарын 09-ний өдөр тус Байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хандсан зөвлөмжийг гаргасан. Энэ удаагийн мэдээлэл ч дээрх зөвлөмжийн хүрээнд болж, төв цэвэрлэх байгууламжийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцав.
Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нарын тэргүүтэй холбогдох албаны ажлын хэсгийнхэн оролцсон юм.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын БОХХААБХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр манай яамнаас дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, төрийн буc байгууллагын төлөөллийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг авлаа. Олон удаагийн мэргэжлийн техникийн уулзалт, хэлэлцүүлгээс лаг болон бохир усны боловсруулалтын асуудлыг шийдэх гарцыг тодорхойлсон. Уг шийдлээ шинэ цэвэрлэх байгууламжийг барих Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгуулсан гэдгийг онцолсон юм.
Дараа нь “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн зөвшөөрч итгэмжлэгдсэн “Престиж Инжеренг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ТЭЗҮ, техникийн зураг төслийн талаар мэдээлэл өглөө. Тус ажлын үндсэн бүрэлдэхүүн нь техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээнээс бүрдэх ажээ. Шинэ цэвэрлэх байгууламж нь иж бүрэн автомат ажиллагаатай, үнэргүй, дуу чимээгүй, ахуйн лагийг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, цэвэрлэгдээд гарч байгаа усыг эргүүлэн хөдөө аж ахуй, ногоон байгууламж, үйлдвэрүүдийн технологийн хэрэгцээнд ашиглах, гүний уст давхаргыг тэжээх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан, “Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан байсан. Энэ дагуу өмнөх Засгийн газрын үед уралдаант шалгаруулалтыг зарлаж, эхний шатанд таван аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд төслийн санал авах эцсийн хугацаанд зөвхөн хоёр л материал ирүүлсэн. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс шинээр тендер зарлалгүй, өмнөх тендерийг нь үргэлжлүүлж байна. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан болон гүйцэтгэлийн ажил хийх компаниудтай ойр ойрхон уулзаж, холбогдох засвар, нэмэлтүүдийг тусгуулсан. Шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болсон байгаа” гэдгийг мэдээлэлдээ дурдав.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, “Байнгын хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг боловсруулаад байна. Хуульд орж байгаа гол өөрчлөлтүүдээс дурдвал, Монгол орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед аж ахуй нэгж байгууллагуудад эдийн засгийн хүнд дарамт учруулахгүй, нөгөө талдаа байгаль орчныг бохирдлоос хамгаалах асуудлуудыг уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн. Мөн усыг дахин ашиглахад чиглэсэн техник, технологийг дэмжиж, хаягдал усан дахь бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах тогтолцоог бүрдүүлсэн гэж үзэж байна. Түүчнлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарах журмыг батлах, Засгийн газрын тогтоолыг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна” гэж байлаа.
Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Баделхан, Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Санжмятав нар асуулт асуув. Гишүүдийн хувьд төв цэвэрлэх байгууламжид орчин үеийн дэвшилтэд техник технологийг хэрхэн нэвтрүүлэх, тус байгууламжийг барих, туслан гүйцэтгэх компаниуд эл салбарт хэр туршлагатай эсэх, байгууламжийн давуу тал, хүчин чадал, монголын талд хэзээ, ямар өртгөөр хүлээлгэн өгөх гэж байгаа талаар илүүтэй тодруулав.
Ажлын хэсгийнхний зүгээс Төв цэвэрлэх байгууламж нь 1990 оноос хойш олон улсын зээл тусламжаар удаа дараа хэсэгчлэн засах шинэчлэлтийг хийж байсан ч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, бохир ус цэвэрлэгээний үр дүн эрс буурсан. Иймээс төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Одоогоор цэвэрлэх байгууламжийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээний дагуу Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК гүйцэтгэн ажиллахаар болсон. Шинэ байгууламж нь хоногт 250 000 м3 бохир усыг цэвэрлэх буюу одоо байгаа төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2020 онд ашиглалтад өгөх бөгөөд ойролцоогоор 2030 оноос эхлэн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. ТЭЗҮ боловсруулалт 100 хувьтай, судлагааны ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаар хүлээгдэж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийг Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК концессын гэрээний дагуу 25-30 жилийн хугацаанд ашиглахдаа 12-15 жилд нь хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон юм билээ. Дараа нь монголын талд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж хариулж байв.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, А.Сүхбат, Х.Баделхан, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, байнгын хорооноос гаргасан зөвлөмжид шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд үнэлгээ өгч, ажлын хэсэг байгуулах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулах, шугам сүлжээний үйл ажиллагаанд технологийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг хохирол багатай, цаг алдалгүй арилгуулах, цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд магадлагаа хийж, технологийн горимыг мөрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ажлын хэсгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд удаашралттай байна. Дээр нь төв цэвэрлэх байгууламжид байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах хэрэгтэйг дахин сануулмаар байх юм. Ажлаа идэвхжүүлж, асуудлаа урагшлуулах хэрэгтэй гэж байв. Гишүүдийн хувьд төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эрчимжүүлж, ирэх дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж 2020 он гэхэд ашиглалтад бүрэн оруулсан байх шаардлагатайг ажлын хэсгийнхэнд онцгойлон анхааруулсан юм.
Хуралдааны төгсгөлд Байнгын хорооноос Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өгөхөөр боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 08
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн хуралдаан (2017.02.08) 12 цаг 28 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 03-03 тоот зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 12/5391 албан тоотын 6, 7, 8 дахь заалтын биелэлтийн явц, үр дүнгийн талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг тус тус сонсов.
Уг хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг удирдан явуулсан бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” 03-03 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан, нийслэлийн Засаг дарга, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нарыг оролцуулан байгуулсан байжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дэд Ажлын хэсгийг байгуулан, нийт 37 арга хэмжээг төлөвлөсөн хэрэгжүүлж байгаа юм байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, яамдаас санал авч байна. Мөн 2017 оны хоёрдугаар сарын 20-ны дотор “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байгааг салбарын сайд дурдав.
Түүнчлэн “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран дугуй, ажилласан тос зэрэг хаягдал шатааж байгааг хянах, амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлгийн айл өрхийн судалгааг нягталж гаргах юм. Энэ ажилд 22,3 сая төгрөгийг зарцуулахаар тооцоо гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэжээ.
Иргэд олон нийтэд агаарын бохирдлын талаар үнэн бодит мэдээллийг түгээх, зохион байгуулж буй арга хэмжээнд татан оролцуулах зорилгоор олны танил хүмүүсээр дамжуулан уриалга гаргаж, “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн хүрээнд 10 элчийг сонгож, эхний ухуулга сурталчилгааны ажил эхэлжээ. Мөн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Холбогдох байгууллагуудтай хамтран “Ногоон зээлийн сан” байгуулах, дулаан алдагдал бууруулах байгальд ээлтэй бүтээгдэхүүн бий болгох чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дугаар тогтоолын хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулга хийсэн юм. 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 132 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд үр дүн хангалттай сайн хэмжээнд хүрч чадаагүй байна. Тухайлбал, 176 мянган сайжруулсан зуух, нүүрсийг нийт гэр хорооллын өрхийн 90 орчим хувьд нь тараасан бөгөөд Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар дээрх өрхийн 20-30 хувь нь л ашигладаг гэсэн дүн гарчээ. 2016 оны эцсийн дүнгээр Улаанбаатар хотод 30 орчим иргэн нүүж ирсэн байна. Үүнээс өрхийн тоо 20 орчим мянгаар нэмэгджээ. Нийслэлийн зүгээс өрхийн эдийн засгийг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдэх, хашаандаа дэд бүтцэд холбогдсон сууцтай болох технологийн шийдлийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд голлон анхаарч байгааг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан хэлсэн.
Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү мэдээлэл хийсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын айл өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифыг 2017 оны гуравдугаар сарыг дуустал 100 хувиар хөнгөлсөн бөгөөд энэхүү шийдвэр Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих юм. Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж буй нийт 228 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох тооцоог хийсэн байна. Ингэснээр жилдээ 122 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах ажээ.
Улаанбаатар хотод 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчинд холбогдсон, гэрээ байгуулсан нийт 147353 гэр хорооллын хэрэглэгч байна. Гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь буюу 110895 хэрэглэгч 2 тарифт тоолууртай бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 108378 хэрэглэгчийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь, 38975 хэрэглэгчийг 50 хувь хөнгөлж байгаа бөгөөд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаагүй 27461 хэрэглэгч байгаа юм байна.
Энэ ажлыг үргэлжлүүлэхэд 2017 онд 39,65 тэрбум төгрөг, 2018-2020 онд 217,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Уг хөрөнгөөр цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийх талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Б.Саранчимэг, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат уг асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцлоод хотын А, Б бүсэд татвар, хөнгөлөлт, дахин төлөвлөлтийн асуудлыг шийдэж, иргэдийн санаачилга, хариуцлагыг сайжруулах, шат шатны байгууллагаас зоримог шийдвэрүүдийг гаргаж, нүүлгэн шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах нь зүйтэй хэмээсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат агаарын бохирдлын асуудалд зөвхөн утаа нөлөөлөхгүй, хөрс, усны бохирдлыг хамтад нь ярьж, шийдэх учиртайг сануулж, нүхэн жорлонгийн бохирыг био хий болгон ашиглах технологийг судалж, нэвтрүүлэх талаар санал хэлэв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва төлөвлөсөн ажлуудыг хамгийн чухлаас нь эрэмбэлж, шийдвэртэй ажиллахыг сануулаад төрийн бодлогын залгамж чанар алдагдах нь иргэдийн амьдралд олон сөрөг нөлөөг үзүүлдэг учир хэрэгжүүлж бодлогоо аль ч нам эрх баригч болсон үргэлжилдэг тогтолцоог бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах нь чухал болохыг тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хурдан хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэх, ингэхдээ асуудлыг өргөн хүрээнд иж бүрэн шийдвэрлэх арга замуудыг тусгах шаардлагатай гэв.
Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Батзориг гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх арга хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжийн хандлага ямар байгаа, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд гарах хүндрэл, түүнийг даван туулах төлөвлөгөөний талаар асууж тодруулан санал хэлсэн.
Ингээд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсний дараагаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх дэд хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувийн саналаар батлав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 08
Ардчилсан нам даргаа сонгоод удаагүй байгаа. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай болсон санал хураалтаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сонгогдсон. Тэгвэл С.Эрдэнэ тун удахгүй намын даргын суудалдаа баталгаажих нь.
-
2017 оны 2 сарын 08
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай хэлэлцэж байна.
-
2017 оны 2 сарын 08
МАН-ын манарсан долоон сар
Ард түмэн сонгуулиар МАН-д 65 итгэл хүлээлгэсэн. Харин тэр 65 нь жаран чавганцын хурдаар ажиллаж, гараас нь ганц бүтэлтэй юм гарсангүй долоон сарыг авлаа.
Далай ламын айлчлалаас болж урд хөршдөө базуулж, гадаад хэргийн сайд нь Хятадын хөлд сөхрөх нь холгүй хошуу дэвсэж байдлыг зөөллөсөн нь эрх баригчдын горьдсон зээлд нааштай ч ард түмэнд муухай харагдсан.
Засгийн газар нь бондын өрийг төлөх ганцхан асуудалтай, түүнийхээ хойноос өдөр шөнөгүй зүтгээстэй. Дотоодоос босгож чадахгүйгээс хойш гадны зээл хөөцөлдөнө. Хугацаа нь тулсан ч бодит шийдвэр үгүй. УИХ-аар баталгаа гаргуулах ганц бичиг шидэх гэж улирлын ажил болгоно.
Долларын ханш улам бүр өссөөр. Хувийн хэвшлээ дэмжиж, ДНБ-ий өсөлтөд анхаарах сөхөөгүй. Харин иргэдийн амьжиргаа залгуулдаг ТҮЦ-ийг хураан нүүлгэж, нус нулимстай нь хутгахыг дээрээс хараастай.
Шатахууны үнэ өсөв. Эрх баригчид гитардсан зургандаа, кноп дарсандаа, идсэн уусандаа тайлбар хийж биеэ өмөөрөхөөс биш үнийн өсөлтийн талаар ганц үг дуугарахгүй. Халамжийн бодлогоороо лоозон барьж, ахмадууд, эхчүүдэд хэдэн төгрөг тарааснаа мөрийн хөтөлбөрийн биелэлт гэж цэцэрхэх ч, шатахууны үнэ өсгөх овжин бодлогын суурь болгосноо нууцална.
“Эрдэнэт”-ийг ээрээстэй. Гадагшаа урсах ногдол ашгийг үндэсний компани хүртэж, түүгээрээ өргөжүүлэх үйлдвэр, ажлын байрны нэмэгдэл, эцсийн бүтээгдэхүүн үйлвэрлэл гээд олон асуудал шийдэхийг мэдэж байгаа ч тогоондоо “алалцсаар”. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 5000 доллароос бага үед роялти татвар төлдөггүй хуулиа өөрсдөө гарсан атлаа төсөвт өгөх татвар буурсан гэж улстөржүүлнэ. Ханш 5000-ыг давж, улсад төлөх татвар өндөр гарах үед юу гэж тайлбарлах бол.
Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компани “Шинхуа”-д өгөх тохироог цагаан сарын билэгшээлт өдрүүдээр амжуулахаар хотоос гарч хуралдаастай. Уг шийдвэрт “за” гэж хэлэх 65-ын ихэнх нь Тэрэлжид идсэн хоолондоо хордох вий гэж түгшээстэй.
МАН-ын эрх барьсан эхний долоохон сарыг багцлахад л ийм байна. Бүтэлтэй ганцхан жишээг сануулж, бүрхэг ирээдүйг мартагнуулаач МАН-ынхаан.
Э.Бат
-
2017 оны 2 сарын 08
https://www.facebook.com/profile.php?id=100004857520172&pnref=story
-
2017 оны 2 сарын 08
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах хөрсөө бордож байна
Өнгөрсөн дөрвөн жилд АН-ынхан Оюутолгой, Тавантолгой, төмөр зам тойрсон хэрүүл тэмцэл, идсэн завшсан, буруу шийдвэрүүдээсээ болж сонгуулиар ялагдал хүлээсэн бол МАН эхний жилдээ л Эрдэнэтийг ээрч, мордохын хазгай болж явна. Эдийн засгийн хямралтай, валютын нөөц багассан энэ хүнд үед олон улсын түвшинд хийсэн гэрээ хэлцэлийг УИХ дангаараа дур мэдэн хүчингүй болгохоор улайрч байна. Бондын зээлд 580 сая долларыг сарын дараа төлөх гэж “айлаас гуйлга гуйж яваа” Засгийн газарт ачаа нь хөнгөдөөд байгаа бололтой. Эрдэнэтийн худалдан авалтыг буцааснаар Оросын тал 49 хувийг олон улсад нээлттэй тендерээр зарна. Харин тэр үед Хятад юм уу өөр нэг улсын компани мөнгөөр зодоод авчихсан хойно эрх баригчид ямар тайлбар хэлэх бол. Энэ асуудал нь л МАН-ыг 2020 онд, наашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлгэх хангалттай шалтгаан болох юм.
Ш.Даваа
-
2017 оны 2 сарын 08
Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Эрдэнэт үйлдвэрийн худалдан авсан 49 хувийг төр эзэмшилдээ авах санал дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэх юм. Эрх баригчид олонхоороо шийдвэрлээд уг худалдан авалтыг цуцлах гэж байгаа бол гарах үр дагавраа тооцсон байлтай. 2009 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ураны лицензтэй холбоотой шийдвэр гарч, түүнийг нь олонхоороо дэмжсэн. Харамсалтай нь олон улсын арбитрын шүүх дээр уг шийдвэр буруудаж, Монгол Улс Хан ресурс компанид 116 сая доллар төлж байсан түүхтэй.
Харин өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэрээ хэлцэлийг хүчингүй болгосноор хичнээн саяын торгуулийг хаанаас хэрхэн төлөхөө тооцсон популист байгаа болов уу. Олон улсын арбитрын шүүхэд асуудал үүсвэл гарах зардал, торгуультайгаа нийлээд нэг тэрбум доллар өлхөн төлөх тооцоог эдийн засагчид анхааруулсаар байна. МАН-ынхан дотор ч үүнийг хэлж байгаа гишүүд бий. Гэвч тэдний үг хаданд хашгирахтай адил болж, сүүлдээ бүлгийн хуралдаа ч суулгүй, аргаа барж явна. Ингэж илжиг шиг зүтгэсэн шийдвэрийнхээ үр дагаварыг эрх баригчид хүлээж чадах уу.
Э.Бат
-
2017 оны 2 сарын 08
асгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15.00 цагаас эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар Мэдээллийн технологи, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэх аж.
№
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1. Мэдээллийн технологи, харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай
Ж.МӨНХБАТ
2. Гадаад харилцааны сайдын айлчлалын тухай*
Ц.МӨНХ-ОРГИЛ
3. Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татах тухай*
Ц.МӨНХ-ОРГИЛ
4. Хэлэлцээрт нэгдэн орох тухай
Д.ОЮУНХОРОЛ
5. Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай
Б.БАТ-ЭРДЭНЭ
6. Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
7. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар
Ж.МӨНХБАТ
8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
П.СЭРГЭЛЭН
9. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар
П.ГАНХҮҮ
10. Астана хотод болох үзэсгэлэнгийн талаар
П.ГАНХҮҮ
-
2017 оны 2 сарын 08
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
-
2017 оны 2 сарын 07
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.02.07/ хуралдаан 14 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүнээс өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 31-ний өдрийн хуралдаанаар хийснийг чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоог хангах үүднээс редакцийн шинжтэй зарим засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарын асуултад ажлын хэсэг болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулан хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтов.
Энэ хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад чиглэж байгаа аж. Зөвлөлдөх санал асуулгыг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах юм байна. Уг хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжихээр зохицуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүд үзэв.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжив
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн. Чуулганы энэ сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.
Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Мөн Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд цолны болзол хангасан харваачдад цолыг нөхөн олгох үүднээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаархи танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль санаачлагчид, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд, Байнгын хороодоос саналыг нь урьдчилж авахад Ерөнхийлөгчөөс 5, Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүдээс 94, нийт 99 хууль тогтоомжийн төслийг санал болгосон.
Тогтоолын төслийг боловсруулахдаа юуны өмнө хэлэлцэхийг нь хуулиар тусгайлан заасан төслүүд, мөн өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн төслүүд, түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчим баримталсан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар нийт 34 хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэхээр төсөлд нэр зааж тусгасан гэдгийг танилцуулсан юм.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн санал нэгтэй дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
“Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлан
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл
“Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл
Казиногийн тухай хуулийн төсөл
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл
Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл
Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл
Бусад.
хэмээсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 07
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2017.02.07/ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүллээ.
Аль ч улсын төрт ёсны шударга байдлын шалгуурт эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг шийдвэрлэх тогтолцооны шударга байдал чухал байр суурь эзэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.
Хуулийн төслийг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны сайн туршлага, олон жилийн практикаар шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэх, бусад орны эрүүгийн процессын хуулийг судалж дэвшилтэт зохицуулалтыг харгалзах, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцийн заалт, НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжүүдэд нийцүүлэх чиглэлээр боловсруулсан юм байна.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.
Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна Гаалийн тухай, Татварын Ерөнхий хууль, Өрсөлдөөний тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байгаа юм байна.
Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлэх, журмаар хүний эрхийг хязгаарлах зэргээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг хангах явдал гажуудах нөхцөлийг бүрдүүлж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ.
Иймд дээрх асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагыг харгалзан үзэж, зөрчлийг шалган тогтоох ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандартад оруулж, тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээний суурь зарчимд нийцүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.