УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдээр МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа.
Учир нь уг асуудлаар гишүүн Ч.Хүрэлбаатар: “ОУВС-тай 5 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хийх гэж байгаа юм бол хуурамч харьцаж болохгүй. ОУВС-тай гэрээ хийсний дараагаар энэ хуулийг батлах хэрэгтэй. Ийм хандлагаар явж болохгүй. Энэ хүмүүсийг ажлаас нь хал. Яг одоо ОУВС-гийнхан доор хүлээж байна. Тиймээс энэ асуудлыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэй” гэсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэлсэн. Үүний дараагаар Ч.Хүрэлбаатар нарын гишүүний гаргасан саналаар хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулсан юм. Гэвч гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ОУВС-гийн саналыг хуулийн төсөлд тусгах үүднээс энэ асуудлаар МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авч байна” гэлээ.
Ингээд уг асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авч, маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болов.
Сэтгэгдэл (2)