Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ болиод олон жилийн нүүрийг үзэж байна. Улаанбаатарыг өмхийгөөр утаад удах болсон тус газрыг шинэчлэх ажлыг эхлүүлэх талаар олонтоо яригддаг ч тодорхой ажил болж, шинэчлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл энэ асуудал өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын суудлыг ганхуулж мэдэхээр боллоо.
Улиг болтлоо яригдсан цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил ийнхүү холбогдох албаны хүмүүсийн суудал дээр тулж байж нэг шийдэгдэх бололтой. Уг нь цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй гамшгийн хэмжээнд хүрч, аюулын харанга дэлдээд байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Гэвч цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил зөвхөн цаас төдийхөн дээр л хэрэгжиж, албаны хүмүүс танилцах төдийхөнөөр хязгаарлагдсаар ирсэн нь нууц биш.
Шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдсан ч мөн л дээрхийн адил ажил явагдснаар өнөөдөр ийнхүү хоёр сайдын суудал Хотын даргын суудалтай хамт ганхах дээрээ тулав. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Мэргэжлийн бодлого завхарснаас Улаанбаатар хот өтгөнтэйгээ хутгалдаад сууж байна. Та нар ажлаа сайн хийцгээ. Нийслэлийн менежер шийдчих ёстой байсан асуудлыг өнөөдөр УИХ дээр яриад сууж байх юм. Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг шийдэх ёстой, ирэх жил барилгын ажил нь эхлэж 2020 он гэхэд шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон байх ёстой. Энэ жилдээ багтаагаад төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шийдэхгүй бол Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хотын дарга гурвыг огцруулах асуудлыг тавина” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
Үнэндээ энэ асуудлыг ингэж, дарга нарын суудалтай ярьж байж шийдвэрлэхгүй бол ажил хэрэг болохгүй гэдгийг ч хэлэх хүн олон байна. Тухайлбал өчигдөр дээрх мэдээлэл гарсны дараа цахим ертөнцөд иргэд “Үнэхээр цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхгүй, Улаанбаатарыг өмхийнөөс нь л салгахгүй бол огцруулах нь зөв. Цэвэрлэх байгууламжийн үнэр хэрээс хэтэрч байгаад хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Манай улсад хариуцлагын тогтолцоо байхгүй байгаагаас ажил урагшлахгүй байна” гэгчлэнгээр үзэл бодлоо илэрхийлж байлаа.
Харин цэвэрлэх байгууламжийн ажил цаас төвийхөн дээр явагдаж байгаа гэдгийг өчигдөр болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны үеэр хийсэн мэдээллээс ил харагдсан. Тодруулбал Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “УИХ-ын БОХХААБХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр манай яамнаас дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, төрийн буc байгууллагын төлөөллийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг авлаа. Олон удаагийн мэргэжлийн техникийн уулзалт, хэлэлцүүлгээс лаг болон бохир усны боловсруулалтын асуудлыг шийдэх гарцыг тодорхойлсон. Уг шийдлээ шинэ цэвэрлэх байгууламжийг барих Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгуулсан” хэмээсэн. Үнэндээ энэ мэтээр хуралдаж, ярилцсаар байгаад л ажил хэрэг болдоггүй гэдгийг бүгд л мэдэж буй.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Байнгын хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг боловсруулаад байна. Хуульд орж байгаа гол өөрчлөлтүүдээс дурдвал, Монгол орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед аж ахуй нэгж байгууллагуудад эдийн засгийн хүнд дарамт учруулахгүй, нөгөө талдаа байгаль орчныг бохирдлоос хамгаалах асуудлуудыг уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн. Мөн усыг дахин ашиглахад чиглэсэн техник, технологийг дэмжиж, хаягдал усан дахь бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах тогтолцоог бүрдүүлсэн гэж үзэж байна. Түүчнлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарах журмыг батлах, Засгийн газрын тогтоолыг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна” гэсэн юм. Энэ нь үнэндээ аюулын харанга дэлдээд байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд төдийлөн хангалттай ажил биш гэдэг нь ч ойлгомжтой.
Ямартай ч цэвэрлэх байгууламжийн шинэчлэл энэ хавар ажил болж, хөрсөн дээр буухгүй бол хоёр сайд, Хотын даргын суудал ганхаж мэдэх нь.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)