УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
Л.Болд: -Дотоодын цэрэг чинь дотоод руугаа буюу ард иргэд рүүгээ буу шагайна гэсэн үг. Ийм практик Монгол бий ш дээ. Энэ бол ухралт. Гамшгийн үед, хэв журмын үед ажиллана гэсэн байна. Гамшгийн үед Онцгой байдал ажиллаж, хэв журмыг цагдаа нар хариуцдаг биз дээ. Ийм үүрэгтэй байхад Дотоод цэрэг гэсэн бүтэц байгуулах ямар ч шаардлагагүй.
Ц.Нямдорж: -Л.Болд чи аливаа зүйлийг дандаа бүтэхгүй талаас нь харах юм. Дотоодын цэрэг 1922 онд бий болсон зүйл. 1990 он гараад цагдаад шилжсэн. Дотоодын цэргийг бий болгох ёстой гэдгийг Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед хүлээн зөвшөөрсөн байдаг. Д.Дорлигжав сайд байхдаа дотоодын цэргийг бий болгох ёстой гэсэн утгатай хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцэж амжаагүй байж байгаад хугацаа нь дуусчихсан. Гамшиг, хэв журмыг сахиулна гэдэг чинь байдал бүр хурцадвал дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн л утга байгаа юм. Түүнээс биш ард иргэд рүүгээ буу шагайх асуудал нэг ч байхгүй ш дээ.
О.Баасанхүү: -Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй асуудлыг яагаад оруулж ирсэн юм бэ. Дотоодын цэрэг цагдаагийн харьяанд байдаг нь ямар учиртай юм. Салбарын яамныхаа дор байж болохгүй юм. Чиг үүргийг нь тодорхойлж өгөх хэрэгтэй байна. Аливаа айлчлал, ямар нэгэн үйл явдал болоход мөрдөн байцаагчид гудамжинд гараад зогсдог. Долдугаар сарын 1-нийг авч үзэхэд цагдаа буудсан уу, цэрэг буудсан уу гэж ярьж байгаад цагдаагийн хэдэн дарга нард ял өгчихсөн ш дээ. Дотоодын цэрэг цагдаагийн дор байдаг учраас цагдаа ч буудсан адилхан.
Ц.Нямдорж: -Ажлын хэсгийн нэлээд хэдэн гишүүд дотоодын цэргийг салбарын сайдын харьяанд байлгах уу, Үндэсний гвард гэсэн нэртэй байх уу гэж ярилцаж байгаад Засгийн газраас өргөн барьсан хэвээр нь дэмжсэн юм. Саналын зөрүүтэй зүйл байгаа бол хоёрдугаар хэлэлцүүлгээр яриад явж болох байх. Гэхдээ үндсэн зарчим нь өөрчлөгдөхгүй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй зургаан санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 93.9 хувийн саналаар дэмжив.
Сэтгэгдэл (1)