БНСУ-ын шигшээ багийн тамирчин, Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга Х.Болдсүхтэй ярилцлаа. Тэрбээр дунд ангиасаа БНСУ-д суралцаж, өдгөө БНСУ-ын 48 жилийн түүхтэй “KCC Egis” багт нэгдээд таван жил болжээ. Түүнийг өнгөрсөн жил БНСУ-ын Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга болсныг уншигч та бүхэн мэдэх биз ээ.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө эх орондоо ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Хэр хугацааны дараа Монголд ирж байна вэ?
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн жилийн долоодугаар сард амралтаараа Монголд ирсэн. Энэ удаад Монголд ирээд долоо хонож байна. Ирснийхээ дараа Үндэсний дээд лигийн финалын тоглолтуудыг үзсэн. Сэтгэгдэл маш өндөр байна. Жил ирэх тусам л Монголдоо ирэх өдрийг хүлээдэг болсон.
-Анх хэрхэн сагсанбөмбөгийн спорттой холбогдсон бэ?
-Монголд байхаасаа л сагсанбөмбөгт их дуртай байсан. Багадаа сагсанбөмбөгийн тоглолтууд үзэх, гадаа шийтэн дээр сагс тоглоход багагүй цагийг зарцуулсан гэж боддог. Солонгост очсоны дараа мэргэжлийн сагсанбөмбөгийн сургалттай сургуульд элссэн. Тэр цаг мөчөөс эхлээд өдийг хүртэл энэ спортоор тууштай хичээллэж байгаа.
-Сагсанбөмбөгийн хамгийн гол зүйл бол бөмбөг шүү дээ. Таны хувьд хамгийн анхны бөмбөгөө хэзээ авч байсан бэ?
-Хамгийн анхны бөмбөгийг эмээ маань авч өгч байлаа. Эмээ "та энэ бөмбөгийн аваад өг" гээд л авхуулж байсан юм. Үнэгний зурагтай бөмбөг байсныг хамгийн тод санадаг. Харин өвөөгөөрөө гэрт өлгөдөг шийд авхуулж байсан.
-Иргэншлийн асуудлаас болоод олон боломжийг алдсан гэж сонссон?
-Тийм ээ. Бага сургуулиас нэгдүгээр курс хүртэлх хугацаанд хамгийн чухал тэмцээнүүдэд иргэншлийн асуудлаас болоод орж чаддаггүй байсан. Мөн эмнэлэгт үзүүллээ гэхэд 2-3 дахин их төлбөр гарах зэрэг асуудлууд тулгарч байсан. Хамгийн гол нь Дээд лигийн тамирчин болохын тулд заавал БНСУ-ын иргэншил хэрэгтэй байсан л даа.
Мөрөөдлийнхөө төлөө БНСУ-ын иргэншил авсан. Одоо тус улсын дээд лиг болон шигшээ багийн тоглогч болсондоо баяртай байдаг.
-Хэдий БНСУ-ын иргэншилтэй ч гадаад тамирчин лигт тоглоход тус улсын иргэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Найзууд Х.Болдсүх гэдэг нэрээр л дууддаг. Харин дээд лигт тоглохдоо Солонгос нэрээрээ тоглосон. Миний Солонгос нэрийг И Гён Хе гэдэг. Дээд лигт тоглоход Солонгосчууд болон фенүүд маань намайг солонгос хүн л гэж бодсон байх. Солонгос нэртэй, мөн гадаад төрх ч солонгос хүн шиг болохоор гадаад хүн гэж хараагүй болов уу.
-БНСУ-ын "KCC Egis" багтаа нэгдээд таван жил болжээ. Анх багтаа хэрхэн нэгдэж байсан бэ?
-Их сургуулийн гуравдугаар ангидаа драфтад нэрээ өгсөн. Драфтаар сонгогдохоо мэдэж байсан ч сонгогдсоны дараа сэтгэл их хөдөлсөн. Тайзан дээр гарч үг хэлэхдээ сандарч, биеэ барьсан. Сонгогдсоноос хоёр хоногийн дараа багтаа нэгдэж бэлтгэл хийсэн. Багийн тамирчдаасаа хэнийг ч танихгүй. Багшийнхаа нүдэнд өртөхийн тулд бүх чадлаараа хичээсэн.
-Мотиваци унтарч л байдаг, асч л байдаг гэдэг шүү дээ. Ер нь шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Шантрах үе цөөнгүй байсан. Гэсэн хэдий ч хүнд хэцүү үеэ бусдад хуваалцахгүйгээр өөрөө даваад гарчихдаг л даа. Бага байхаасаа л миний амьдрал бол сагсанбөмбөгөөр юм байна гэдгийг ойлгосон. Тиймдээ ч, шантарсан үедээ больё гэж хэзээ ч бодож байгаагүй. Үүнийг даваад гарчихвал зүгээр болно гэдэг бодлоор хэцүү үеэ давж туулдаг байсан.
Одоо ихэнх хүмүүс намайг Монгол хүн гэдгийг мэддэг болсон. Тийм болохоор намайг яг ямар тоглогч вэ гэдгээс хамаарч Монгол Улсыг дүгнэх болохоор сайн тоглохыг хичээж байгаа.
-Өнгөрсөн жил Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга болсон шүү дээ. Энэ талаар дурсахгүй юу?
-Өнгөрсөн жилийн Бүх оддын тоглолтод анх удаа оролцсон. Ингэхдээ гурван онооны шидэлтийн аварга болсондоо маш их баяртай байна. Сагсанбөмбөгийн тамирчин хүний хувьд гурваас шидэлт маш чухал байдаг. Тухайн үед Монголоос маш олон хүн баяр хүргэсэн.
-БНСУ-ын дээд лигийн бүх оддын тоглолтод оролцоход ямар шалгуур тавигддаг вэ?
-Бүх оддын тоглолтод оролцохын тулд нэг тоглолтод заавал гурваас нэг удаа оруулах шаардлагатай байдаг. Мөн санал хураалт ч явагддаг.
-Өдөрт шидэлтийн бэлтгэл хэдийг хийдэг вэ?
-Солонгос тамирчид өдөрт 500-1000 шидэлтийн бэлтгэл хийдэг. Гэхдээ тэр шидэлтийн бэлтгэл тоглолтод ашиглагдаад байдаггүй. Миний хувьд арай өөр арга барилаар шидэлтийн бэлтгэлээ хийдэг.
-Монголын сагсанбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах талаар боддог уу? Шигшээ багийн бүрэлдэхүүнд орох санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?
-Монгол Улсынхаа шигшээ багт тоглоно гэж боддог. Солонгос улсын шигшээ багт тоглоод үзчихлээ. Багаасаа л Монгол Улсынхаа шигшээ багт тоглох талаар боддог байсан.
2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголчууд хүлээж байгаа. Би ч ялгаагүй. Боломж гарвал оролцоно. Тийм болохоор иргэншлийн асуудлаа шийдэхийг хичээнэ дээ. Хоёр иргэншлийг зөвшөөрчихвөл улсынхаа нэрийн өмнөөс тоглох боломжтой гэж боддог.
-Цаашид хамгийн их биелүүлэхийг зорьж буй зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?
-Миний мөрөөдөл БНСУ-ын шигшээ багт орох байсан. Энэ мөрөөдөлдөө биелүүлсэн. Харин дараагийн зорилго бол чадварлаг дасгалжуулагч болох. Дасгалжуулагч болоод Монголоос өөрийн гэсэн хүүхдүүдийг дасгалжуулаад дэлхийд гаргах зорилготой болсон.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун