Ардчилсан нам даргаа сонгоод удаагүй байгаа. УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дайтай болсон санал хураалтаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ сонгогдсон. Тэгвэл С.Эрдэнэ тун удахгүй намын даргын суудалдаа баталгаажих нь. Учир нь ирэх баасан гаригт Ардчилсан намынхан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хуралдуулахаар зэхэж байна. Намын дотоод, гадаад асуудлыг ний нуугүй ярилцдаг тус хурал Их хурлын өмнө болж байгаагаараа онцлог. Тиймдээ ч намын даргын асуудлаас гадна намын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ч хөндөгдөх нь тодорхой. Одоогоор генсект хэд хэдэн хүний нэр яригдаад байгаа. Тодруулбал С.Эрдэнэ АН-ын Долдугаар их хурлыг зохион байгуулах ажлыг хэсгийг ахалж байгаа Ц.Тувааныг зүтгүүлж байгаа аж. Тэрбээр С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад тус яаманд Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж, “Шонхор” фракцийнхантай дөрөө харшуулах болжээ. Харин З.Энхболд Г.Байгалмааг зүтгүүлж байгаа бололтой. Г.Байгалмаагийн хувьд Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан. З.Энхболдыг УИХ-ын дарга байхад Улсын Их Хурлын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм.