Өнгөрсөн сард нийт импортын 44 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн, 15 хувийг өргөн хэрэглээ, 4 хувийг хүнсний бараа , үлдсэн 37 хувийг бусад төрлийн импортын бүтээгдэхүүн эзэлжээ. Үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүний импортын нийт импортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс 16 нэгж хувиар буурсан нь нефтийн импортын хувийн жин 15 нэгж хувиар буурсантай холбоотой байна. Харин өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь өмнөх жилийн мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.
БууралтИмпортын 24.3%-ийн бууралтыг ерөнхий ангиллаар задалвал үйлдвэрлэлийн орцын бууралт нь 7%-ийг, нефтийн бүтээгдэхүүний импортын бууралт 20%-ийг тус тус тайлбарлаж байна. Үйлдвэрлэлийн орц өмнөх оноос 30%-иар буюу 59 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 55%-иар буюу 159 сая ам.доллараар буурсан нь нийт импортийг 24.3%-иар буурахад голлон нөлөөлжээ.
ӨөрчлөлтӨнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импорт нь тоо хэмжээний бууралтаас шалтгаалан 124 сая ам.доллараар, үнийн дүнгийн бууралтаас шалтгаалан 73 сая ам.доллараар, нийт дүнгээр 197 сая ам.доллараар буурчээ. Нефтийн бүтээгдэхүүний импорт тоо хэмжээ нь буурснаас шалтгаалан 143.3 сая ам.доллараар, хилийн үнийн бууралттай холбоотойгоор үнийн дүн нь 15.6 сая ам.доллараар буурснаар нийт 158.8 сая ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ 2012 оны эхнээс буурч, 8 сараас өсөх хандлагатай байсан хэдий ч 2013 оны 1 дүгээр сараас эхлэн буцаад буурч байна.
Үйлдвэрлэлийн орц тоо хэмжээ нь өссөнөөс шалтгаалан 8.7 сая ам.доллараар өссөн ч үнийн дүнгийн бууралтаас шалтгаалж нийт дүнгээр 59.1 сая ам.доллараар буурсан байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 20% нь тоо хэмжээний, 80% нь үнийн дүнгийн бууралтаас шалтгаалж нийтдээ 6 сая ам. доллараар буурчээ.