Төрийн өмчит компаниуд гэхээр л үргэлж өр ширэнд баригдсан,
алдагдалтай ажилладаг, ашиг гэж ярих нь бүү хэл дугардаггүй, ер нь
өөдөлдөггүй хэдэн үйлдвэр, компани байдаг гэсэн бодол хамгийн түрүүнд
толгойд орж ирнэ. Үүнийг буруу ойлголт гэж хэлэхийн тал ч үгүй юм.
Хамгийн том компани болох “Эрдэнэс-Тавантолгой”, “Эрдэнэс-Оюутолгой” нь
хамгийн их алдагдалтай, өр зээлтэй нь. Гэтэл яг энэ “толгойнуудад”
төрийн бус компаниуд ашигтай ажиллаад чадаад байдаг. Энэ нь төр ямар муу
менежер вэ гэдгийг л харуулаад байх шиг. Тийм ч учраас ТӨК-иудыг
бүгдийг хувьчлах ёстой гэсэн хатуу шүүмжилдэг биз.
ТӨК-иуд
яагаад алдагдалтай ажилладагыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар
хоорондын уялдаа байдаггүйтэй холбон тайлбарлав. Эрдэнэт үйлдвэрээр
жишээ татахад жилд 20 мянган тонн ган бөмбөлөгийн хэрэгцээгээ тус
үйлдвэр бүгдийг импортоор авдаг байж. Гэтэл бараг хаяа нийлсэн Дархан
хотод төмөрлөгийн үйлдвэр ган бөмбөлөгний захиалгаа хүлээгээд тэг
зогсолттой өвлийг бардаг байж. Энэ маягаар 20 гаруй жилийг өнгөрөөжээ.
Нэг үгээр хэлбэл төрийн компаний төрийн компаниа голдог, эс бөгөөс хүчин
чадлыг нь мэддэггүй байж. Эсхүл бүр байдгийг нь ч мартсан байж болох.
Энэ хугацаанд “Эрдэнэт” ч ган бөмбөлөг авъя гэсэнгүй, “Дархан” ч өгье
гэж хичээсэнгүй. Гэтэл 20 гаруй жилийн хугацаанд ган бөмбөлөгөөс болж
100 орчим сая ам.долларыг гадагш урсгасан байх юм.
Энэ
асуудал өнгөрсөн жил л ил болж хоёр компаний хамтарч ажиллахаар болжээ.
Үр дүнд нь Эрдэнэт үйлдвэр жилийн дотор 4 сая ам.доллар хэмнэж чадсан
байна.
Гэхдээ энд бас өөр нэгэн асуудал байна. Эрдэнэт
үйлдвэр 2013 онд 176 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр төлөвлөж
байжээ. Тэгтэл Төрийн өмчийн хорооноос мониторингийн судалгаа хийж
үзэхэд үүнээс 40 тэрбум төгрөгөөр авах гэж байсан сэлбэг хэрэгсэл
агуулахад нь байсныг илрүүлж. Энэ нь цаагуураа дарга нарын Эрдэнэтийг
шахааны бизнес, ашиг олох бай болгож байсныг хэлээд байгаа юм. Үеийн үед
ийм нүдээр “Эрдэнэт”-ийг хардаг байж. Саяхан үйлдвэрийн ерөнхий захирал
Ц.Даваацэрэн бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах гэрээгээ зөрчсөн
аж ахуйн нэгжүүдийн нэрсийг зарлаж, цаашид хамтрахгүй гэж мэдэгдсэн. Энэ
жагсаалтад 105 компанийн нэр ярсайтал жагсжээ.
Жагсаалтад
бичигдсэн компаниудын дотроос 11 нь “Эрдэнэт” үйлдвэрээс 95 хүртэлх
хувийн урьдчилгаа хөлс авсан боловч ямарч үйлчилгээ үзүүлээгүй,
бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэнэ. Тиймээс Мөрдөн байцаах газрын Эдийн
засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс энэ хэргийг шалгаж эхэлжээ. Чухам ямар
замаар, хэний зөвшөөрлөөр дээрх компаниуд 1.5 сая ам.доллар хүртэлх
урдьдчилгаа авсан мөртлөө энэ олон жил юу ч хийгээгүйг хуулийнхан мөрдөж
эхэлжээ. Энэ үйл явдлаас болж МАН-ынхан ихэд сандарч, тэвдэж байгаа
сурагтай. Учир юу вэ гэвэл өнгөрсөн 20-н хэдэн жилийн хугацаанд төрийн
эрхийг тус нам голлон барьсан. Тиймээс луйвар, заллилангийн шинжтэй гэж
хэлж болох эдгээр хэрэг бараг бүгд МАН-ын эрх барьсан цаг хугацаатай
давхцаж байгаа аж. Бүр, дээрх хэргүүдэд тус намын нэр бүхий гишүүд
холбоотой гэж хардах хүмүүс ч бий.
Энэ бол зөвхөн
Эрдэнэтийн тухай асуудал биш юм. Энэ бол ерөөсөө ТӨК-иуд яагаад ийм их
хэмжээний алдагдал хүлээдгийн гол шалтгаан. Бусад ТӨК-иудыг ч үүний адил
шалгах юм бол далд байсан олон хэргүүд илрэх биз. Хэдий болтол төрийн
компаниуд эрх мэдэлтнүүдийн “шахааны бизнес” байсаар байх вэ...
Сэтгэгдэл (6)