Герман Улсын эдийн засагч Ханс Вернер Зинн МУИС-ийн урилгаар Монгол Улсад айлчилсан байна. Тэрээр улсдаа нэгдүгээрт эрэмбэлэгддэг эдийн засагч аж. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тэрээр манай дотоодын эдийн засагчдын хэнээс ч илүү бодитой харж, оновчтой дүгнэж, хэрэгтэй зөвлөгөө өгчээ. Түүний хэлснээс монголын эдийн засаг хямарч байгаа, эс бөгөөс хямрах нь гарцаагүй гэдгийг ойлгож байна.
Ханс Вернер Зинн монголчуудад хэрэглээний хэд хэдэн буруу зуршил байгааг олж харжээ. Тэдгээр нь бүгд тансаг хэрэглээ газар авсныг илтгэж байлаа. Тухайлбал монголд бараг өрх бүр хавтгай дэлгэцтэй зурагт үзэж, япон машинд хамаг орлогоо алддагийг онцлов. Гэтэл хөгжлийн түвшнээр биднээс хэдэн арван жилээр түрүүлж явдаг Германд хавтгай дэлгэцтэй зурагт ховор гэнэ.
Харин юу хэрэгтэй вэ гэвэл сайн чанарын орон сууц, дэд бүтэцтэй болох нь чухал гэжээ. Гэхдээ энд бас нэг буруу үзэгдэл нь тансаг орон сууцны хэрэглээ маш өндөр байгаа гэнэ. Мөн орон сууцны үнэ хөөсрөлийг тэрээр найман хувийн хүүтэй зээлтэй холбон тайлбарласан байна. Инфляцийн түвшнээс доогуур хүүтэй зээл нь барилгын салбарт татаас өгөхөд хүргэсэн гэлээ. Хөөс хэзээ нэгэн цагт хагарна. Тэр үед эдийн засаг хямарч, банкууд хүнд байдалд орох болно гэдийг анхааруулав.
Эцсийн эцэст тансаглал хаанаас бий болж байгааг тэрээр гаднаас авч буй өр зээлтэй холбож үзэв. Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол Улсын гадаад өр 2.2 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Энэ нь хоёрхон жилийн дотор бий болсон гэхэд асар өндөр үзүүлэлт. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортын хэмжээ нь улсын эдийн засгийг аваад явчих чадамжтай байсаар атал Засгийн газар зээл авч иргэддээ тарааж байгаа нь буруу болохыг учирлав. Алсдаа энэ нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учруулж ч болохыг анхааруулсан байна. Зээлсээ мөнгөө зөвхөн дэд бүтэц, төмөр зам зэрэг ирээдүйд ашгаа өгөх бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй гэжээ.
Байгалийн баялаг элбэгтэй, түүнийг зөв зохистой ашиглаж чадсан орнууд бүгд баялагийн сантай байдаг ажээ. Уул уурхайн орлогынхоо тодорхой хэсгийг баялагийн сан бий болгоход зориулснаар ирээдүйд газрын баялаг шавхагдах үед хүү нь ашигаа өгөх учиртай аж. Хамгийн чухал нь түүний хэлсэн ирээдүй гэдэг нь гагхүү маргааш биш гэдгийг ойлгох.
Сэтгэгдэл (6)