Жил бүр зохион байгуулдаг “Coal Mongolia” чуулган өнгөрсөн өдрүүдэд дөрөв дэх жилдээ болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх жилүүдэд нүүрсний салбарт “Нэг цонхны бодлого” гэгчийг
баримтлах тухай Уул, уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулав. Энэ бодлого нь
олборлолт, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, их ашиг олоход үндсэндээ
чиглэж байна гэж ойлгож болох юм. Нэг ёсондоо компаниуд бие биедээ
тусалж, дутуу дутуугаа нөхөн ажиллахыг хэлж байгаа хэрэг. Тухайлбал
“Эрдэнэс Тавантолгой” компани олборлосон нүүрсээ “Энержи ресурсын”
баяжуулах үйлдвэрт угааж хариуд нь “Эрдэнэс МГЛ”-ийн замаар “Энержи
ресурс” нүүрсээ зөөх гэрээ хийжээ. Ерөнхийдөө эмх цэгцэнд оруулахыг
хичээж байна.
Түүнээс гадна Тавантолгойгоос нүүрс олборлогчид
хилийн дагуу төмөр зам барих ажилд хувь нэмрээ оруулж байгаа. Төмөр зам
баригдсанаар тээврийн зардал 15 хувь буурах тооцоо бий. Мөн хилийн
боомтуудыг 24 цагийн ажиллагаатай болгох, нэвтрэх чадварыг сайжруулах
тухай “нэг цонхны” бодлогод тусгажээ.
Монгол Улсын эдийн засагт нүүрсний гүйцэтгэх үүрэг их. Эдийн засгийн
ямарч цаг үед улсын төсөв, сангийн ихэнх хувийг бүрдүүлж ирсэн. Цаашдаа ч
голлох олборлолт, экспорт байх нь ойлгомжтой. Экспортын тухайд манай
улс “Хятад” хэмээх дэлхийн хамгийн том импортлогчид хамгийн ойр
байгаагаараа бусад өрсөлдөгчдөөсөө давуу юм. Гэхдээ бидэнд сул тал
түүнээс их бий.
Монголын нүүрс чанартай, хямд боловч Хятадын жилд импортлох нүүрсний тийм ч их хувийг эзэлдэггүй. 2013 онд БНХАУ 8015.8 мянган тонн нүүрс импортложээ. Тус импортыг голлох 6 орны нүүрс бүрдүүлж байгаа юм. Нийт импортын хамгийн их буюу 42 орчим хувийг Австралийн нүүрс эзлэж байна. Түүний дараагаар Монгол бичигдэж байгаа ч импортлосон хэмжээ нь ердөө 26 хувь. Бидний араас Канад, Орос, Америк, Индонез зэрэг орнууд жагсаж байна. Эдгээр орнууд Хятадаас алслагдсан хязгаар нутгтай боловч өмнөд хөршийн гаднаас авсан нүүрсний 30 гаруй хувийг бүрдүүлж байна.
Хятадууд яагаад биднийг сонгохгүй байна вэ. Түүний оронд алслагдмал Австрали тивээс хоёр дахин өндөр үнээр нүүрсээ худалдан авч байна. Тухайлбал өнгөрсөн онд БНХАУ-руу 2 сая 121 мянган тонн нүүрсийг тонн тутамд нь 73.02 ам.доллараар нийлүүлсэн байх юм. Харин Австралиас 3 сая 394 мянган тонн нүүрсийг тонн тутамд нь 148.15 ам.доллараар худалдаж авчээ.
Бүх асуудал явж, явж зам тээвэрт зангилагддаг юм. Хятадын өмнөд нутагт нүүрс хамгийн их хэрэгцээтэй байдаг. Энэ нь хүнд үйлдвэрлэл, төмөрлөгийн үйлдвэрүүд төвлөрөн хөгжсөнтэй холбоотой. Монгол нүүрс уурхайгаас ачигдан хятадын өмнөд нутагт хүрэхэд нийт зардал нь 130 ам.доллар болдог юм. Харин Австралиас очих нүүрс ердөө наймхан ам.долларын илүү өртөгтэй. Учир нь усан замаар нэг удаад их хэмжээгээр тээвэрлэх боломжтой юм. Түүний дээрээс хурдан, шуурхай. Монгол нүүрс өмнөд хөршийг зорих аялал нь олон шат дамжлагатай, төвөгтэй, удаан.
Энэ жилийн “Coal Mongolia” чуулган чухамдаа энэ асуудлын шийдлийг гаргаж, түүнийгээ таниулахад чиглэж байлаа. Мэдээж хэрэг Монголд усан зам үгүй учир хамгийн боломжит тээвэр бол төмөр зам юм. Төмөр зам барих ажил эхэлсэн ч маргаантай, бүрэн шийдэлд хүрээгүй л байна. Тиймээс нүүрсний экспортод төрийн оновстой бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байсан юм.
Сэтгэгдэл (1)