Сүүлийн үед шалгана, хянана, хорино гэх мэт захиргааны үг хэллэг моод болж эхэлсэн. Олон хүн энэ харилцаа хандлагыг шүүмжлэх боллоо. Гэвч хяналт шалгалт улам чангарч байгаа аж. Хяналт шалгалтыг чангаруулсныхаа ачаар бас багагүй авлиглал, хээл хахуулын уурхайг ээлж дараалан задалж байна. Бараг л долоо хоног бүр нэг авлигалын тухай сонин мэдээг сонсдог болов. Үнэхээр яригдаад байгаа авлигалын асуудлууд хэлмэгдүүлэлт биш байвал сайн л үзэгдэл. Харин авлигал нэрээр ард иргэдийг дарамталж байвал алс нь нилээд урхагтай байж мэднэ.
Хамгийн сүүлийн байдлаар бүх иргэдийн хадгаламжин дахь мөнгө болон шилжүүлэгүүдийг нягтлан шалгаж байгаа аж. Ингэхдээ энгийн иргэдийг бол 20 сая төгрөгнөөс дээш төгрөгийн хадгаламж эзэмшсэн болон шилжүүлсэн тохиолдолд нарийвчлан шалгаж эхэлжээ.
Харин төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг хэдэн ч төгрөг шилжүүлсэн бай бүх үйлдлийг хянаж эхэлсэн гэнэ. Энэхүү шийдэл нь сайн муу олон талтай юм. Нэгдүгээрт иргэдийг айдаст автуулж мөнгөө банкинд биш гэртээ хадгалуулдаг байдалд хүргэж мэдэхээр байна. Уг нь иргэдэд хүндрэл учруулахгүйгээр ингэж шалгах процесс 2006 оноос эхэлжээ. Гэхдээ үүнийг ил тодоор хянаж шалгаж байгаагаа зарлаж иргэдийг айдаст автуулах хэрэг байсан уу гэдэг асуулт урган гарч ирнэ. Үүнд хуулийн байгууллагынхан л хариулж чадна. Нөгөө гэртээ сейфтэй мөнгөө хадгалдаг сайд шиг үйл явдлууд олон гарах бий дээ гэсэн болгоомжлол байна. Хоёрдугаарт иргэдийн банкинд итгэх итгэлийг бага багаар алдагдуулж болно. Одоогийн байдлаар энэхүү хяналтыг Монгол банкны дэр¬гэдэх Санхүүгийн мэдээллийн албанд нягталдаг аж. Тэгээд сэжигтэй гэх гүйлгээг л хууль сахиулах байгууллагад мэдэгддэг гэнэ. Гуравдугаарт иргэдэд хаашаа хэзээ хэн рүү мөнгө шилжүүлсэн бас авсан гэх мэт хувийн чанартай мэдээлэл нь нийтэд ил гарах вий гэсэн болгоомжлолыг үүсгэж мэдэх юм. Дөрөвдүгээрт манай арилжааны банкуудын хадгаламжын хүү өндөр байгаа нь гадныхны мөнгөө байршуулах эх сурвалж болно гэж үздэг бололтой юм.
Тавдугаарт сайн тал нь гэвэл буруу гарын мөнгийг олж илрүүлж арга хэмжээ авч байгаа явдал юм. Одоогийн байдлаар авлигалтай холбоотой ихээхэн хэмжээний мөнгө Монголоос гадагшилж дүр төрхөө өөрчилсөөр байгаа. Тухайлбал “Япон, Солонгос, АНУ, Канадад үл хөдлөх хөрөнгө болчихоод байна. Үүнийг бид тогтоож, таслан зогсоох ёстой. Нөгөөтэйгүүр энэ мөнгийг олж ирэх хэрэгтэй” талаар салбарын сайд Х.Тэмүүжин мэдэгдээд байгаа. Мэдээж тэр тодорхой мэдээлэлтэй болчихоод л тэгж хэлсэн байж таарна.
Сэжигтэй гүйлгээ гэдэгт тер¬рорист хүн, байгууллага, түүнийг санхүүжүүлж байгаа талаарх мөнгөн урсгал ордог аж. Одоогийн байдлаар Исламын орнуудаас, хойд Солонгосоос манай улс руу шил¬жүүлж буй гүйлгээг хянасаар байна. Энэхүү хяналтын үр дүнд Хойд Солонгосоос ихээхэн хэмжээний мөнгө манай БХЯ-ны “сайн гарууд”-ын дансанд орж ирснийг мэдсэн аж. Тэгээд л нөгөө генералуудын асуудал босчээ. Харин Исламын орнуудаас орж ирсэн гэх тодорхой гүйлгээ байхгүй байж мэднэ.
Юутай ч гэсэн иргэдийн мөнгөн хадгаламж гүйлгээг сайтар хянаж байгаа нь сайн муу үр дагавартай аж. Энэ талаар иргэд одоохондоо мэдээлэл багатай байгаа. Тодорхой мэдээлэлтэй болоод ирэхээр байр сууриа илэрхийлж эхлэх нь гарцаагүй.
Сэтгэгдэл (8)