Говьсүмбэрт өссөн Д.Азжаргал гэх энэ залуу багадаа циркчин, орлон тоглогч болохыг мөрөөддөг байжээ. Харин тэр өнөөдөр "Бурхан намайг дөнгөлөөд зураач болгочихсон" гэж ярих. СУИС-ын Уран зургийн ангийг 2022 онд төгссөн тэрбээр мэргэжил нэгт дүү Н.Хатанбүүвэйтэйгээ хамтарсан үзэсгэлэн гаргасан нь энэ өдөр хураагдаж байна. Түүнтэй хуучиллаа.
-Үзэсгэлэн гаргахад юу түлхэц болов?
-Би 2022 онд сургуулиа төгссөн. Тэр цагаас хойш үзэсгэлэн гаргах хүсэл цээжинд байсан юм. Тэгээд Н.Хатанбүүвэй дүүтэйгээ ярилцаж байгаад шөнө, гэрлийн тухай судалбар зургийн үзэсгэлэн гаргахаар болсон.
-Зарим хүмүүс этюд, судалбар зураг гэхээр сайн ойлгохгүй байж магад. Тэр хүмүүст тайлбарлаж өгвөл?
-Тухайн агшныг сэтгэл хөдлөлөөрөө, хурдан хугацаанд цаасанд буулгаж авахыг л судалбар зураг гээд байгаа юм л даа. Урт хугацаанд хөштөлөө сууж зурах биш.
-Үзэсгэлэнг чинь үзэж явахад ямар ч хийслэл олж харсангүй. Магадгүй та хоёр шөнөөр гадаа тамхилж суугаад сэдэлжив үү?
-Хүмүүс шөнийг харанхуйгаар л төсөөлдөг байх. Гэвч гэрэл байгаа газар сүүдэр, сүүдэр байгаа газар гэрэл байдаг. Тэр утгаараа бид хоёр шөнөөс гэрлийг нь онцлохыг хүссэн. Шөнөөр бидний анзаараад байдаггүй гэрэл, харих замд хань болдог жир газруудын тухай мэдрэмжийг хүмүүст өгөхийг эрмэлзлээ. Заримдаа шөнө харихад орцны маань гэрэл хүлээж байсан ч юм шиг санагддаг. Тэр мэдрэмжээс үүдсэн гэж хэлж болно.
-Уран бүтээлч хүнд бүтээлч цаг гэж байдаг. Таны хувьд хоногийн аль цагт бүтээлч байдаг вэ?
-Оройн цагаар л юм байна. Ганцаараа чимээгүй орчинд, саад болох зүйлүүдээс хол суухаараа илүү бүтээмж гаргадаг. Ихэнх уран бүтээлчид надтай адил ярих байх.
-Гэрлийн тухай сайхан дурсамж байгаа л байх. Хуваалцвал?
-Бага байхад ээж маань дэлгүүрт ажилладаг байв. Тооллого хийнэ гээд удаж гэртээ ирдэг байсан юм. Заримдаа би түүнийг гэрлийн дор зогсоод хүлээнэ. Гэрлээс гараад явчихвал айх, магад төөрч мэдэх учраас яг дор нь л зогсоно. Гэр рүүгээ орж хэсэг байчхаад эргээд гэрлийн дор ирээд замыг нь тосон хүлээдэг байсан юм. Одоо бодоход сайхан дурсамж л даа.
-Өөрт чинь “Дурсамж зээлдэгч” нэртэй бүтээл байна. Гоё нэр санагдлаа?
-Оюутан байхад сургуулийн замын урд нэг ТҮЦ байдаг байлаа. Тэндээс пирожки, ундаа зээлж авдаг байсан. Сүүлд бодоход тэр ТҮЦ-ээс би дурсамжаа л зээлж авдаг байж дээ.
-Таны хувьд хамгийн сайхан гэрэл юу вэ?
-Сар юм болов уу. Хүн төрөлхтний бүтээсэн гэрлүүд нэг л зорилготой бол сар гэдэг чинь агуулгаараа сайхан бас том эд.
-Гэхдээ сар өөрөөсөө гэрэл цацруулдаггүй шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ л гэрэлтдэг гэж итгэж байвал болох юм биш үү.
-Н.Хатанбүүвэйтэй хамтрах шалтгаан нь юу байв?
-Нэгнийдээ хонож, өнждөг найзууд шахуу улс л даа. Намайг ахыгаа л гэдэг юм. Төгсөөд хамт үзэсгэлэн гаргана гэж мөрөөдсөнөө биелүүлчихлээ. Бас мэдрэмж нь минийхтэй ойр л доо, цаадах чинь.
-Яаж яваад зураач болчихсон гэж өөрийгөө боддог вэ?
-Зурмаар санагдахаараа л зурдаг хүү байсан. Ер нь би их хөдөлгөөнтэй жаал байсан шүү. Акробатаар хичээллэдэг байсан болохоор циркчин, орлон тоглогч болохыг л мөрөөддөг байлаа. Одоо бодоход тэр чигт л илүү их цаг хугацааг зарцуулсан байна. Гэтэл 2017 онд би хагалгаанд орж, хөдөлгөөнөө хязгаарлах шаардлагатай болсон. Тэгээд л зураг зурхаас өөр аргагүй болж байгаа юм. Сургуульд нь ч сурлаа. Тэгээд л зураач болохоор шулуудсан хэрэг.
-Уран бүтээлч болгоны хувьд хайр сэтгэл гэдэг том сэдэв гэж боддог юм. Таны хувьд хэр том сэдэв бэ?
-Том сэдэв л дээ. Гэхдээ би хосын хайрыг зургаар илэрхийлж чадахгүй юм шиг санагддаг. Үүний оронд хагацал, шаналлынх нь тухай зурвал надад илүү ойрхон байх.
-Яагаад хосын хайрын тухай зурж чадахгүй гэж?
-Нэг удаа би сонирхол хөдлөөд бөөгөөс “би хар бараан зүйлийн тухай л зурчихаад байх юм. Өөр зүйл надаас гарахгүй бололтой. Ийм байдал минь эргээд надад яаж нөлөөлөх бол?” гэж асуусан юм. Тэгсэн чинь бөө “Сайхныг нь мэдэж чадаагүй бол барааныг нь таних боломжгүй. Гуниг, уй гашууг зурахын тулд өөрөө тийм байх ёстой биз дээ. Тэгэхээр өөртөө сайн бодоод үз. Яах вэ, хүнд бага насны бартаг амьдрал байдаг юм. Хорвоод сайхан зүйл нь олон” гэж хэлсэн. Нээрээ л хүүхэд насны элдэв дурсамж хүний дотор хадаатай явдаг байх.
-Би сэтгүүлч болохоороо энд тэнд бичиг уншихдаа өөрийн мэдэлгүй алдааг нь засчих гээд байдаг зуршилтай юм л даа. Зураачийн хувьд өөрт чинь ямар зуршил байгаа вэ?
-Гудамжаар алхаж явахад гоё ах нар их таарна. Гоё сахалтай, догь хувцаслачихсан. Өөрт нь юу ч хамаагүй юм шиг харцтай. Тийм хүмүүсийн зургийг өөрийн мэдэлгүй дарчих гээд байдаг тал бий. Бусдаар ч гайгүй шүү.
-Зурах гэж үү?
-Бид дүрийн судалгаа гэж ярьдаг юм. Нэг л өдөр зурж магадгүй шүү дээ.
-Эмэгтэй хүнийг царай төрх, биеийн галбираас илүүтэй донж чимдэг гэж боддог. Бас хөрөг зургуудыг ажиглахаар донжтой хүмүүс харагддаг. Эсвэл донж гэж хүн болгонд байдаг эд үү. Та юу гэж бодож байна?
-Хэн чиг л зурж байгаа хүнээ удаан ширтвэл донжийг нь олж харах байх л даа. Саяхан нэг хэл судлаач өвөө орж ирээд миний зургийн жаазнуудыг донжтой гэж мягтсан юм. Тэгээд надаас донж гэж мэдэх үү гэж асуусан. Би дотроо хэв маяг гэж боддог тухайгаа хэлэв. Гэтэл тэр үгүйсгээд, "утга" гэсэн Төвд үг л дээ. Манайхан л утгыг нь тунгаахгүй хэрэглээд хэвшчихсэн юм гэж билээ.
-Зургийг заавал жаазанд хийх ёстой юм уу?
-Тийм гэж хэлнэ. Жаазанд хийж байж л элэг бүтэн мэдрэмж авдаг. Жаазгүй зураг хагас өнчин хүүхэд шиг санагддаг.
-Хүмүүс зураг гэлтгүй, жаазтай гэрэл зургийг ч ханандаа тэгшхэн тогтоохыг эрмэлздэг. Заавал тэгшхэн тогтоох алба байна уу?
-Албагүй л дээ. Бидний юмсыг журамтай байлгах гээд байдаг хүсэл л тэгшхэн тогтоолгодог байх.
-Энд байгаа бүтээлүүдээ та хоёр шөнөөр л зурсан уу. Эсвэл өдрөөр зурагдсан шөнийн тухай хүчтэй мэдрэмж байв уу?
-Зуны туршид хийсэн бүтээлүүдээ дэлгэсэн. Бид хоёр эхлээд үзэсгэлэнгээ гаргах тухайгаа яг таг тохирсон. Тэгээд зунжингаа хотоор тэнэсэн дээ. Орой нь ирээд зургаа зурна. Өдрөөр зурсан зураг цөөхөн байгаа. Шөнөөр алхаж яваад олж авсан мэдрэмжүүдээрээ л хүмүүст хуваалцаж байгаа юм.
-Ямар амьдрал таныг зураач болгов?
-Даруухан амьдрал юм болов уу. Би арван жилдээ даруухан, гэхдээ хөдөлгөөнтэй хүү байсан. Тухайн үед том болоод цэрэг, цагдаагийн хүн болохыг хүснэ. Яг тэр бодлоороо явсан бол өнөөдөр өөр Азаа болчихсон байх биз. Ер нь бурхан зохицуулчихдаг юм шиг ээ. Тэр миний хөдөлгөөнийг хязгаарлаж, зураач болоосой гээд өвтгөсөн ч юм билүү. Хөдөлгөөнтэй байгаад байхаар минь "томоотой суугаад зураг зурж" бай гээд дөнгөлчих шиг боллоо.
-Уран бүтээл туурвихын тулд эхлээд “хүн” байх ёстой гэж ярих юм. Та ямар хүнийг ер нь зураач гэж тодорхойлох вэ?
-Ийм, тийм гэсэн тодорхойлолт надад байхгүй ээ. Уран бүтээлч хүн жаахан хүүхэд шиг л санагддаг. Инээд, нулимс нь ойрхон, сэтгэл хөдлөл өндөртэй. Бас мөнхийн “яагаад” гэж асууж явдаг хүн л жинхэнэ уран бүтээлч байх. Хүн байхын тухайд сайн, муу бүгдээрээ л хүн шүү дээ. Муу хүн, сайн хүн, зэрлэг хүн, даруухан хүн л гэдэг. Ялгаагүй л бүгдээрээ хүн байгаа биз дээ.
-Уран бүтээлч л юм чинь уналтад орсон л байж таараа. Тэр үедээ яаж босож ирсэн бэ?
-Би мөнхийн л уналтад байдаг хүн дээ. Зурж чадахгүй байгаа юм чинь яах юм. Таван цаасны хэрэгцээ гарах үед би дотроо хоёр өөр хүнтэй тулгардаг. Нэгэнд нь мөнгө хэрэгтэй, нөгөө нь уран бүтээлээ хийх ёстой. Энэ л миний уналтын цэг байх.
-Энэ таны анхны үзэсгэлэн шүү дээ. Үзэсгэлэн гаргах мэдрэмж ямар байв?
-Үзэсгэлэнг нээхэд тийм олон хүн ирнэ гэж бодоогүй. Намайг хүндэлж, дэмждэг олон хүн байгаад баярласан. Олон хүнээс хариу нэхээгүй тус ирсэн. Ингээд бодохоор би хэсэгхэн хугацаанд ч болов хүн гэдгээ мэдэрсэн юм байна.
-Ярилцаж байхад та их ганцаардмал санагдлаа?
- Уг нь би ганцаардах хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ тэгж чадахгүй, хүн амьтан хань татаад байдаг болчихлоо.
-Ямар хүнээс урам авдаг вэ?
-Хийх ёстой юмаа хийж чадсан хүнээс урам авч, атаархал. Тэр хүн хэдэн шөнө нойргүй хонож, шантарч бас гутарсан бол гэж бодохоор атаархал төрдөг. Над шиг л болно, бүтнэ гээд мэрийж явсан байх. Бийртээ үнэнч байхад болно доо л гэж итгэдэг.
-Уран бүтээл, хувь хүн хоёрын алиныг нь хүндлэх вэ?
-Аль алиныг нь хүндэлнэ. Хуучин диктатур гэдэг зүйл байсан гэцгээдэг. Гэхдээ одоо ч байх ёстой гэж боддог шүү. Хүндлэл байхгүй газар үг үнэ цэнээ алддаг юм билээ. Н.Хатанбүүвэй надаас хоёр дүү л дээ. Би тэрнээс намайг чи гэж дуудахыг гуйсан. Харин тэр ах гэж дуудаж, хүндлэхийг хүссэн. Ингээд бодохоор хүндлэл байгаа газар үг үнэ цэнтэй, утга учиртай сонсогдох байх. Ах нараасаа үгс сонсохгүй, суралцахгүйгээр уран бүтээлч болно гэдэг хэцүү. Зодож нүдээд байгаа биш. Зүгээр л хүнийг хүндлээд сурчихвал амьдралд их хэрэг болно доо.
-Зураг зураад хоолоо олж идэж чадна гэж боддог уу?
-Чадах цаг нь ирэх л байх. Гэхдээ зураг зурж байгаа зорилго минь тэс ондоо. Би зүгээр л зураач болмоор байна. Сайжирч, хөгжмөөр байна.
-Мөнгө олох гэж л зурдаг зураач нар бий. Тэд нарыг юу гэж боддог вэ?
-Хүний л амьдрал юм даа. Надад тэднийг шүүх эрх байхгүй. Магадгүй зарим хүмүүс намайг тэгж хардаг ч юм билүү. Амьдрал шаардаад, аргагүйдвэл би ч зургаа зарж л таараа. Гэхдээ тийм зүйл битгий тохиолдоосой.
-Бурхан чамайг дөнгөлчихсөн гэж түрүүн ярилаа. Циркчин болох мөрөөдөлтэй байсан гэж бас хэллээ. Ямар нэг хэцүү цаг үед хүний мөрөөдөл сонголт болоод гараад ирдэг юм шиг ээ. Боломж гарвал мөрөөдлөө биелүүлэх үү?
-Яах аргагүй циркчин болох мөрөөдөл минь талаар болсон. Би саяхан цирк үзсэн л дээ. Сандал дээрээ тогтож сууж чадахгүй, оволзоод байна лээ. Хэрвээ боломж олдвол мөрөөдлөө биелүүлнэ ээ. Ер нь хүний бодоод яваад байдаг зүйл хэзээ нэг өдөр биелдэг байх. Бодол нь түрүүлээд оччихсон, эзнээ тэндээс дуудаад байдаг ч юм шиг.
-Циркчин болох боломж тохиовол зургаа орхино гэсэн үг үү?
-Орхино оо. Монголд циркийн хөгжил илүү үгүйлэгдээд байгаа шүү дээ. Миний хэрэг тэнд байж магадгүй.
-Уран зургийн хөгжилд дутуу мэдрэгддэг зүйл юу вэ. Үеийн уран бүтээлч нараа юу гэж харж байна?
-Муухай хэлж байж магадгүй. Гэхдээ алаан болоосой л гэж хүсдэг. Тэгж ч байгаа байх. Тэгэхгүй бол хөгжихгүй байж магадгүй. Би зодоон нүдээн биш эрүүл тулааны тухай л ярьж байгаа юм.
Л.Баяр