Монгол Улсын Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарласан билээ. Үүнд жин дарах нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудал юм. 2009 оноос хойш яригдаж, бодит ажил хэрэг болоогүй цариг зөрсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам тэндээ 16 жил гацаж, экспортын орлого хүрэх байсан хэмжээнээсээ даруй багаар эргэлдсээр өнөөдрийг хүрсэн нь үнэн.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын тавны өдөр талууд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар уг төсөл дахин хөдлөхөөр болсон юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй нартай уулзжээ. Уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн талаар ярилцсан байна.
БНХАУ-ын Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын асуудлыг хоёр орны Засгийн газар хооронд олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн буйгаа албан ёсоор илэрхийлжээ.
16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг хэрэгжүүлснээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ манай улсын нүүрсний экспортыг 120 сая тонн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10.000 ам.долларт хүргэх бодит боломж бүрдэх аж.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хөдөлснөөр дараагийн замуудад үүд хаалга нээгдэх юм. Тодруулбал, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төсөл. Үр дүнд нь:
-
Экспортын хүчин чадал 40 сая.тн хүртэл нэмэгдэнэ. (Гашуунсухайт-Ганцмод 20 сая.тн, Ханги-Мандал 10 сая.тн, Шивээхүрэн-Сэхээ 10 сая.тн)
-
Экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс экспортлох хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл (4)