БАРИМТ 1
Тэр Улаанбаатар хотын унаган охин. 1997 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр айлын ууган охин болон мэндэлжээ.
БАРИМТ 2
Тэрбээр 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед эцэг, эх нь дургүй байсан ч тэр нууцаар бэлтгэл сургуулилтаа тасалдаггүй, шаргуу нэгэн байв. 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс анхны медалиа "хүрэл" хүртэхэд нь гэр бүл нь сонирхлыг хүлээн зөвшөөрчээ. Тэр үед М.Анхцэцэг дөнгөж 12 настай байв.
БАРИМТ 3
Тэр 2010 онд Спортын мастер, 2011 онд 14 настайдаа Олон улсын хэмжээний мастер цол хүртэж байлаа. 2014 оны өсвөр үеийнхний ААШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд спорт сонирхогчид түүнийг “ирээдүйтэй тамирчин болно” хэмээн итгэл тавьж эхэлсэн. Урам зриг дүүрэн байсан Анхаа 2014 оны Залуучуудын ААШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115 кг өргөж, нийлбэр 253 кг өргөсөн байдаг. 2015 оны Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн. Тэр олны итгэлийг алдалгүй өдийг хүрэв.
БАРИМТ 4
Тэрбээр 2016 оны Залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, дэлхийд нэрээ мөнхөлсөн. Тухайн жилээ 19-хөн насандаа “Рио-2016” зуны олимпын наадамд амжилттай оролцож, шилдэг найман тамирчны нэг болсон юм. Тэгэхдээ огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж,нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн юм.
БАРИМТ 5
2016 оны Залуучуудын Азийн аварга, Оюутны ДАШТ-д аваргалсан. Ингэснээр тэр Монголын хүндийн өргөлтийн түүхэн дэх анхны Оюутны дэлхийн аварга болсон билээ.
БАРИМТ 6
2017 онд Азийн танхимын болон тулааны спортын наадамд торохгүй түрүүлж, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Монголын хүндийн өргөлтийн анхдагч болов. Мөн тухайн жил Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн.
БАРИМТ 7
Түүнд анхдагч олон амжилт бий. 2019 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгө, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Ингэснээр тэр ДАШТ-ий хошой медальтан болсон. Мөн 2019 онд хоёр дахь удаагаа Дэлхийн цомын аварга болсон
БАРИМТ 8
Түүнд туйвангийн бэлтгэл сургуулилт заасан анхны багш нь гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр. Тэр багш дээрээ анх бэлтгэл хийсэн цагаас хүндийн өргөлтийн спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн.
БАРИМТ 9
Түүний аав Т.Мөнхжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүмүүс. М.Анхцэцэг ч “Алдар" спорт хороонд данстай, эх орондоо тангараг өргөсөн, цэргийн хүн.
БАРИМТ 10
М.Анхцэцэгт Казахстан, Узбекистан, БНСУ, АНУ-аас эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцох таатай нөхцөл санал болгосон ч тэр хүлээж аваагүй юм. Түүнээс яагаад гадныхны саналыг аваагүй юм хэмээн асуухад “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Тэрнээс биш мөнгө чухал биш ээ. Энэ бол миний гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад гаргасан шийдвэр. Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад "Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах" юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ” хэмээн хэлсэн удаатай. Тэр их мөнгөний өмнө сөхрөөгүй.
БАРИМТ 11
Тэр Монгол улсын дээд амжилтыг 88 удаа шинэчилжээ.
БАРИМТ 12
М.Анхцэцэг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргалтай гал голомтоо бадраасан. Түүний хань бэлтгэл сургуулилтыг нь хангаж, тэмцээн уралдаанд үргэлж хамт явдаг халамжтай эр.
БАРИМТ 13
Түүний хоёр дүү хүндийн өргөлтийн спортоор хичээллэж буй бөгөөд улсдаа нэртэй тамирчид юм.
БАРИМТ 14
Түүний хамгийн дурсамжтай тэмцээн бол "Ашгабат-2017". Тэр бэртэлтэй хэрнээ тус тэмцээнд шүд зуун оролцож, төрийн дууллаа эгшиглүүлж байв.
БАРИМТ 15
Тэр өдөрт дунджаар 18-23 тонны ачаалал авдаг.
БАРИМТ 16
М.Анхцэцэг Японы нийслэл Токио хотод болсон зуны олимпын наадамд дөрөвдүгээр байрт шалгарсан. Энэ нь түүний замналын хоёр дахь олимп байв. Тэрбээр тус олимпын наадмын дараа хэлсэн үгэндээ “Дараагийн олимпоос алтан медаль авч, та нарыгаа баярлуулна аа” хэмээсэн.
БАРИМТ 17
Тэрбээр ДАШТ-ээс 2017 онд хүрэл, 2019 онд хүрэл, 2021 онд алт, 2022 онд мөнгө, 2024 онд мөнгөн медаль тус тус хүртсэн. Түүний эл амжилтыг эвдэх Монгол хүн олон төрөх болтугай.
БАРИМТ 18
Тэрбээр өнгөрөгч Парисын олимпод бэртэл тээж очсон. Гэвч ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй хэмээн гүрийсээр олон мундгуудыг ардаа хаян 10 дугаар байрт шалгарсан билээ.
БАРИМТ 19
Тэрбээр насанд хүрэгчдийн ААШТ-ээс 2023 онд гурван хүрэл медаль хүртсэн. Ингэснээр ААШТ-ий хошой алт, гурван мөнгө, таван хүрэл медальтай түүхэнд үлдэнэ.
БАРИМТ 20
Түүний цорын ганц мөрөөдөл нь олимпын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх байв.
БАРИМТ 21
Тэр өөрийн асрамжийн газартай болох хүсэлтэй. Хүүхдүүдийг 18 нас хүрэхээр нь шууд гаргадаг биш, ажил амьдралын зэрэгт нь хүргэдэг асрамжийн газартай болохыг хүсдэг.
БАРИМТ 22
Түүний "Аливаа юмны шинэ хуудсыг нээнэ гэдэг өөрөө их хувь зохиол“ хэмээн хэлэх дуртай.
БАРИМТ 23
Тэр 17 жил уг спорттой амьдралаа холбосон. УАШТ-д нийт 14 удаа түрүүлжээ.
БАРИМТ 24
Түүний зодог тайлах болсон хамгийн том шалтгаан нь түнхний бэртэл ажээ. Тэр 7 хоногт нэг удаа, эсвэл сард хоёр удаа хүчтэй тариа хийлгэдэг.
Сэтгэгдэл (2)