Оросын эрдэмтэд Сибирийн алслагдсан Якутаас мөнх цэвдэг гэсэх явцад ил гарсан 50 мянган жилийн настай арслан зааны зулзага олжээ. Олдсон голын сав газрын нэрээр нэрлэгдсэн "Яна" бол дэлхийн хамгийн сайн хадгалагдсан арслан зааны ул мөр болж байна. 100 кг жинтэй, 120 см өндөр, 200 см урт Янаг үхэхдээ дөнгөж нэг настай байсан гэж тооцоолжээ.
Үүнээс өмнө дэлхийд ижил төстэй зургаан олдвор илэрсний тав нь Орост, нэг нь Канадад байв. Уг тугалыг дэлхийн хамгийн том цэвдэгт тооцогддог Батагайка тогооны ойролцоо амьдардаг хүмүүс олжээ.
"Тугалыг олсон хүмүүс зөв цагт, зөв газартаа байсан. Тэд уг тугалыг бараг бүрэн гэссэн байхад нь олж харсан. Дүрмээр бол хамгийн түрүүнд гэсдэг хэсэг, ялангуяа их биеийг махчин амьтан эсвэл шувууд ихэвчлэн идэх ёстой. Хэдийгээр урд хөл нь идэгдсэн ч толгой нь гайхалтай сайн хадгалагдсан" гэж Лазаревын Мамонт музейн лабораторийн дарга ярьжээ.
Музейн судлаач Гаврил Новгородовын хэлснээр, тугал намаг гатлах гэж байгаад тэндээ үүр үлдсэн байх магадлалтай гэнэ. Одоо түүнийг тус мужийн нийслэл Якутск хотын Зүүн хойд холбооны их сургуульд шинжилж байгаа аж. Эрдэмтэд одоо түүнийг хэзээ үхсэнийг батлах туршилт хийж байна.
Энэ нь сүүлийн жилүүдэд Оросын өргөн уудам мөнх цэвдэгт олдсон цорын ганц түүхийн гэрч биш юм. Уг бүс нутагт цаг уурын өөрчлөлтөөс болж олон мянган жилийн турш хөлдүү байсан газар гэсэж эхэлсэн.
Өнгөрсөн сард энэ бүс нутгийн эрдэмтэд 32 мянган жилийн настай сэлмэн соёот муурны хэсэгчилсэн, муммижсан сэг олсон юм. Түүнчлэн энэ оны эхээр 44 мянган жилийн настай чонын сэгийг мөн илрүүлсэн.
Л.Баяр