Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах үүрэг хүлээсэн, эсвэл зүгээр л хэн нэгний үдэшлэгт уригдсан ч байсан хамаагүй та үдэшлэгт очихдоо ямар нэгэн хөгжилтэй зүйл сэдэж, хамт олны уур амьсгалыг илүү сонирхолтой болгохыг хичээх хэрэгтэй. Үдэшлэгийн улирал эхэлснийг тохиолдуулан бид энгийн атлаа хөгжилтэй, хаана ч тоглох боломжтой, хүн бүхэнд таалагдах тоглоомуудыг хүргэж байна.
1. Шинэ жилийн дуу дуулах челленж
Үдэшлэгийн зочид тойрог болон сууж, шинэ жилийн сэдэвтэй дуу сонгоно. Эхний хүн дууны нэгдүгээр бадгийг дуулж эхлэн, дараагийн хүндээ шилжүүлэхэд тоглогч үргэлжлүүлэн дуулна. Тоглоомыг амархан болгохын тулд "Jingle Bells", "All I Want For Christmas Is You" зэрэг хүн бүхний мэддэг дуу сонгоорой. Харин үгээ мартаж, дууг тасалдуулсан хүн шийтгүүлэх болно!
2. Шинэ жилийн кино үзэж /уух тоглоом
Магадгүй энэ бол хамгийн амархан үдэшлэгийн тоглоом байх. Тоглоомыг эхлүүлэхийн тулд ямар нэгэн шинэ жилийн сэдэвтэй кино сонгоно. Үүний дараа кинонд гарах ямар нэгэн үг хэллэг, үйл явдлыг сонгож, дэлгэцэд гарахыг нь анхааралтай ажиглаарай. Жишээ нь Уилл Ферреллийн "Elf" кинонд "Эльф" гэж хэлэх бүрт эсвэл "Гэртээ ганцаараа" кинонд Кевин Маккаллистерын ээж "Кевин" гэж орилох бүрт хундагатай оргилуун дарснаасаа балгана.
3. Тэрбумтан хөлөгт тоглоом
Monopoly тоглоомын монгол хувилбар нь Тэрбумтан гэж ойлгоход болно. Хөгжилдөнгөө санхүүгийн мэдлэг авдаг болохоор бүр ч янзын гээч. Энэхүү тоглоом нь хөрөнгийн зах зээлийн тухай бүхий л ойлголтыг маш энгийнээр ойлгуулж чаддагаараа онцлогтой.
4. Эможи ашиглан кино таах
Сүүлийн үед эможи ашиглан кино, дууг дүрсэлж таалгадаг тоглоом нэлээдгүй трэнд болсон нь харагдаж буй биз ээ. Иймд яагаад та бүхэн шинэ жилийн холбогдолтой дуу, кинонуудыг эможиор дүрсэлж гэр бүлийнхэн, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо хөгжилдөж болохгүй гэж? Жишээлбэл, Frozen-ийг дараах байдлаар дүрслэн таалгуулж болох нь байна шүү дээ.
5. PUZZLE эвлүүлэх
Гэр бүлээрээ тойрч суугаад puzzle эвлүүлбэл сонирхолтой биш гэж үү? Тэгээд бүр цаг зоогоод өрсөлдөөнтэйгөөр эвлүүлбэл бүр ч сонирхолтой болно доо. Мөн тухайн puzzle дээрх зургаа шинэ жилийн холбогдолтой байлгахаар урьдчилан захиалж авбал илүү нандин, дурсамж болж үлдэх болно. Нэмж сонирхуулахад, puzzle эвлүүлэх үед баруун, зүүн тархи хоёр хоёулаа зэрэг ажилладаг учир оюун ухааныг сэргээх бас нэгэн сонголт болох юм.
6. Хөзөр тоглох
Магадгүй тоглоом наадгайн хамгийн сонгодог сонголт нь хөзөр байж мэднэ. Хөзрийг хаана ч, хэзээ ч, хэнтэй ч тоглоход хамгийн нийтлэг тоглоом шүү дээ. Муушиг, 13, 108, худлаа ярих, хамар дарах зэрэг олон янзаар тоглох боломжтой. Шагнал эсвэл шийтгэлтэй тогловол бүр ч зугаатайг та хэд мэднэ дээ.
7. Би хэн бэ?
Тоглоомын оролцогчид алдартай хүмүүсийн нэртэй нэг, нэг цаас сугалан авч, өөрөө харалгүйгээр духан дээрээ наана. Оролцогч бүр өөрийн духан дээр байгаа хүний нэрийг таахын тулд тухайн хүний талаар бусдаас янз бүрийн асуулт асууна. Харин бусад оролцогч нар зөвхөн "Тийм" ба "Үгүй" гэсэн хариулт л өгнө. Хамгийн түрүүлж өөрийн цаасан дээрх хүний нэрийг таасан тоглогч хожно.
8. Дүрд хувирах
“Halloween” буюу сүнсний баяраар л зөвхөн дүрд хувирдаг гэсэн үг биш. Яагаад бид шинэ жилээр өөрийн дуртай дүрдээ хувирч, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлж болохгүй гэж? Үүнийг найз нөхөд, ажлын хамт олныхоо дунд хийвэл илүү сонирхолтой байж мэднэ. Шинэ жилийн хувцаслалт гэхээр л хослол, даашинз биш шүү дээ.
9. Цасаар тоглох
Цас бударсан өвлийн өдрүүдэд тоглох тоглоом мундахгүй шүү дээ. Цасаар байлдах, цасан хүн хийх, чаргаар гулгахаас эхлүүлээд л бий. Эдгээрийг бага зэрэг шинэчлээд хэн нь хамгийн гоё цасан хүн хийх вэ, хэн хамгийн хол чаргаар гулгах вэ гэх мэтчилэн хөгжөөнт тоглоом руу хөврүүлж тоглоод үзээрэй.
10. Зураг зурж дамжуулах
Олуулаа тоглож болох сонгодог тоглоомуудын нэг нь зураг зурах биз ээ. Энэхүү тоглоомыг тоглохын тулд бүгд ар араасаа цуварч суух хэрэгтэй. Хамгийн сүүлд байгаа хүн зурах ориг зургийг хараад шууд зураад дамжуулна. Дараагийн хүн нь эхний зурсан хүний зургаас юу гэдгийг нь хараад зураад явуулна. Ийнхүү хамгийн урд ирж буй хүний зурах ээлж ирэхэд анхны зураг ямар болж хувирсныг хараад та лав маш их инээх байх. Жишээлбэл, цаа буга, санта, гацуур мод, таяган чихэр зурж болно шүү дээ.