Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хятад улсад үйлдвэрлэсэн “Woo Lee” хар перецийг хэрэглэх зааврын талаар сэрэмжлүүлэг гаргажээ. “Woo Lee” хар перецийг болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй. Уг хар перец нь холимог найрлагатай ба нэмэлтээр нитрит агуулагдаж байх тул үйлдвэрлэгчээс заасан технологийн дагуу түүхий бүтээгдэхүүнийг амтлан, халуун боловсруулалтад заавал оруулж хэрэглэхээр заажээ.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хими, хор судлалын лабораторийн шинжилгээгээр тус бүтээгдэхүүний найрлагад нь нитрит зөвшөөрөгдөх хэмжээнд агуулагдаж байгааг тодорхойлсон ба шошгын мэдээлэлд NOT READY TO EAT буюу шууд хэрэглэхийг хориглоно гэж бичсэн байна.
Иймд болсон хоол хүнс, салатанд шууд цацаж хэрэглэж болохгүй гэдгийг сэрэмжлүүлж байна. Нитритийн давсыг шууд хэрэглэвэл бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, ядрах, сульдах зэрэг хордлогын шинж тэмдэг илрэхийг анхааруулав.