Багш бол хүний дээд, хүнлэг нэгэн гэгддэг. Гэвч багшийн нэр хүнд зарим нэгнийх нь буруутай үйлдлээс болж унасаар байна. Архангай аймгийн II сургуулийн бага ангийн багш А.Мягмарсүрэн балчир шавиа зодсон үйлдэлдээ урт хугацаанд сайжруулах гэж хичээсэн ч сурагч хичээл хийгээгүй, уураа барьж чадсангүй, "тэр бол гөжүүд хүүхэд" гэсэн тайлбарыг өгсөн нь нийгмийн сэтгэл зүйг цочроолоо.
Тус сургууль энэ жил аймгийнхаа "шилдэг менежменттэй байгууллага"-аар тодорсон юм билээ. Хоржоонтой нь юу гээч... Болзолт уралдааны шалгуурт "Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулж, бүтээлчээр арга хэмжээ нэвтрүүлсэн, шинэ арга зүй, менежментийг хичээл, сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх" гэдэг зүйл багтсан байх юм. Бүтээлч арга хэмжээ нь зодох байж таарав уу, хүүхдийг хөгжүүлэх арга барил нь тэр юм уу? хамгаалж байгаа нь алгадах зэрэг юм болов уу... Багшийн авир араншин сургуулийнхаа шилдэг менежмент гэх өргөмжийг даанч даасангүй.
Тодруулъя л даа, энэ оны дөрөвдүгээр сард Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидын санаачилгаар боловсролын салбарын шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэг шалгаруулах болзолт уралдааныг зарласны үр дүнд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын II сургууль шагнал хүртсэн байдаг. "80 сая төгрөгөөр шагнуулсан сургууль"-ийн захирал Н.Гэрэлчулуун болон Засаг дарга Б.Цэрэннадмид хоёр нэг ангийн найзууд гэх.
Их хэмжээний мөнгөөр шагнуулж, цугаар аяласан ч дотроо ийм л асуудалтай байна. Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид найзынхаа удирддаг сургуулийг 80 саяар шагнаснаа гайхалтай үйл хэрэг бүтээсэн мэт хэвлэлд ярьсан нь бий юм билээ.
Аймгийн Засаг дарга нь "анд"-ынхаа сургуулийг 80 саяар шагнана, 500 гаруй сая төгрөгөөр бугын аж ахуй байгуулах гэж байгаад бүтэлгүйтнэ. Андын дунд ашиг сонирхол явдаггүй бол хүүхэд зоддог багштай сургууль яаж тэр их мөнгөөр шагнуулсан юм бол... Бас л хоржоонтой.
Сэтгэгдэл (3)