Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвег урьж уулзлаа. Монгол, Энэтхэг Улсууд өнө эртнээс оюун санааны хөрш явж ирснийг Байнгын хорооны дарга цохон тэмдэглэж, жинхэнэ утгаараа стратегийн түнш хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Атул Малхари Готсурве тус улсаас Монголд хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн сургалтын төв, Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургууль зэрэг хамтын ажиллагааны төслүүд болон хөгжлийн түншлэлийн хөтөлбөрүүдийн талаар танилцуулав. Мөн БНЭУ-ын Засгийн газрын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт манай улсаас жил бүр 200 суралцагч, бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт 40 суралцагч хамруулж буйг Элчин сайд дурдсан юм.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, М.Ганхүлэг нар оролцож, хэдхэн хоногийн өмнө Дели хотноо болсон Дэлхийн хоршоологчдийн чуулга уулзалтад оролцсон талаараа мэдээлэл өгөв. Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүд БНЭУ-ын Хоршооллын яам болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. Манай улсын эдийн засгийн нэг томоохон хэсэг нь хөдөө аж ахуйн салбар болохыг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай онцлоод, энэ салбараа, тэр дундаа мал аж ахуйн салбарыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон мега төслүүдтэйгээ уялдуулан хоршоолж хөгжүүлэх боломж байгааг дурдаж, энэ талаар тус улсаас суралцах зүйл их байна гэв. Тус улсын Засгийн газрын сургалтын хөтөлбөрүүдэд хөдөө аж ахуйн хоршоологчдыг, мөн бүс нутгуудын төлөөллийг жигд хамруулахад анхаарал хандуулахыг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг хүсэв.
Элчин сайд Атул Малхари Готсурве өөрөө хоршоололд, хоршоологчдын гэр бүлд төрж, өссөнөө танилцуулж, энэ талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллйн газраас мэдээлэв.