Шинэ жилийн баяраар ямар нүүр будалт хийхээ мэдэхгүй байгаа эмэгтэйчүүддээ зориулан гоо сайхны салбарт давамгайлж буй будалтын санааг хүргэж байна.
1. Ази царайны онцлогт тохирсон смоки
Смоки будалт бол мөн л үдэшлэгт хийдэг сонгодог мейкапуудын нэг билээ. Энэ төрлийн будалтыг нүдний онцлогтоо тохируулан хийх нь чухалд тооцогддог ба нүүр будалтын артистууд давхраатай, давхраагүй, хүнхэр гээд нүдний онцлогоос шалтгаалан будалтын өөр өөр техникийг хэрэгжүүлдэг.
2. Загварын тайзнаа харагдсан гялалзсан нүд
Гялалзсан тень, саа, шигтгээтэй будалт бол баярын уур амьсгал оруулагч сонгодог мейкапуудын нэг яахын аргагүй мөн. Энэхүү будалт нь хавар-зун 2024 улирлын загварын шоун дээр түлхүү харагдсан билээ. Ингэхдээ мейкап артистууд нүдний сааг тэгш бус хэмтэйгээр түрхэж хэт төгс байлгах гэж хичээгээгүй байна. Мөн дийлэнх анхаарлыг нүдэн дээр төвлөрүүлэхийн сацуу нүүр будалтыг тэнцвэртэй харагдуулахын тулд суурь, уруул, хөмсөг зэргийг маш хөнгөн байдлаар буджээ.
3. Мейкап артист Александра Френчээс санаа авах нь
“Euphoria” цувралын хоёрдугаар улирлын нүүр будалтын багт ажилласан туршлагатай Александра Френчийн мейкапууд нэгэн хэвийн бус, "хайрцгаасаа" гарсан, бүтээлч байдаг. Тэрбээр Эмма Чемберлейн, Алекса Деми, Никола Пельц гэхчлэн өнөө цагийн It охидын дүр төрхийг өөрийн гараар тодорхойлж буй нэгэн юм. Тэгвэл Александрагийн будалт дунд хамгийн түгээмэл давтагддаг бүдэг хөмсөгтэй мейкапыг онцолж байна.
4. Онцлох өнгө-тоорын ягаан
Pantone өнгөний институт жил бүрийн арванхоёрдугаар сард ирэх оны гол өнгийг нэрлэдэг уламжлалтай билээ. Энэ оныг "Peach Fuzz" буюу тоорыг санагдуулам шаргал, ягаан туяа хосолсон өнгө тодорхойлох болсныг Pantone-с мэдэгдлээ. Энэхүү өнгө нь загвар, интерьерийн салбарт давамгайлаад зогсохгүй нүүр будалтын ертөнцөд ч мөн улам их дэлгэрэх хандлагатай байна.