Улаанбаатарын утаа улс төрийн томоохон сэдэв байсаар ирсэн. Уг нь ард түмний аминд тулсан асуудал юмсан. Энэ жилийн утаан дахь азот, хүхэр гээд бохирдуулагч бүх бодисын хэмжээ хүлцэж болох хэмжээнээс даруй хэд дахин нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн.
Гагц энэ жил ч бус агаарын чанарын үзүүлэлтүүд ямагт л хүлцэх хэмжээнээс давсан байдалтай өдийг хүрсэн гэвэл дэгсдүүлсэн болохгүй л болов уу.
Утаан дээр дөрөөлж зарим нь улс төр хийх янзтай, утааны эсрэг тэмцэгчийн дүрд тоглож яваад албан тушаал авчихсан хүн ч байдаг шиг. Бүр НИТХ-ын Ж.Батбаясгалан утааг бууруулсан гавьяатны тэмдэг зүүсэн шүү дээ. Саяхан Ерөнхийлөгч Засгийн газрынхан, шахмал түлшнийхэн зэргийг дуудаж уулзсан. Тэгэхдээ "Миний үед утаа буурсан" гэх утгыг хөндсөн байгаа юм.
Утаагаар ташрамдуулан тоглолт хийх "тренд"-ийг БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ үргэлжлүүлж байгаа бололтой.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Кареоке бар, дисконы компани сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч нийлүүлэгч ч байх шиг. Онигоо шүү" хэмээн нийтэлжээ. Түүний хувьд хариуцсан үүрэгт ажлаа л хийсэн, түлшний компанийн тендерт ямар ч холбоогүй гэж. Тэгээд зогсохгүй л дээ, зогсвол сонин. Нэмээд "Тэр үед утаа арай ч ийм байгаагүй" гэж халагласан байх юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)