Дөч гаруй жил Сангийн яам болон олон улсын байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан Э.Сандагдоржийн Монгол түмэнд сонордуулах шүлгүүдээс та бүхэн онцолж байна.
МОНГОЛ ТҮМНИЙ ДУУЛАЛ
Хүннү гүрний түүхийн нэгэн хэлхээс
Хөхөмдөг уудам Монголын сайхан орон
Мөнх тэнгэрийн эвээлт бидний Эх нутаг
Мянга мянганы шашдирт манай төрт улс.
Эзэн Чингэсийн эмхэлж төвхнүүлсэн
Их Монгол улсын төрийн залгамж
Эртнээс эдүгээх зуун зууныг өртөөлөн
Эгнэгт бат оршин тогтноостой.
Төр улсаа тэмцэл, ялалтаар байгуулсан
Түүхэн гавъяат дээдсийн аугаа үйлс-
Тунхаглаж онголсон оройн дээд шүтээн-
Тусгаар тогтнолоо бадраан дархалсаар.
Хараа алст Хар Сүлднийхээ жавхаанд
Хамаг монголчуудын хийморь бадраастай
Цараа өргөнт Цагаан Сүлдээ цэнгүүлэх бүрд
Цадиг түүхийн товчоогоо зузаалсаар.
Улс Монголын алтлаг соёмбот далбааг
Уудам Азийн нарлаг энгэр дээр
Улс түмний нийтийн шилтгээнд
Угтах ирээдүйд урин намираасаар.
Өргөн түмнийхээ эрх ашигт таацалтай
Үндсэн хууль, эрх зүйт ёсыг дээдэлсээр
Үндэсний хэл, соёл иргэншлийнхээ охиудыг
Үеийн үедээ уламжлуулан өвлүүлсээр.
Хөдөлмөр, бүтээмж, оюун ухааны эрчмээр
Хөгжлийн оргилд хотлоор хүрцгээж
Хөвчин дэлхийн улс түмэнтэй эгнэн
Хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооном.
Тив тивийн улс гүрнүүдтэй
Тэгш журам, энх тайвныг эрхэмлэсээр
Тэнгэрлэг цоглог монголчууд бид
Түмэн үеэрээ жаргалыг эдэлнэм.
Эх орныхоо эзэн Монголчууд
Эрх чөлөө, эв нэгдлийг эрхэмлэсээр
Жаргалын суурь-Монгол орноо
Жарнаас жаранд өнөд мандуулъя.
***
МОНГОЛЧУУД
Хүннү гүрний оршин тогтнолын цадиг түүхээс баринтагласан
Хөхрөгч, хөрстийн савслага дахь уудам, дагшин Монгол нутагт
Олз омог, олох, эдлэхийн төлөөнөө өрсөлдөн булаалдсан
Ойрад, Хэрэйд, Татаар, Тайчууд, Түмэд, Найман хийгээд
Олхонууд, Мэргид, Жүрхэн, Хонгироод. . . олон аймгийг
Онгут, Ихэрс, Барулас, Горолас, Харлут, Хиргис... түмэн овогтоныг
Даяар олноор нь эвлэлдүүлж нэгтгэсэн төр улсыг байгуулахаар
Далан нөмрөг, Балжун нуур, Хүйтэн уул, Буур, Саарь хээр...нээ
Дархан баатруудаа дагуулан зэр зэвсгээр зөрөн золголцож
Нум сумаар онилолцон, сэлмээр цавчилцаж жадаар сүлбэлцэж
Нүүдэл суудлыг огоорч нүсэр олноор булхалдахад нь
Нулимс, цус хэмжишгүй, үрэгдсэн амь тоолшгүй нь үнэн ч
Арагш урагш харалцаж арцалдан булаалдсан амьдралтай
Айл өрх,отог, аймаг хоорондоо амь өрсөлдөн тэмцэлдсэн
Аврал энэрэлийг умартаж ахиуг эзэгнэхийн төлөөнөө
Амь насыг золин сөргөлдөгч олон овогтныг нэгтгэхээр
Агсаат нум сумны онь, алман жадны хурц, махир сэлэмний эр шалгаж
Арван гурван хүрээний байлдаанаар ашдын ялалтаа бэхэтгэсэн Чингэс.
Энэ дэлхийд энх амгаланг тогтноож гар газарт, хөл хөсөрт байлгах
Их Монголын эзэнт гүрнийг эмхлэн байгуулах аугаа үйлсийг зорьж
Эрэлхэг баатар Чингэс эрэмгий зоригоор эрслэн оройлж
Энэ насны жаргал, алд биеийн амар, жаргалыг огоорч
Элэг нэгт үндэстэн түмнээ нэгэн жолоонд эмхэлж төвхнүүлсэн
Эртнээс түүхт төр улсын даяар дуурсагддаг нэр нь Монгол.
Аугаа өвөг дээдсийнх нь амь насанд хэрцгийлэн халдсан
Аймшигт егүүтгэлийнх нь нэхэл хатууг харийнханд мэдрүүлж
Өшийг өшиж хяслыг хясаж өвгөдийн гэрээсийг биелүүлэхдээ
Давхар давхар хамгаалалт, далан бэхэлгээг нь нэвтэрч
Давашгүй гэгдэм бэхлэлт хэрэм цайзыг нь сэтлэн гаталж
Давшиж довтлох бүрдээ дайснаа даран мохируулсан Монголчууд.
Харах нүд, хаах бамбай болсон баатар цэргүүдээ удирдаж
Харь санаатанд халдаж довтолсон зорилгоо хатуу мэдүүлж
Үүрийн гэгээ, үдшийн бүрэнхийг үл анзаарч давшсаар
Үнэгэн Даваанд ялалт байгуулж, Цавчаал боомтыг нэвтрэн
Хитан гүрэнд морилж, Жүндүг довтлон эзэлж
Хашин, Алтан улсыг дайлж, Дүншань балгасыг эвдэхдээ
Дарлах, түрэмгийлэх, цөлмөх хахир сэтгэхүйгээр ч бус
Давруун, давилуун харийнханд хатуу сануулга өгөхдөө
Хараа алст хар сүлднийхээ жавхаан дор хийморьжиж
Хамаг монголын төр улсаа хамгаалан тэмцэж
Цараа өргөнт цагаан сүлднийхээ намираан дор
Цадиг түүхээ зузаалж мөнхөлсөн гавъатай Монголчууд.
Өрнөдөөс дорнодод Хөөст тивээс Номхон далайн хөвөөг хүртэлх
Умраас өрнөдөд Их Шиврээс Жагарын далайд тултал хамарч
Уулгалан довтлох бүрд сүрээ бадруулж хүчээ илтгэж явахдаа
Уралын уулс, Дундад тэнгисээс Дөлгөөн далайн эрэг хүртэлх
Нарт ертөнцийн хуурай газрын тавны нэгээр хэмжигдэхүйц
Таван өнгө, дөрвөн харь есөн их гүрэнг харъяалсан түүхтэй Монголчууд.
________________
Үнэгэн даваа өнөөгийн Бээжин хотоос баруун умарш 200 км-т Шаньдун, Хэбэй, Өвөр
Монголын хилийн дээсийг дамнан оршдог бөгөөд 20 дугаар зууны дунд үеэс Жанчхүүгийн
даваа хэмээн нэрших болжээ. Эл орчимд хошой мянганы өмнөх 196 онд Хүн улс Хан улсын
хооронд нүсэр тулалдаан болж байжээ. Монголчууд Зүрчидийн Алтан Улсыг байлдан дагуулах
үед 1211 онд Үнэгэн даваанд болсон тулалдаан Монголын байлдан дагууллын эхлэл ба эзэнт
гүрний түүхэн дэх хамгийн чухал ялалт гэж үздэг. Үнэгэн давааны байлдаанд хоёр тал аль аль
нь их хохирол амссан боловч Монголчууд ялж Алтан улсын нийт цэргийн 60 шахам хувь буюу
500 мянган цэрэг оролцож үндсэндээ бүгд амь үрэгдсэн гэж түүхэнд тэмдэглэжээ.
Үнэгэн даваа буюу өнөөгийн Жанчхүүгийн даваанд Хятадын газар нутгийг Япончуудаас
чөлөөлөх 1945 оны дайнд амь үрэгдсэн Монгол улсын баатар Л.Аюуш тэргүүтэй монгол,
оросын дайчдын хөшөөг босгожээ. Үүнээс үзвэл Үнэгэн даваа нь 196, 1211, 1945 оны их байлдааны нэрийн хуудас.
Зүрчидийн Алтан улсыг дайлах их цэрэг анх суурин иргэншилтэй тариачдын нутагт нэвтрэх
эхний орц- боомт нь энэхүү Цавчаал боомт болжээ. Цавчаал боомтод Монголын Тогоонтөмөр
хааны байгуулсан нүсэр хаалганы хананд дөрвөлжин бичгээр шүлэглэсэн дурсгалт бичээс буй.
3Монголын эзэнт гүрний өмнө Алтан улс амлалт үгэндээ хүрээгүйн улмаас 1213, 1214 онд
Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд Алтан улсын тэр үеийн нийслэл
Жүндү (өнөөгийн Бээжин хотын өв хот суурин), бусад зарим гол суурин газар, нутгийг эзэлжээ.
“Дүншань балгас гэдэг нь Хятадын алдарт сонгодог дөрвөн сурвалж бичгийн нэг болох Монгол-чуудын нэрлэдгээр “Хүйтэн уулын бичээс” сурвалж бүтээлд нэр нь дурдагддаг эртний нэгэн хот, өдгөө Шандунь мужийн засаг захиргааны харъяаллын нэгэн дүүргийн суурин.
Монголчууд дээр үед Африк тивийг “Хөөст тив” хэмээв. (Рашидаддин “Шашдирын Чуулган хэмээх Монголчуудын түүх оршивой” Г. Акимийн орчуулга, 60 дахь талд).
Их гүүш Ренчин нэгэнтээ “Их Шивэр” хэмээх нь өргөн уудам талбай эзэлсэн шигүү шивэрсэн ойт газар нутаг хэмээн тайлбарласан байх агаад энэ нь өнөөгийн Сибир хэмээжээ.
Таван өнгө гэдэг нь Хөх Монгол, Улаан Хятад, Хар Түвэд, Шар Сартаул, Цагаан Солонгодыг
нэгтгэсэн их гүрэн байгуулсан тухай ухагдуун болой. Дөрвөн харь нь Монголоос бусад тус дөрвөн үндэстнийг нэрлэсэнээс гадна есөн их гүрэн хэмээх нь энэхүү Монголын нэгдсэн их гүрэнтэй хөршилж монгол гүрний эрхшээл хамааралд оршиж байсан улс үндэстний тухай ухагдуун. Энэ бүгдийг нэгтгэсэн ерөнхий нэршил нь “таван өнгө дөрвөн харь, есөн их гүрэн” хэмээжихүй. Эл ухагдуун нь Чингэс хаанаас Чанчунь бумбад элгээсэн урилга-захидал, “Арван буянт номын Цагаан түүх”, ” Гангийн урсгал”, Юань улсын түүхийн баримт бичгүүд зэрэг эх сурвалжуудаас иш татаж эрдэмтдийн хийсэн дүгнэлт сэлтээс үзэхэл ийм буюу.
Юань гүрнийг өмнөдөд эрхшээн зууны туршид жолоог нь залж
Европ дахиныг донсолгон сэрээж Алтан ордын төр улсыг цогцлоож,
Зүүн Өмнөдөд Гуулинг8 эрхшээж, Жийлэнг9 довтлон сандаргаж
Зүсэн бүрийн иргэншилт Ойрх Дорнодод Ил хаант улсыг байгуулцгааж
Их хаад, эш хатадын үр садууд эх дэлхийгээс хуваалцаж захирахдаа
Эзэнт улсуудаа бөмбөрцгийн зүг бүрд эрхшээн тэлсэн юм Монголчууд.
Энэ ертөнц дахины наран ургахаас шингэх хүртэлх орон зайд
Эв найрамдалт шинэ дэглэмийг тогтоох аугаа үйлсэд тэмүүлж
Хүсэж зорьсон газар орондоо хүрч дагуулсаар өвөг дээдэс маань
Хүчирхэг гүрэн төр улсыг байгуулан тогтнуулж явахдаа ч
Хөвчин дэлхийн уудам орон зайг эзэмдэн, аархаж байхдаа ч
Хүлцэл, өршөөл, нигүүслийг бас умартаж байсангүй Монголчууд.
Харийн нутаг оронд халдан дагуулж төр улсуудыг байгуулан
Хаадын хаан, хатадын хатнаар өрөгөмжлөгдсөн түүхтэй
Алтан ургийн ахан дүүс, ясан төрлийн үеэл хаяалууд
Амь биеийг үл хайхарч аугаа тэмцэл ялалтаар жигүүрлэгчид
Алдар гавьъяа, алдаа оноогоо алтан шашдиртаа мөнхлөгчид
Аугаа жанжид, ухаант мэргэд, түүхт өвөг дээдэстэй Монголчууд.
Хөлгийн цахиурт туураар хөрст дэлхийн уудамд бөмбөрдөж
Хол ойрыг холбосон харгуй зам, морин өртөөг анх байгуулж
Холхи газар бүхэнд элч улаачийг сааталгүй довтолгуулж байх
Хосгүй мэргэн ухаанаар холбоо харилцааны сүлжээг үүсгэж.
Наран ургахаас шингэх цэгийг торлосон уртраг өргөрөг хооронд
Найман зуунаас цааш дуурсагдах Торгоны замаар холбосон Монголчууд.
Ази, Европ дахиныг дамнасан арилжаа худалдааг дэлгэрүүлж
Алтан зоос дэлдэж цаасан мөнгө гүйлгээнд гаргаж
Аливаа үндэстэн ястанууд амар амгалан аж төрөн нөхөрлөж
Ахуй соёлоо харилцан мэдэлцэж ойртож айлсан аж төрөх
Ашдын сайхан цаг тооллыг эхлүүлэхийг зорин байж
Ариун үйлсийг дэлгэрүүлэх хүсэл тэмүүлэл өвөрлөж явсан Монголчууд.
Гэр орон төдийхөний жаргал цэнгэлийг урьтал болгож байсангүй
Гэрэлт ертөнцийн учир шалтгааныг тайлж мэдэхийг хүсэмжилж
Омогшиж довтлох бүрдээ олз омог, эд эрдэнэсэд шунасангүй
Орчлон ертөнцийн нууцыг шинжиж тайлахыг бас эрмэлзэж
Одон орны төвүүдийг Иран, Самарканд, Дайдууд байгуулж
Орон орны оюунт мэргэдийн эрдэм ухааныг сорьж байсан Монголчууд.
-------------------
Монголчууд эртхэн үедээ өнөөгийн Солонгос орныг Гуулин улс хэмээн нэрлэж байжээ. Монголчууд нэгэн цаг дор өнөөгийн Япон улсыг Жийлэн хэмээжихүй.
Монгол улсыг анхлан байгуулсан түүхэн гавъяат үйлстэй
Мянганы суут- Чингэс хаан, алтан ургийнханы суу алдар мөнх
Зуун зуунаар тоологдох түүхэн үеүдийг өртөөлсөн үйлс
Зургаан тивийн хүмүүнийг нэгэн жолоонд оруулахаар тэмүүлж
Их үйлсийг зорьсон дээдсийн гэгээн шашдир үүгээр зогсошгүй
Эрэмгий баатарлаг үйлс, түүхэн замнал нь үл хязгаарлагдам Монголчууд.
Цадиг түүхийн хүрдний эргэх мөчлөгүүд дардан байгаагүй
Цаадах наадахын учрыг тайлах хэцүү будант цагийн сиймхийд
Цасан шуурганаар цавчим байц, харанхуй ангалд тулсан мэт
Цацсан будаа шиг тархаж зүдэрч ч үзсэн Монгол гүрэн
Өвөр зуураа эвдрэлцэж, эрх ямба булаалдсаны уршгаар
Өргөн түмэн нь зовлонд учирсан жихүүн цагт Монголчууд
Өөрийн гэх эх орон элгэн нутаг газар шороон дээрээ байвч
Өнчирч туйлдаж эрх чөлөө, тусгаар тогтнолоо ганхуулж гансарч
Манж үндэстэнд дагаарлан эрхшээгдэж, буулганд нь сөхөрч
Манайх гэгдэх өнгөтэй өөдтэй бүхнээ тэдний гарт атгуулж
Монголынх гэгдэх үндэсний бахархал нь бүдгэрэн сүүмийж
Мөхөх сэхэхийн хүнд хэцүү шалгуур сорилттой тулж ч байсан Монголчууд.
Улс үндэстэн, эх орноо харийн түрэмгийллээс ангижруулах
Унтаршгүй дөлийн гэгээ нь хэзээ ч бөхөж сарниагүй юм
Амарсанаа, Чингүнжав, ард Аюушийн тэмцэл хөдөлгөөн бүр нь
Амар амгалан, эрх чөлөөний төлөө түмний уриа дуудлага болж
Амбан захирагч, гамин, цагаантнаас эх орноо цэвэршүүлэх
Арван нэгэн оны тусгаар тогтнол сэргэлтийн угтал байсан Монголчуудын.
Цадиг түүхэн үйл явдал бүхэн эхлэл, өрнөл, төгсгөлтэй
Цагийн тохироо бүрдэж их хэнгэрэг нэгэнт дэлдэгдмэгц
Улс үндэстнээ аврах ариун үйлс өвөрлөсөн монгол түмэн
Уйтай гашуун түүхийн гинжийг тасар татахаар зориглон
Цугаар нэгдэн эрх чөлөөнийхөө төлөө босон тэмцсэнээр
Цус асгарч, амь зольсон их үнээр тусгаар тогтнолоо сэргээсэн Монголчууд.
Арван нэг, хорин нэгэн онуудын тэмцэл хөдөлгөөн, ялалтын
Анхны зорилго нь ардчилсан нийгэмт тусгаар тогтнол байсан ч
Улаан коминтерний шуурга, үл гүйцэлдэх коммунизмд төөрөлдөж
Урагшлах замаа нэгэн жарнаар ухрааж уймарч будилж байсан ч
Замбуу тивийн улс түмний хамтын нийгэмлэгийн гишүүнээр
Зуун нэгдэхээр жагсаж тусгаар тогтнолоо баталгаажуулсан Монголчууд.
Төр засагт шургалсан завсрын заримдгуудын бүтэлгүй үйлдэлтнүүд
Түмэн олны сор нь гэгдсэн үндэсний сэхээтэн, гэмгүй олонд
Ангийн дайсан, тэрслэгч, хөрөнгөтөн хэмээх зохиомол шошго зүүж
Арын хар хүчний зааварчилга, далайлгалт, дэглэлтэд дулдуйдан
Аймшигт хэлмэгдүүлэлт- ойворгон цөөнхийн бусармаг үйлдлийг
Авралын өртөг, тусгаар тогтнолын төлөөс хэмээж цагаатгахгүй Монголчууд.
Социализм, коммунизмын хий үзэгдэлд автан мансуурч
Соёлт ертөнцийн жамыг огоорч завсрын тогтолцоонд саатсан ч
Ангийн дайсан гэгдэх үзлийн аймшигт хэлмэгдүүлэлтэд нэрвэгдэж
Арилшгүй хар толбоор хэзээ ч арилшгүйгээр түүхээ тамгалуулсан ч
Бусдын санаархалыг ултай тунгаалгүй даган дуурайж гэнэдлээ ч
Буруу замыг хөөж буцах зам мухардмал болсоныг ухаарсан юм Монголчууд.
Дарангуйлан захиргаадах нийгмийн тогтолцоонд далан жилийг үдсэн ч
Дахин тэвчимгүйг уриалсан хонхон дуудлагаар сэрсэн монголчууд
Ардчилсан нийгэмд шилжиж, эрх чөлөөг дээдлэх алхамуудыг
Ард нийтийн шинэ бүтээл- “Үндсэн хууль-92”-оор тунхагласан юм
Тив тивийн улс гүрнүүдтэй тэгш журам энх тайвнаар харилцаж
Тэнүүн уудам эх орноо хөгжүүлэх шинэ замыг эхлүүлсэн юм Монголчууд.
Араатны хаанд өгөөш хаяваас гөлөвхийн залгиад
Араа хүчиндээ бардаж “алив чамайг нэмж идье” гэх шиг
Архирч ноцохыг санаархан даврах нь гэм биш зан
Арслан барсад гэмгүй атлаа бодь гөрөөс бариулах лугаа
Аль хүч түрэмгийнхний өмнө хүч буурай аливаа нэгэн
Айдаст автаж өгөх хуультай мэт буулт хийдэг нь өрөвдөм.
Арга башир нэгэнд ашиг тусыг хүртээвч шунаг нь дэвэрч
Арвигүй хэмээн чамлаж довтлох араатнаас юуны өөр
“Өсөхийн өлөн”-ийг өрөвдөж тэтгэвч санаа нь далд аваас
Өршөөлгүй барихыг санаархагч араатантай агаар нэгэн буюу
Их гүрний зиндаанд хүрч тогтнох үйлс бүтээж өгсөн түүхийг умартаж
Эх газраас минь эмтэлж эзэгнэгчийг элгэмсэг хөршүүд хэмээх үү!
Монгол нутгийн өмнөд ба умардаас хүссэн хэмжээгээр нь
“Моньдийн” шунаг хөршүүддээ хүчинд автаж булаалгасан10 ч
Тулгар төрийнх нь сүлд далбаа бөхийлгүй ямагт цэгц байсаар
Тулгат галынх нь дөл унтралгүй үргэлж асаастай дүрэлзсээр
Тунхаглаж онголсон тусгаар тогтнолоо бадраан дархалсаар
Туурга тусгаар эх орондоо амар амгаланд умбаастай Монголчууд.
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай амьд үлддэг
Морь цулбуураас алдравч ижил сүрэгтээ тогтдог
Морин туурай хүрэх газарт хүрч довтолж нэгтгэж
Мохошгүй эрчээр нэгэн цагт эрхшээж явсан үндэстэн
Мөнх тэнгэр, хөрст дэлхийн савслага дахь орон зайд
Монгол улсаа мандан бадрааж мөнхөд оршсоор Монголчууд.
________________
Зарим судлаачийн тооцоолсноор Монголын уугуул газар нутгийн нийт хэмжээ цагтаа 4,4 сая кв. км орчим байсан боловч улирах түүхийн явцад энэхүү эзэмшлийнхээ газар нутгаас Хятадуудын салгажавсан газрын хэмжээ 2,2 сая кв. км, оросуудынх 0.6 сая кв. км гэж тооцоолжээ. Монгол улс өдгөө уугуул газар нутгийнхаа зөвхөн 35.7 хувь дээр нь л оршин байна гэсэн үг. Уугуул газар нутгийнх нь 50.4 хувь нь орон гэр,хүн. мал, ашигт малтмал, бусад баяагтайгаа цугтаа Хятадынх, мөн 13.9 хувь нь мөн л эдгээр баялагтайгаа Оросынх болсон юм” хэмээн судлаач проф. Д. Чулуунжав “Их хаан, их гүрний мөрөөрх хожуу цагийy "ихэрхэх хийрхэл"-ийн асуудалд” (sonin.mn. 2022.3.9) нийтлэлдээ дурджээ. Хуульч, түүхч Доржийн Сүхбаатар (“Алдагдсан монгол туургатан” (sonin.mn блог, 2022.10.31) нийтлэлдээ: “Монгол 1680 оноос эхлэн хаант Орос улсад Алтайн хязгаар болон Байгаль орчмын газар нутгаа буриад монгол, тагна тува монголчуудтай нь хамт алдсаар хамгийн сүүлд зөвлөлт засгийн үед 1944 онд Саяаны нурууны Урианхайн хязгаарыг, 1958 онд Монголын Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хойд нутаг 2500 квадрат км газар нутгийг тооцвол нийтдээ 1.5 сая квадрат газар нутгийг... хойд хөрш хаант Орос, Зөвлөлт Холбоот Улсад булаалгажээ.1949 онд 9.5 сая квадрат км газар нутагтай, нэг тэрбум хүн амтай БНХАУ-д Өмнөд монголын баруун зүгийн Тарвагатайн нуруу, Ийл мөрөн, Хөх нуур, Дээд монголоос зүүн зүгийн Хөлөнбуйр, Барга, Хинган, харчин хорчин хүртэлх унаган монгол нутгаа алдаж, эдүгээ зургаан сая монгол хүн, зуу зуун сая мал сүрэг, нийт 1.5 сая квадрат км нутгаа өмнөд хөрш Хятадад булаалгажээ. Монгол улс өөртөө арайхийж 1.5 сая квадрат км газар нутагтай үлдэж, далайгаас 1200 км алслагджээ. Ийнхүү унаган монгол газар нутгаасаа хүн ард, баялагтай нь харийн гүрэнд булаалгасан нь хамгийн эмгэнэлт, ичгүүртэй явдал юм” хэмээн халаглаж өгүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (1)