УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Хуулийн төсөлд цус сэлбэлт, судлалын харилцаанд оролцогч байгууллагуудын эрх үүрэг, санхүүжилтийн тогтолцоо, цусны донор, сэлбүүлэгч, эрүүл мэндийн байгууллага, ажилтанд тавих шаардлага, цус цуглуулах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, устгах зэрэг бүхий л үйл ажиллагааны зохицуулалт, мэдээллийн сан, донорыг алдаршуулах зэрэг харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд чанартай, аюул эрсдэлгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, удирдлага, тогтолцоо болон үйл ажиллагаа шинэ шатанд гарах, сургалт сурталчилгаа, донорыг алдаршуулах, урамшуулах ажил сайжирч, орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц гарах, онцгой байдлын үед тасалдал, дутагдал үүсэхгүй болох нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Д.Ганбат, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Н.Энхболд нар асуулт асууж, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг, Б.Бейсен нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Донорын тухай хуулиас ийнхүү цусны донорын зохицуулалтыг салган бие даасан хууль батлах шаардлага, эхний ээлжид шаардлагатай гэх 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийн талаар М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Цусны донор болох эд, эс, эрхтэний донор болох нь маш их ялгаатай гэдгийг төсөл санаачлагч Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлаад “Цусны донор болно уу гэж нийтэд уриалж болох ч эд, эс, эрхтэний донор болохыг уриалах боломжгүй. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын баримт бичигтэй ч мөн нийцнэ” гэв.
Цус сэлбэх үйл ажиллагаа орчин үед маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт чухал нэгж байгаа учраас технологиудыг хөгжүүлэхийн тулд өөрсдийнх нь олсон орлогоор тоног төхөөрөмжийг шинэчлэх, мэргэжилтнүүдийг давтан сургах шаардлагатай байгаа аж. Цусны хэрэгцээ 160 хувиар өссөн байхад боловсон хүчний нөөц ердөө 20 хувиар нэмэгдсэн байгаа учраас хүний нөөцийг бодлогоор дэмжих, санхүүжилтийн зохицуулалтыг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн байна. Ийнхүү гишүүд асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгээс хариулт авсны дараа гишүүд үг хэлсэн бөгөөд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны саналаар санал хураахад нэгдсэн хуралдаанд оролцсон 47 гишүүний 61.7 хувь нь дэмжлээ.