Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Улаанбаатарт махны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар өмнөх хоёр удаагийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үнэ өсөх нөхцөл байдалтай холбогдуулан нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг өгсөн байсан.
2023 оны байдлаар 130 мянган тонн орчим мах экспортод гарсан дүн мэдээтэй байна. 2024 онд мөн мах экпортод хориг, хязгаарлалтгүйгээр гарч байна. Үүний зэрэгцээ дотоодын зах зээл дээр махны үнэ өсөх эрсдэл үүсдэг. Ялангуяа Улаанбаатар хотод үхэр, хонины мах үнэд орж байна гэсэн асуудал яригдсаар ирсэн. Мөн зудын нөхцөл байдал, малчид гар дээр маш их хэмжээний мах бэлтгэсэн, түүнийг ХАА-н биржээр дамжуулан худалдан авах, татан төвлөрүүлж борлуулах чиглэлээр хоёр сар орчмын хугацаанд бид судалгаа хийж, мах бэлтгэлийн компаниудтай уулзалт хийсэн. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспорт болон нөөцөд авдаг.
Малчдын гар дээр байгаа 50 гаруй мянган тонн мах байгаа боловч худалдан авах ажлыг зохион байгуулахгүй, үнэ хямд байна гэсэн асуудал гарч байна. Гэвч үйлдвэрийн аргаар бэлтгээгүй учраас худалдаж авдаггүй. Үүнийг махны ченжүүд л авдаг. Тэд үхрийн махыг 7000, хонины махыг 5000, ямааны махыг 3500 төгрөгөөр дунджилж авах байдал ажиглагдаж байна. Гэтэл энэ нь Улаанбаатарт ирэхээрээ хэд дахин нэмэгдэж байна. Иймд Засгийн газраас гар аргаар бэлтгэсэн махыг эрүүл ахуйн шаардлага хангасан гэх тодорхойлолтыг үндэслэн ХАА-н биржээр дамжуулан худалдан авч Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээг хангах чиглэлийг нэгдүгээр сард өгч байсан. Үүний дагуу мах бэлтгэлийн компаниудтай уулзалт зохион байгуулж хамтран ажиллаж байна.
Улаанбаатар хотын нөөцөд 6 мянга орчим тонн мах байна. Мах бэлтгэлийн компаниудад өнөөдрийн байдлаар зах зээлд нийлүүлэх боломжтой 2 мянга орчим тонн үхэр, хонины мах байна. Нийлүүлэлтийг 3,4 дүгээр сар, тэр дундаа 5,6 сард нэмэгдүүлэх чиглэлээр ЗГ үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)