“Орфей” театрын ээлжит шинэ уран бүтээл болох Жорж Оруэллийн романаас сэдэвлэн бүтээсэн “1984” жүжиг энэ сарын 21-ний өдрөөс орой бүр 19:00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын их танхимын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ.
Английн алдарт зохиолчийн уг романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх орнуудын өнөөгийн нийгэмд тод томруун ажиглагддаг. Уг зохиолд тоталитар засаглалын аймшигт урхагийг зөгнөн бичсэн агаад хар дарсан зүүд мэт айдас, хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлнэ. Бүтээлд дүрсэлснээр суртал ухуулгын хүчээр тухайн улс иргэдийнхээ амьдрал болон оюун ухамсарт бүрэн хяналт тогтоохоос гадна өөрсдийнхөө бодлогын үүднээс үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох аргыг хэрэгжүүлнэ. Мөн дэлхий даяар техник технологийн хөгжил давамгайлахын хэрээр бусдыг хянаж цагдах, ард иргэд хувийн мэдээллээ нийгэмд шуудхан ил болгож, өөрсдийгөө мөн цахим эриний хүлээсэнд баглах нь тун ч аюултай үйлдэл мөн болохыг тус бүтээл хүн төрөлхтөнд сануулсаар байгаа юм.
Дэлхийн томчуудын ч жийрхдэг уг зохиолыг барин авч, үзэгчдийн хүртээл болгож буй найруулагч бол Мягмарнарангийн Батболд. Тэрбээр Германы сонгодог зохиолч Гетёгийн "Фауст", Оросын суутан Михиал Достоевскийн романаас сэдэвлэсэн "Гэм зэм", Америкийн зохиолч Жон Патрикийн "Опал", зохиолч С.Жаргалсайханы "Шөнө дундын бүжиг" зэрэг жүжгүүдийг найруулан олны хүртээл болгосон билээ.
Уг жүжигт МУГЖ Г.Равдан, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, жүжигчин М.Мөнхбат, Б.Оюунбаатар, П.Оюунчимэг нар тоглоно.
БҮТЭЭЖ БАЙСАН ДҮРҮҮДЭЭС МИНЬ ЭНЭ БОЛ ХАМГИЙН ЭСРЭГ НЬ
Тус жүжигт О.Брайены дүрийг бүтээж буй МУГЖ Ц.Төмөрхуяг "Би постдрам жанрын жүжигт тэгж их тоглож явсангүй. Энэ зохиол маш хэцүү санагдлаа. Дандаа оюун ухаанаар харьцах, бодол санааг нь үгүй хийх, эрх чөлөөг нухчин дарах гээд байгаа нь хүртэл. Хүний эрх чөлөө гэдэг бол чухал. Бид 1921 онд эрх чөлөө, тусгаар тогтнолоо яаж олж авлаа даа. Яг тийм уур амьсгал энэ жүжигт байгаа юм шиг санагдсан. Тодорхой хэлж чадахгүй байна л даа. Зохиолыг уншиж байхад нэг хүний дарангуйллын тухай өгүүлээд байгаа ч юм шиг.
Эрх чөлөөтэй нийгэмд эрх чөлөөгөө эдэлж байгаа үйл явцыг л бид ардчилал гэдэг. Ардчилсан хувьсгал манайд 30 гаруй жилийн түүхтэй шүү дээ. Гэвч үнэн ардчилал мөн эсэхийг бас тунгаах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ нэг л зүйлээс хараат, нэг намын тогтолцоо руу орох гээд байгаа юм шиг. Энэ зохиол тийм л зүйлийг харуулах байх. Хэрэв тийм бол надад маш эмгэнэлтэй санагдаж байна. Ардчилал ялсан тэр үед би их залуу байж. Яагаад тэр үед дэмжсэн гэхээр тусгай хангамж гэдэг зүйл үгүй болж, сайд дарга нар тусгай машин унадаггүй болох гэхчилэн эгэл жирийн зүйлийг л төсөөлж байлаа.
Гэтэл өнөөдөр ямар байгаа билээ дээ. Өнөөгийн бидний нийгмийн маш олон зүйлс энэ зохиолд шингэсэн байгаа. Надад маш эмгэнэлтэй байна. Бид жүжгийн бэлтгэл, дүр бүтээхээс эхлээд маш хэцүүтэй нүүр тулж байгаа. Та бүхэнд жаахан ч болов зүйлийг ойлгуулахын төлөө энэ бүхнийг даван туулж байна. Ер нь жүжигчин хүн дандаа суралцаж байдаг. Би одоо сураад л явж байна. Үнэндээ энэ зохиол миний зүрхийг урж, тархийг минь ажиллагаанд оруулж байна аа. Мэдэхгүй юм. Гэхдээ энэ зохиолд жүжиглэнэ гэж лав байхгүй л байх. Бага залуудаа янз бүрийн жүжигт тоглохдоо жүжиглээд л байдаг байжээ. Гэтэл одоо мэдэхгүй юм даа.
Оюун санаа гэдэг зүйл хүмүүсийн хоорондын хамгийн нарийн харилцаа юм байна. Тархиар л хүмүүс харилцдаг юм байна. Гэтэл тархийг нь удирдаад ирэхээр яаж харилцах вэ дээ. Миний бүтээж байгаа О'Брайны дүр үүнийг л хэлэх гээд байгаа юм. Магадгүй би эсрэг дүрийг олонтоо бүтээсэн байх. Гэтэл тэр олон эсрэг дүрүүдээс энэ удаагийнх илүү юм. Зохиол нь өөрөө ийм сайн байгаад байна. Одоо тэгээд сонгодог гэж хэлэхээс өөр ямар ч арга алга.
Зориг гаргаж, эх зохиолыг жүжгийн зохиол болгосон Я.Баяраад талархаж байна. Жүжгийн зохиол болсны дараа тайзанд тавих гэж зориглож байгаа М.Батболд найруулагчдаа баярлаж байна. Жүжигчид маань ч үүнийг хийе гэсэн том зорилготой ханцуй шамлан орсон доо.
Би үзэгчдэдээ нэг л зүйлийг захимаар санагддаг юм. Юу вэ гэхээр, хэрэв та энэ романыг уншичихаад ирвэл жүжгийг илүү их ойлгох байх шүү. Гэвч уншчихсан хүмүүс ирж үзнэ гэхээр би улам бүр айгаад байх юм. Уулзсан уран бүтээлч болгон үүнийг үзнэ гэсэн бодолтой явна лээ. Нэг талаараа энэ нь намайг маш ихээр айлгаж байна. Магадгүй би өөрөө дутуу байгаа учир айж байж болох юм. Эхлээд зохиолоос нь айсан. Зүрх ураад байсан учир тэмцмээр санагдсан. Тэгээд уран бүтээлчийнхээ хувьд дүр бүтээх саналыг хүлээж авахаас өөр арга байгаагүй. Энэ жүжгээс, зохиолоос та нар минь ямар нэгэн үзэл санааг өөртөө суулгаж, өөрчлөгдөх учиртай. Ямар нэгэн тэмцэлд өөрсдийгөө босгох ч юм билүү. Хэлж сайн мэдэхгүй юм. Хүн болгоны үзэл санаа өөр. Яг л шанага шиг. Тэрхүү шанаганыхаа хэмжээгээр л хутгаад аваасай гэж би бодож байна" гэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)