Тэрбээр "Асуудал хүндэрч байна. Үүний ард асар их сөрөг үр дагаврууд бий. Бид зуд болоход үхэж үрэгдсэн малынхаа тоог л ярьдаг. Хүргэсэн өвс тэжээлээ л ярьж байна. Гэтэл тэр айлын амьдрал ахуй нь хот руу нүүж ирэхээс аргагүй байдалд орж ирж байна. Тэндээ байя гэхээр эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн үйлчилгээ нь байхгүй. Малгүй болсон малчин айл уулын мухарт юу хийх юм бэ. Хот суурин газар бараадахаас өөр арга байхгүй. Иймээс бид малчдын зээлийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа юм. Мах, цагаан идээг ийм их хүч хөдөлмөр, золиосын ард бэлтгэн нийлүүлдэг болохыг бид ойлгох ёстой гэж бодож байна.
Тийм ч учраас зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Одоогийн байдлаар эргэн төлөх хуваарийг нь хойшлуулсан. Харин зургаадугаар сарын 1-ний өдрөөс хойш яах вэ гэх асуудал гарч ирнэ. Бид 15-нд эхлэх УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлнэ. Ингэж байж эцсийн шийдвэр гарна" гэв.
Үргэлжлүүлэн "Малжуулах хөтөлбөрийг чанаржуулах асуудлыг ярьж байна. Малын чанар, үр шим дээр нь анхаараг цаг болсон. Хоршоодын маягаар хөгжүүлэх асуудлыг ЗГ-аар хэлэлцэж байгаа. Зудын хүндрэлийг хавар болохоор мартаж болохгүй. Гэхдээ малчдын асуудлыг зөвхөн малчдынх гээд орхиж болохгүй. Малчид бол үндэсний амьд өв сан болж буй хүмүүс. Өв соёл, газар нутгаа хүнтэй байлгаж байна. Мал аж ахуйн том салбараа нуруун дээрээ авч явж байна. Бидний төсөөлж байгаагаас ч тэс өөр. Хүйтэн өвөл, хаврын шуурга, намрын сэрүүн, зуны халуун, бороо шороо гээд бүх зүйлд л улс орныхоо хүнсний хангамжийн гол ачааг үүрч яваа учраас энэ асуудал дээр бид малчдадаа дорвитой туслах ёстой. Үр дүн нь зун гарах ёстой.
Импортын гурилын татварыг тэглэх асуудал бий. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Үүнийг ЗГ үгүйсгэхгүй байгаа. Гэхдээ гурил тэжээлийн үнэ нэмэгдээд, ард түмэн авч чадахгүй байхад зүгээр хараад суух эрх бас байхгүй" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)